ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БСШУС-ын сайд худалдан авах ажиллагааг орон нутагт шилжүүлж байгааг мэдэгдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-11

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гахайн жилийн ажлын эхний өдөр яамны болон харьяа байгууллагын нийт албан хаагчдыг оролцуулсан анхны шуурхай хурлаа хийж, цаашид сайдын зүгээс баримтлах зарчмаа танилцуулжээ.

Сайд яамны бүх газар хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал цөөнгүй байгааг нэг бүрчлэн дурдаж, ахин ийм алдаа гаргахгүйгээр, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төлөвлөлтөө сайн хийхийг сануулсан байна.

Үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллахыг мөн үүрэг болгов.

Энэ оноос худалдан авах ажиллагааг яам хариуцахгүй, орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутагт шилжүүлсэн гээд тайван суухгүй, бодлогоо тодорхойлж, хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн хувийг өндөрсгөх, сар бүрийн эхний 5-ны дотор аймаг орон нутаг, сум, дүүргээс явцын мэдээлэл авч, наймны дотор сайдад танилцуулах, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллана гэлээ. 

Мөн яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ил, тод байдлыг хангаж ажиллах. Салбарын мэдээлэл сурталчилгааг шинэ төвшинд гаргах, хүн бүр хариуцсан ажлаа нээлттэй ил тод мэдээлэх чиглэлийг өгчээ.