ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд “явж”, У.Хүрэлсүхийн зовлон эхлэв

Б.ОЮУНГЭРЭЛ
2019-01-29

-Гүйцэтгэх засаглалын тэргүүн, намын даргын хувьд тэр энэ зовлонг хэрхэн давах нь сонирхолтой байна-

Удтал хөшилдсөн их улстөрийн нэгэн зовлон өчигдөр дууслаа. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын суудлаа өгч, жирийн нэгэн гишүүн болж хувирлаа. Намын дарга ч биш, УИХ-ын дарга ч биш зүгээр л УИХ-ын гишүүн. Яг О.Баасанхүү шиг, бас С.Жавхлан шиг.  Заавал хууль санаачлуулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулж байж л буух гээд байж. Хүсэлтийг нь ч ёсоор болголоо. УИХ дахь 65-ын бүдүүн бүлгийнхэн нь түүнд эргэлзэлгүйгээр баяртай гэж хэлж чадлаа. Гэхдээ нууцаар санал хураасан тул хэн нь түүнээс жинхэнээсээ урвасныг хэлж мэдэхгүй юм. МАНАН бүлэглэлийн хамгийн том толгойлогч, 60 тэрбумын “автор” гэх нэр хоч түүнд хаяглагдаж буй. Цаашдаа ч зүүлттэй явж мэднэ. Муу нэрийг хусавч арилахгүй. Одоо яая гэхэв.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л муу муухайд нэр холбогдож эхлэхдээ өргөдлөө өгчихсөн бол түүнийг ингэтэл нь үзэн ядаж, өдөр шөнөгүй “балбахгүй” ч байсан юм бил үү, хэн мэдлээ. 

М.Энхболд УИХ-ын даргын суудлаа өгчихлөө. Тэр цор ганц хар хэрээ, бусад нь энхийн цагаан тагтаа биш. Түүнийг огцруулчихвал ЖДҮХС-гийн луйварчид өөрсдийг нь тайван орхих юм  шиг санасан байх. Үгүй л дээ. Нүдэнд орсон хог болоод байсан М.Энхболд ажлаа өгчихөөр одоо харин жинхэнэ ЖДҮХС-гийн хулгайчидтай олон нийт тэр чигээрээ тэмцэнэ. Огцруулж байж л санаа амрах вий. Жил хагасын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ богинохон хугацаанд хэн УИХ-ын даргаар ажиллах нь тийм ч сонин биш. Кандидатуудын нэр аль хэдийнэ яригдаад эхэлсэн. Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаа алга. Бид л хулгайчидтайгаа, 60 тэрбумынхантайгаа үргэлжлүүлэн тэмцэх минь. М.Энхболд суудлаа өгчихлөө. Одоо түүнийг шалгах ёстой. Юунд буруутгаж, юугаар “дайлах” нь хууль, шүүхийнхний хэрэг. Үнэн мөнийг нь олж, буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ингэж чадах уу. АТГ, прокурор гээд хууль шүүхийнхэн бүгд М.Энхболдын талынхан. Дээр нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх нь бий. Яаж ч чадахгүй л болов уу. Түүнийг огцруулсан шигээ УИХ-ын гишүүд олонхиороо дэмжээд парламент дахь хулгайч луйварчдаа хуулийн өмнө аваачвал том асуудал энгийнээр шийдэгдэж болно. 

АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилсан. Үүнийг УИХ-ын гишүүд чи би гэлгүй дэмжиж чадвал парламентын дархлаа жинхэнэ утгаараа тогтоно гэж найдах л үлдлээ. 

Юутай ч М.Энхболд явлаа. Одоо харин У.Хүрэлсүхийн зовлон эхэлж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өөрийн танхимд байгаа ЖДҮХС-гийн зээлд албан тушаал, эрх мэдлээ ашиглан гар дүрсэн сайдуудаа яах вэ. Концесс, тендер, хууль бусаар авсан лицензтэй, гадныхны гар хөл болсон сайд, агентлагийн дарга нараа яах бол. ЖДҮХС-гийн зээлд өөрийнх нь нэр ч бас зүүлттэй яваа. Үүнийг яаж шийдэх бол. Хэнд хариуцлага тооцож, яаж ажиллах бол. Өнгөрсөн хугацаанд улстөр бужигнаж, олон нийт үймж, жагсаал цуглаан болж, ёстой л юм юм нийлсэн хярамцаг шиг өдрүүд өнгөрлөө. Аз болж өвөлжилт гайгүй өнгөрч байх шиг байна. Бүтээн байгуулалт, Засгийн газрын шийдэх ёстой ажлууд хүлээгдэж байна. Жил хагас гэдэг их урт хугацаа мэт боловч сонгуулийн угтал жил эхэлж байгаа болохоор улстөржилт нь илүү жин дарчих магадлалтай. Зоригтой шийдвэр, зоримог алхмууд л түүнд хэрэгтэй. Тэр, бас тэд шүдний өвчнөөсөө ч салчихлаа. Одоо яах вэ.

У.Хүрэлсүхийн бас нэг зовлон бол намын даргын хувьд хоёр хуваагдсан 65-ын бүлэг, гурав, дөрөв тасарсан Ардын намчдын эв нэгдлийг сахих явдал. М.Энхболдтой хамт хотын фракци энэ намаас явах уу. Үгүй. Эрх мэдлээ дахин олж авахын тулд У.Хүрэлсүхийн амнаас гарах үг, хөдлөх үйлдэл бүрийг нь “тагнуулдана”. Сиймхий л гарвал алдахгүйг хичээнэ. Тэртэй тэргүй тэдэнд үйлчилдэг “хөлснийхөн” анаад л сууж байгаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, намын даргын хувьд өнөөдрөөс эхлэн маш том зовлон эхэлж байна. Тэр үүнийг яаж давж гарах нь л сонин байна. Чадвал түүнд баяр хүргэнэ. Чадахгүй бол...