ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Гишүүд иргэдээс шагнал авч өгнө гэж өргөдөл авахаа боль

O.Admin
2019-01-30

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой үг хэлж, горимын санал гаргасан. Түүний дараа  Ерөнхийлөгч Х.Баттулгын жилийн ажлын тайланг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Түүний дараа гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч байна.   

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхий прокурор М.Энх-Амгалан зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. Гэвч УИХ-аар дэмжээгүй. Яагаад үүнд хориг тавьдаггүй юм бэ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байна гэсэн үг үү. Цалин, тэтгэврийн зээлийг тэглэх үү. Энэ талаар шууд байр сууриа илэрхийлээд, чадах, чадахгүйгээ хэлчихмээр байна. Манай тойргийн сонгогчид очих болгонд асуугаад байх юм. Утаатай холбоотой асуудлыг олон ярилаа. Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ямар нэг санаачилга гаргах уу гэдгийг асуумаар байна.  Шагналын асуудлаар ард түмнээс маш олон өргөдөл ирэх юм. Сугалаагаар шагналаа өгч болдоггүй юм уу.  23 настай хүүхэд “Алтан гадас” авчихаад, 23 жил ажилласан хүн авдаггүй. Үүнийг шударга шийдэх боломж байна уу.

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүн нэг хуруу зузаан тайлан уншаагүйгээр асууж байна. Би тэр тайланд дурьдсан асуудлаар л хариулна. Түүнээс биш ипотекийн зээлийн асуудлаар юу гэж бодож байгаад хариулж чадахгүй. Дөрвөн удаа УИХ-ын шийдвэрт хориг тавьсан. Бүгдийг нь хүлээж аваагүй. Тийм болохоор бүх зүйлд хориг тавиад байх боломжгүй. О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийг цалин, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амласан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй.

АН Ерөнхийлөгчийг дэвшүүлсний хувьд даалгавар өгсөн. Ерөнхийлөгч 3 их наяд төгрөгийн зээлийг төлөх боломжийг судалж үзнэ гэж хэлсэн. Үндсэн хуулийн 6-гийн 1-д Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Байгалийн баялгаасаа хувь хүртээх замаар иргэдийн зээлийг шийдвэрлэх боломж байгаа гэж Ерөнхийлөгч үзэж байгаа. Тэр байр суурьтаа ч хэвээрээ байгаа шүү. Түүнээс биш өөр эх үүсвэрээр өр дарна гэж хэлээгүй. Шагналын тухайд маш их маргаан дагуулдаг. Ер нь бол гишүүд иргэдээс шагнал авч гэж өргөдөл авдгаа больчих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлт, системийн гажуудлыг засах тухай үг хэлсэн. Би алга ташиж дэмжсэн. Сүүлийн үед энэ талаар ярихаа больжээ. Ерөнхийлөгч тэр байр суурьдаа хэвээрээ байгаа юу. Би бас УИХ ажлаа хийж чадахгүй бол тарах хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн ТГ-ын зүгээс энэ асуудлыг тавьж байсан. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байна вэ. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлыг би буруутгаж байсан. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байна. Саяхан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүнийг ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхийн өмнө Үндэсний аюулгүй байдал хуралдсан. Одоо Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүнийг томилох гэж байна. Үүнтэй холбоотойгоор ҮАБЗ хуралдах уу.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тухайн үед илэрхийлж байсан байр суурьтаа Ерөнхийлөгч хэвээрээ байгаа. Монгол Улс Ардчилсан хувьсгалыг хийсэн 30 дахь жилийнхээ ойг удахгүй тэмдэглэнэ. Энэ хугацааны 26 жилд нь Шинэ Үндсэн хуулиар явсан. Тиймээс ямар нэг байдлаар өөрчлөлт хийх шаардлага байгаа. Гэхдээ ард түмнээсээ асууна гэдэг байр суурьтай байгааг хэлье. УИХ-ыг тараах асуудлаар М.Энхболд даргатай зөвшилцөхөд зөвшөөрөөгүй учраас харзнаж байна. Шинэ даргатай энэ асуудлаар ярилцана. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол буруу. Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэртэй холбоотой дөрвөн удаа хориг тавиад, хүлээж аваагүй. Тийм болохоор дахин дахин гишүүдтэй холбоотой хориг, шийдвэр гаргаад байх боломж алга байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ерөнхийлөгчийн тайланг яагаад өчигдөрхөн бидэнд өгсөн юм бэ. Ядаж долоо хоногийн өмнө өгөөд, сайтар уншиж судалмаар байсан юм.  Ерөнхийлөгч санаачлаад агаарын бохирдолтой холбоотой нээлттэй сонсголыг өчигдөр хийсэн. Тэр сонсголоос гарсан санал санаачилгыг үр дүнтэй болгомоор байна. Төрийн албан хаагчдын цалинг нь барьцаалаад, орон сууцанд оруулъя гэдэг санал гаргасан. Төрийн албан хаагчдын яг хэдэн хувь нь гэр хороололд амьдардаг юм бол. Тийм судалгаа байгаа юу. Эсвэл агаарын бохирдлыг бууруулах нэг гарч гэж санал гаргаж байна уу. Агаарын бохирдолд зарцуулж байна гэж  700 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэдэг мэдээлэл гарсан. Ерөнхийлөгч Ерөнхий прокурорт агаарын бохирдолтой холбоотой мөнгө төгрөгийн асуудлаар хандсан. Цаашид агаарын бохирдолтой холбоотой асуудлаар яаж УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах вэ. Ерөнхийлөгч гадаадад ажиллаж, Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, хийн хоолой тавих, эдийн засгийн коридорыг байгуулахаас авахуулаад олон асуудлуудыг хөндөж тавьсан талаар тайланд дурьдаж. Энэ талаар ямар дорвитой бодлого баримталж байна вэ.

ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан: Манай байнгын хороонд нэгдүгээр сарын 4-ний өдөр ирсэн. Тэр дор нь гишүүдэд тараасан шүү.  Чуулган гацсан байсан болохоор та нар мэдээгүй юм байлгүй дээ.

ЕТГ-ны дарга З.Энхболд: Агаарын бохирдолтой холбоотой нийтийн сонсгол хийсэн. Өнөөдөр дөрвөн байнгын хорооны даргатай уулзаж, ярилцана. Маш тодорхой шийдэл гаргаж ажиллая. Утаатай үр дүнтэй тэмцэж, хэзээ хэдэн төгрөг зарцуулсан, хэдийд ямар үр дүн гарах талаар тодорхой төлөвлөгөө, зорилт гаргаж ажиллах шаардлагатай л гэж байгаа юм. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт, ШХАБ-ын хуралд оролцсон, үр дүн нь гарсан. Махны экспортоос үр дүнг нь харж болно. Хөдөө аж ахуйн экспортыг Ерөнхийлөгч үргэлж дэмжиж байгаа. Гадны төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа энэ талаар байнга ярьж байгаа. Эдийн засгийн коридорын 23 ажлаас өнөөдрийг хүртэл нэг ч ажил хийгдээгүй байна. Орос, Хятадыг холбосон өндөр хурдын зам барих. Төмөр зам барих гээд ажил огт хийгдээгүй, шийдлээ хүлээж байна. Төрийн албан хаагчдын хэд нь гэр хороололд амьдарч байгаа талаар тоо баримтыг Засгийн газар гаргаад, хэдэн төгрөгийн цалингтайг нь бас судлах боломжтой. Орон сууцжуулах бол утааг шийдэх төгс арга. Тэр хүртлээ яах вэ гэдгийг бид ярих ёстой. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ерөнхийлөгчийн тайланд хүүхдийн эрхийн асуудлыг нэлээд хөндөж. Өчигдөр Засгийн газар өвөл, хаврын морин уралдааныг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг зөрчиж, морь уралдуулж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох асуудлаар ямар шийдэл гаргаж ажиллах вэ.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч өвөл, хавар морь уралдуулахгүй байх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаа. Морь уралдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг биш. Уралдааны үеэр хүүхэд бэртэж, гэмтэж, амь насаа алдвал хэрэгт татах ёстой.