ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Би УИХ-ын дарга болмоор байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-13

МАН-ын 2016 оны сонгуулийн үеэр өгч байсан томоохон амлалтуудын нэг нь мэргэжлийн Засгийн газар байгуулах байв.  Тэд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа ч байгуулсан. Тэгэхдээ бүр “Мэргэжлийн” гэдэг тодотголтой Засгийн газар шүү.  Ж.Эрдэнэбат гэдэг залуу гишүүн гэнэт л суга татагдаж, Ерөнхий сайд болсон. Морь уядаг ч бил үү, нэг нөхөр Хөдөө аж ахуйн салбарын жолоог атгасан гээд олон л үйл явдал болж байлаа.  Хувийн эмнэлэгтэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон шиг санагдана. Мэргэжлийн гэдэг тодотгол зохихгүй гэж их ч маргаан дагуулсан. Одоо бодоход үнэхээр мэргэжлийнх байжээ, байж.

Саяхан Зам,  тээврийн хөгжлийн яам дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэв.  “Мишээл”-ийн гэсэн тодотголтой Б.Энх-Амгалан гишүүн Монголын хамгийн чухалд тооцогдох том салбарын сайдаар тодорсон. Мань эр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн юм билээ. Зам, тээвэртэй хавирахгүй л мэргэжил. Тиймдээ ч сэтгүүлчид түүнээс “Таныг энэ салбарын мэргэжилгүй хүн гээд байна” гэж асууж. Гэтэл эрхэм сайд “Миний аав жолооч байсан. Би багадаа машины бүхээгт л өссөн хүн” гэж хариулсан байна билээ.  Аав нь жолооч байсан, том машины бүхээгт сууж өссөн хүнийг мэргэжлийн бус гэж хэлдэг, асуудаг сэтгүүлчийн буруу. Тэр яах аргагүй мэргэжлийн хүн юм.

Ингээд бодохоор уяач хүн хөдөө аж ахуйн салбарыг мэддэг, мэргэжлийн байх нь аргагүй. Аймгийн Засаг дарга байсан хүн Ерөнхий сайдыг өлхөн хийнэ. Хувьдаа эмнэлэгтэй хүнд бол Эрүүл мэндийн салбар ёстой үдийн будаа. Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар яах аргагүй мэргэжлийнх байжээ.  Тэгж ярьвал эргэн тойронд минь олон мэргэжлийн хүн байна. Би гэхэд 10 жил ангийн дарга хийсэн. УИХ-ын дарга болмоор байна. Одоогийн УИХ-ын даргад энэ албан тушаалд тэнцэх ямар шалгуур байгаа юм. 10 жил ангийн дарга, оюутан байхдаа оюутны зөвлөлийн дарга хийгээгүй бол шаардлага хангахгүй шүү.  Дунд сургуульд байхдаа олон олимпадад оролцсон нэг найз минь бий. Гол нь ээж нь хөдөлмбөрийн багш байсан. Багшийн гэрт өсч, боловсролын салбарын зовлон, жаргалыг биеэрээ мэдэрч өссөн. Түүнийг Боловсролын сайд болгох хэрэгтэй.  Боловсролын салбартаа л жинхэнэ мэргэжлийн хүн.

Нээрээ манай хамаатны нэг ах Солонгост 10 жил харлаж байгаад хоёр байрны мөнгө хийж ирсэн байдаг юм. Тэр ч битгий хэл хүүхэд байхдаа Эрээн, Улаан-Үд рүү ганц хоёр явсан түүхтэй. Гадаад харилцааны сайдад бол томдоно доо. Мэргэжлийн гэх тодотгол багадана. Мэргэшсэнээс ч давсан, олон жил гадаадуудтай харилцсан. Хамгийн гол нь бага байхдаа аавтайгаа хоёр гурван удаа хил давна гэдэг чинь намтарыг нь суга татаж байгаа хэрэг.  Хөдөө аж ахуйн сайд болгох мэргэшсэн хүн бас байна. Аавын маань ах насаараа мал малласан, хөдөөг, аж ахуйг, тэр битгий хэл хөнгөн үйлдвэрийг ч нарийн мэддэг хөгшин бий.  Хөдөө амьдарч, мал аж ахуй эрхэлж байгаа хүнийг хөдөө, аж ахуйг мэдэхгүй гэж хэн хэлэх юм. Ноосоо саваад, эсгий хийгээд, цагаан идээ боловсруулж, тогоо нэрж шимийн архи гаргах чинь хөнгөн үйлдвэр яах аргагүй мөн.  Тиймээс энэ салбарт бас л томдоно.

Ахын маань аав бас малчин хүн байсан юм. Болоогүй бас хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж явсан. Өөрөө хүүхэд байхдаа ч хөдөө байсан, мал маллаж, хурга, тугалны араас гүйж өссөн юм билээ.  Тэгж ярьвал хар багаасаа морь унаад, томоод уяач болсон. Хөдөө аж ахуйн салбарыг хөнгөн үйлдвэртэй нь, Монголын морин спорт уяачдын холбоотой нь хангалттай аваад явчих мэргэжлийн хүн.

Уул уурхайн сайдаар бөх хүн томилчихсон доо. Бөх, уул уурхай хоёр ёстой тэс өөр шүү. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амалж байсан намын нэр төрд муу. Надад бас нэг танил байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат хүн. Бүр дунд сургуульд байхаасаа л аавтайгаа хамт “нинжа” хийж, нүх ухаж явсан эр.  Уул уурхайг гарын таван хуруу шиг мэднэ. Хаана, хэдэн метр орчим ухаад, хэрхэн дээж авах уу. Аль нүхний гарц ямар байхыг ч нарийн мэддэг байсан юмдаг. Алтны тухай нарийн мэдлэгтэй хүнд нүүрс, зэс гээд бусад ашигт малтмалын тухай мэдэж цөхөөд байх юмгүй. Бас л гол шалгуур болсон аав нь жолооч байсан гэдэг шиг эцэг нь Уянгад ногоон түмпэнгийн ёроолыг шаргалтуулж явсан хүн.

Нээрээ бодоод байхад миний нэг танил эгч муухан эмчээс дээр. Ямар өвчин ямархуу өвс, ногоо хэрэглэхийг нарийн мэднэ. Судас тариаг муухан сувилагчаас дээр хийнэ. Ээж нь сүүлд нас жаахан хэлбийх үедээ нэг хувийн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Ээжтэйгээ хааяа тэр эмнэлгээр орж, гарч л явсан хүн. Эрүүл мэндийн сайдад яг таарна.  Өөрөө бас хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн намтартай. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар эмээгээ ажиллуулах хүсэлтэй байна.  Эмээгийн минь аав нь их хөдөлмөрч, бусдад туслахдаа гар татдаггүй, ядууст энэрэлтэй хүн байсан гэдэг. Хүүхэд байхдаа эмээ минь аавтайгаа хүрээ орж ирэхдээ ядруухан нэг хүнд боорцог өгч байснаа дурсан ярих дуртай. Өөрөө ч хүүхэд байхаасаа хар бор олон ажил хийсэн дээ. Олон сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Тэр олон хүүхдийг хөдөлмөрт сургаж, нийгмийн баталгааг хангаж өгөхийн тулд мэргэших битгий хэл болтлоо зүтгэсэн.  Тэр зэргийн салбарыг зүгээр нэг хурууныхаа үзүүрт өлгөөд алхчих чадалтай ануухан хөгшин байна. 

Одоо байгаа сангийн сайд мэргэжлийн хүн мөн үү гэдэг нь бас эргэлзээтэй. Аав нь нягтлан юм уу нярав байсан, багадаа сампинтай нөхөрлөж явж чадсан уу. Харин манай худын талд нэг тийм хүн байна. Жинхэнэ мэргэжлийн. Аав нь нягтлан бодогч байсан. Хар багаасаа тооны машины чимээ чагнаж, тайлангийн тооны учир асууж явсан. Одоо ч өөрөө наймаа панз үсэргэдэг, дэлгүүр хоршоотой. Сангийн яамыг өлхөн удирдчихаж чадна. Энэ хүмүүсийг авчихвал Зам, тээврийн хөгжлийн сайдтай сайтар хоршиж, “Ардын” биш “Мэргэжлийн” Засгийн газар болох гээд байна. Бас УИХ-ын дарга болох хүсэлтийг нь болгоогоорой.