ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Парламентын “жилийн тэмдэг”

O.Admin
2018-04-30

Манай сонин УИХ-ын гишүүдийг “Байх, байхгүйн шалтгаан” булангаараа онцолж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүүг онцолж байна.

Амлалт

УИХ-ын 2016 оны сонгуулиар Б.Наранхүү гишүүн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг барьж орсон. Мэдээж тэр хөтөлбөрт олон сайхан амлалт бий. Энд түүнийг нэг бүрчлэн дурьдаад байх шаардлагагүй. Учир нь тэр амлалтууд биелэхгүй гэхэд болно. АН эрх баригч биш. Тэгэхээр Б.Наранхүүгийн амлалт биелэхгүй. Зөвхөн намын мөрийн хөтөлбөрөөс гадна, хувьдаа чамгүй амлалт өгсөн мэдээлэл бий. Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр, сонгуулийн жил эхлэхийн өмнөхөн Дундговийн 3000 орчим хүнийг цуглуулж, шинэ жил зохион байгуулсан юм билээ. Тэр үедээ 10 хүнд нэг өрөө байр, 2000 оюутанд сургалтын төлбөр өгөхөөр амласан талаар цагаан дээр хараар биччихсэн байна. Амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар нарийн мэдээлэл алга. Ямар ч байсан 2016 онд лав өгөөгүй гэдгээ нэвтрүүлгээр орохдоо ярьж байна билээ. Ер нь бэлтэй хүн гэсэндээ нутгийнхандаа машин, мотоцикл тараах гэх мэтээр бийлэгжүү загнаж байсан удаа цөөнгүй. Гэхдээ улс төрийн амлалттай холих нь тийм ч зохимжтой биш байх. Өргөн утгаар нь харвал түүний амлалт биелээгүй юм байна.

Амжилт

Улстөрчийнхөө хувиар өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргаж, ард иргэдэд хэрэгтэй шийдвэр гарахад нөлөөлөв гэдгийг нь л дэнслэх учиртай. Яг энэ утгаар нь хараад үзвэл тэр ямар ч амжилт гаргаагүй. Дундговь аймгаас хоёр ч удаа сонгогдож чадсан нь л амжилт байх. Бусдаар улс төрд тэр ганц гялтайх амжилт гаргаагүй. Ганц олигтой хууль санаачилж, ажлын хэсэгт нь ч ажилласан гэж сонссонгүй.

Алдаа

“Хүрээний бузрыг уудал­бал далай” гэ­дэг шиг Б.На­ран­­хүү ги­шүүний нэр хол­богд­сон саар мууг бич­вэл нэ­лээд цаг, цаас шаар­дагдана. Анх УИХ болсныхоо да­раа бага насны охид­той холбоотой асуудалд ороо­­цолдож, нэгэн сэт­гүүлчтэй хоёр жил “дайн” зар­лаж байлаа. Мэдээж ги­шүү­ний ялалтаар дууссан. Тэрбээр хоёр парламент дараалж УИХ-д сууж байгаа. Энэ ху­гацаанд хавар, намрын чуулганы таслалтаар тэргүүллээ. 2017 оны хаврын чуулган нийтдээ 21 удаа хуралдсан. Тэгвэл хаврын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү тодорсон юм. Чуулган нийтдээ 21 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэг удаа чөлөө авч, нэг удаа гадаадад томилолттой, 19 удаа чуулганы хуралдааныг тасалсан байжээ. Тэгвэл 2018 оны хоёрдугаар сард намрын чуулган завсарлахад дахиад л Б.Наранхүү таслалтаараа тасархай тэргүүлсэн. Чуулган нийт 39 удаа хуралдахад, 34-д нь суугаагүй. Түүнийхээ 25-д тасалсан. Уг нь энэ хүн Дундговь аймгийн иргэдийг төлөөлж, УИХ-аас гарч буй шийдвэрт өөрийн санаа бодлоо тусгаж, ард түмэнд хэрэгтэй хууль санаачилж ажиллах ёстой. Гэтэл өдрийн мэт хааяа л Төрийн ордонд үзэгдэж, өрөө нь цоожтой шахам дөрвөн жилийг үдэж байна. Ямар сайндаа л хуульч Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэх татах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргах билээ. Тэд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй, үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас эгүүлэн татах учиртай хэмээн Цэцэд хандсан юм. Харамсалтай нь Цэц тэдний хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ хаврын чуулган эхэлснээс хойш ганц хоёр удаа чуулганы хуралд сууж харагдлаа. Дэгийн тухай хууль өөрчлөгдөх гэж байгаа болохоор тэр үү. Эсвэл гэнэт үндсэн ажлаа санасан уу, бүү мэд. Б.Наранхүү гэдэг гишүүн АН-ыг ч муухай харагдуулж байгаа. Эсрэг намынхаа даргатай түрийвч нэгтэй гэдэг хэл аманд ч орооцолдсон. Гэх мэтээр түүний алдаа, дутагдлыг бичвэл барагдах юм биш. Б.Наранхүү бол өөрөө тэр чигээрээ л алдаа. Дундговийнхон түүнийг дахин сонгосон нь ч алдаа байсан юм.

Тэнэглэл

Тэр бас тэнэглэж ч чаддаг нэгэн. Олон нийтийн өмнө, телевизээр “УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэж ярьсан. Цаашлаад ойлгохгүй юм чинь чуулганд суугаад, хайран цагаа үрж яадаг юм гэх маягтай юм ярьж, тэнэглэсэн. Энэ бол тэнэглэл гэхээсээ илүү Дундговь аймгийн, цаашлаад Монголын бүх сонгогчдыг доромжилж байгаагаас ямар ч ялгаагүй. Мөн Б.Хурцыг Элчин сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх үед мөн л ордонд орж ирчихээд “Миний найз учраас дэмжих ёстой гэж үзээд ирлээ” хэмээж байлаа. Төрийн ордонд сэтгүүлч түүнтэй тааралдаа, ярилцлага авахыг хүсэхэд “Хавар болохоор миний залхуу хүрээд байдаг юм” гэж хөөрхөн “тэнэглэсэн” байсан. Ийм л хүн УИХ-ын гишүүн хийж сууна.

Ирээдүй

2016 оны сонгуульд АН өвдөг шороодсон. Ердөө бүлэг байгуулах хэмжээний хэдхэн хүн сонгогдсоны нэг нь Б.Наранхүү. Чуулганд бараг суудаггүй, ажлаа хийдэггүй, сонгогчдыг төлөөлдөггүй хүнийг Дундговийнхон яагаад дахин сонгосон нь сонирхолтой. Магадгүй орон нутагтаа ганц нэг машин өгч, цол авсан бөхийг шагнаж, мөнгө цацдаг нь иргэдэд таалагдсан ч байж болох юм. Гэхдээ урт хугацаандаа орон нутагт бодлогын шийдэл хэрэгтэй. Тийм учраас дараагийн сонгуульд түүнд тэнэг л биш бол дундговьчууд итгэхгүй биз. Эхлээд Дундговьдоо өрсөлдөх эрхээ намаасаа авах шаардлага түүнд бий. Авч чаддаг юм гэхэд ард иргэдэд таалагдах шаардлага байна. Хоёр удаа том алдсан, төлөөлөл болсон гишүүнээ тэд найман жил Төрийн ордонд, чуулганы үеэр бараг л хараагүй. Тиймдээ ч дундговьчууд дахиж алдаагаа давтахгүй болов уу. Ард түмэн соён гэгээрч, мэдлэг мэдээлэлтэй болж байна шүү дээ.