ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын “өвөө” нар сэлэм эргүүлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-27

Ингэж хэлчихээр хэн өвөө юм гэж уурлах хүн олон л гарах байх даа. Шууд утгаараа бол тэд үр, ачаа үзчихсэн өвөө нар. Шууд бус утгаараа бол ардчиллын нэрээр 29 жил тэжээлгэж, албан тушаалд тухалсан “өвгөчүүд” болсон. “Алтан Дорнод Монгол”-ын Гүйцэтгэх захирал Т.Ганболдын хэлсэн шиг ардчилсан хувьсгалд уриалж байсан тэдгээр гялалзсан залуус өнөөдрийн бүтээсэн өөрсдийгөө харсан бол бараг л огцруулъя, зайлуулъя гэж тэмцэх байсан биз. 

Оготнын хамраас ч цус гаргахгүйгээр ардчиллыг эх орондоо авчирсан тэдний гавьяаг нь хэн ч мартаагүй, мартах ч үгүй. Гэвч байгуулсан ардчиллаа өөрсдийнхөө гараар нухчин дарж, устгаж байгааг яагаад хэн ч ярихгүй байна вэ.

Шулуухан хэлбэл, хувьсгалын үр тэмцлийнхээ үр дүнд хүрч болох бүх албан тушаалд очсон атлаа шунал нь дуусаагүй “өвөө” нар энэ намд олон байна. Ардын намтай яг л адилхан төрд тасралтгүй сайд хийсэн хүн ч байгаа. Тэд албан тушаалаараа ч “өвгөрчихсөн”. Гэвч залуучууддаа зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй юм. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ардчиллаа өмчлөх гэж дотооддоо зодолдсоор... МАН-ын зодоон ил харагдаж буй бол, Ардчилсан намынх харин далд. Тэгвэл сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сонирхолтой улс төр эхэлсэн гэдэг нь намаа нулимж, үзэл бодол нэгдэж явсан үеийн нөхдөө өчиггүйгээр тонгорч буй зарим хүмүүсийн үйлдлээс илхэн харагдах болов. “Ардчилсан намын зодоон энэ хавар эхэлнэ.

Тэд намын даргаа унагахаар үгсэн тохирчээ” гэсэн яриа ч хэдийнэ хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэж байх юм. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэх гэж оролдлоо. Улс төрд бидний харж байгаагүй залуус хүч түрэн орж ирэхээр оролдож, намаа шинэчлэх талаар тууштай дуугарч эхлэв. Үзэл санааныхаа тухай анх удаа дуугарч, үнэт зүйлээ тодорхойлох гэж оролдож байх юм. Улс төрийн албан тушаалтны томилгоог сонгуульт зарчмаар шийдэх гэж оролдож байна. Энэ бол улс төрийн намын хувьд том дэвшил. Даргын үг хууль байсан хуучирсан сэтгэлгээ, арга барилаас салах гэсэн залуус АН-д хэн ч биш болж дарагдаж үлддэг байсан. Харин одоо бол цаг өөр болчихож.

Залуус үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө “тулалдаж” байх цаг ирчихэж. Гэвэл тайзнаа нөгөө л “өвөө” нар. Үг нь үнэ цэнээ алдчихсан, үзэл бодол нь хуурамч явсан ах нар албан тушаалын төлөө алалцсаар л. Ардчилал тэднээс биш харин тэд өөрсдөө ардчиллаас өшөөгөө авч, илүү их рүү шунаж байх юм. Хатуу сонсогдож мэдэх ч бодит байдал ийм л байгаа. Захын жишээ нь Улсын баатар Э.Бат-Үүл. Энэ хүнд Ардчилсан нам олон эрх мэдлийг өгсөн. Одоо ч өгөхөд бэлэн байгаа. Гэтэл санаандаа баахан “мангас” бий болгочихоод “би ганцаардаж байна” гэж дөвчигнөх болов.

Дарангуйлагч төрлөө л гэнэ, Х.Баттулга надад өшөөтэй болсон гэлээ, З.Энхболд намайг гүтгэлээ гэх мэтээр үсчиж болох бүх л хүн рүү үсэрч очиж наалдав. Өөртөө дайсан бэлдээд байна уу, эсвэл хий төсөөлөл юм уу, бүү мэд. Яг үнэндээ хийсэн хэргийнхээ төлөө гэм буруутан болоод ирэхээр хэлмэгдсэн болчихдог нийтлэг төрх Үүл баатраас харагдаад болох юм биш. Арван таван толгойтой атгаалжин хар мангас намайг намнах гэж байна гэсэн үлгэр ярьж явахын оронд гэм буруугүй гэдгээ шалгуулаад, хүүтэйгээ хамт нүүр бардам гараад ирвэл хэн бүхэн л таныг дэмжинэ, Үүл баатар аа. “Гэр хороолол, хөгжлийн нам байгууллаа, шударга ёсыг уландаа гишгэсэн АН-аас хэзээ ч албан тушаалд очихгүй, нэр дэвшихгүй” хэмээн саяхан л ярьж явсан санагдах юм.

Одоо харин АН-ын гишүүн хэвээр гэж мэдэгдэж, ардчилалд хэчнээн хайртайгаа, түүнийг нь хэн нэгэн дарангуйлагч устгах вий гэдгээс үхтлээ айж яваагаа ярьж байх юм. Бодвол улс төр гэдэг нь энэ юм байлгүй, хэн мэдэх вэ. “Тураг ядрахаараа бэлээ, хүн ядрахаараа төрлөө” гэдэгчлэн эцсийн сүүдрэвч нь нулимж орхиод явсан Ардчилсан нам нь болж байх шиг. Дараагийн нэг “сэлэм эргүүлэгч” нь Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг. “Нэгдмэл Монгол” ч гэнэ үү нэг хөдөлгөөн байгуулав. Түүнийгээ нам болгох хүсэл байгаагаа ч нуухгүй байна билээ. Шинэ оны өмнөхөн “Алтан гадас”-чууд өргөн дэлгэр шинэ жил зохион байгуулж, эрт урьдын холбоо сүлбээгээ сэргээж эхэлсэн гэх яриа байна.

Ингээд бичихээр “Би АН-ын гишүүн. Надад тийм бодол байхгүй” гэж хэлнэ. Гэвч хөдөлгөөн байгуулж баахан гүйчихээд эцэстээ “Би АН-ын гишүүн” гэж хэлж байгаа Э.Бат-Үүлээс нэг их ялгарахгүй сонсогдоно. “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн улс төрийн зорилготой байгуулагдсан. “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр АН сонгуулийн тойрог өгөхгүй бол сонгуульд оролцох хос морь нь эдгээр хөдөлгөөн, жижиг нам эвсэл болж буйг нуугаад яахав. Экс гишүүн асан Г.Батхүү бас л сэлэм эргүүлж яваа.

Намынхаа гайгүй гэсэн хэдэн улстөрчдийг цуглуулж нам байгуулахаар санаархаж яваа нь худлаа биш. 2016 оны сонгуулийн өмнө нам дотроо МоАН фракци байгуулсан нь өдгөө АН-аас гал тасалж, нам болохоор зэхэж буй гэх мэдээлэл байна. Ардчилсан намын нэрээр хоёр ч удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж гэж хүн мөн л өөр улс төр, өөр тоглолт хийгээд завгүй.

Шударга бусын хонгил байгуулсан МАНАН бүлэглэлтэйгээ нэгдэж нийлчихээд, ардчиллаа нураах гэж зүтгэсэн. Намаасаа гарна, орно гэж айлгаж яваа Л.Болдыг хэн одоо залуу улстөрч гэх юм. Энэ намын буянаар албан тушаал бүрт очсон, сайдын ажлыг хэдэн ч удаа хийв. Одоо харин тэр "хүн болгосон" ардчилал руугаа эргээд нулимж, өөрийгөө мундаг гэж сэтгэчихсэн сэлэмдэж яваа. Ж.Батзандан ч ялгаагүй. Б.Гарамгайбаатар "АН лидерүүдээ тоохоо больсон" хэмээн гомдоллож, Хэнтийд манаргаж  яваа сурагтай. 

“Дарангуйлал тогтоох гэж ардчилал руу дайрч байна” гэж АН-ын олон ч улстөрчид дүгнэлт хийсэн байх юм. Чуулган эхлэх бүрт л ёс юм шиг энэ үгийг хэлдэг болов. Гэвч өнгөрсөн 29 жилийн түүхээ эргээд харвал өөрсдөө л ардчилал руугаа дайрч иржээ, та бүхэн. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газраа унагасан, дараа нь гудамжинд гарцгаасан. Арайхийж эрх мэдэлд хүрчихээд нэгийгээ “цовдолж”, байгуулсан танхимаа өөрсдөө түлхэж унагасан. Өнөөгийн төрийн тэргүүн ч энэ шүүмжлэлээс зугтаж үлдэхгүй.

Алдаа, амжилт хоёрт адилхан л баалуулах учиртай хүн бол Х.Баттулга. Гэлээ гэхдээ парламентыг түлхэж унагаад дарангуйлагч болчихно гэдэгт хэн ч итгэхгүй байгаа юм. Журмын нөхрийнхөө араас “хутга дүрэх”, хов хутгах, хутган үймүүлэх ажлыг дандаа л өвөр дотроос нь өдөлсөн фракциуд нь хоорондоо хийж ирснийг худлаа гэж үгүйсгэх хүн гарахгүй байлгүй. Тэр дундаа фракци болгоны толгойлогч явсан эдгээр ах нар хамгийн сайн мэдэж буй.

АН дотроо хамгийн хүчирхэг гэж нэрлэгдэж байсан “Шонхор” фракци дотор ч ан цав үүссэн нь тодорхой болов. Энэ нь өнөөгийн АН-ын дарга С.Эрдэнэ, З.Энхболд нарын чуулганы үеэр гарсан маргаанаас илхэн харагдлаа. Олон нийт тэгж дүгнэлээ. Намын дарга нь “манай намд лидер хэрэггүй” гэж мэдэгдэж, харин лидерүүд нь энд тэнд очиж жигүүр хөдөлгөөн байгуулан бүтээж босгосон ардчилал руугаа нулимаад байхаар Ардын намын өгөөш болж, амаараа шороо үмхэхгүй гээд ч яах билээ.

Бүргэдийн сүүдэрт оготно онхолдоно гэгчээр бүлэг ч байхгүй болох нөхцөл байдал хаяанд нь ирчихээд байхад өвөр дотроосоо “мангас” хайж, түүнийгээ дарчихвал дархан цолоо мандуулна гэсэн улс төр хийж ч явах гэж дээ, АН-ынхаан. Өдийд тулааны рингэн дээр “өвөө” нар биш залуучууд чинь гарч ирэх учиртай биз дээ. Тэд одоо хийж байгаа үзэл бодлын шинэчлэл, үнэт зүйлийн төлөө тулалдаж, ах нар харин залуучуудынхаа алдааг зааж хэлж, ардчиллын үнэт зүйл болсон мэтгэлцээнийг хор найруулахын төлөө биш намаа шинэчлэхийн төлөө ашиглаж баймаар юм. Залуустаа одоо зайгаа тавьж өг. Намд чинь шинэ үе ирж, шинэчлэгдэж эхэлчихээд байна, ах нараа.