ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц дэглэм тогтоолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-10

-Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь “бөмбөг”-өө тэслэв- 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг Ерөнхий сайдын гаргасан тушаал шийдвэрийг нааш, цааш нь шилжүүлдэг, эсвэл гэрээнд гарын үсэг зурах төдий “гал тогоо”-ны ажилтай хэмээн боддог хүн олон бий. 

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэргүүцлийн жагсаалыг толгойлж, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэж явсан Л.Оюун-Эрдэнэ энэ суудалд очсоноос хойш багагүй “бөмбөг тэслэв”. Зарим нь түүнийг хэтэрхий попорч, бизнес эрхлэгчдээ дарамталж байна хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шударга ёс тогтоох ажлаа эхлүүллээ хэмээн талархаж байх аж. Аль нь байлаа ч тэр ажлаа мэддэг гэдгээ харуулж байх юм.

Ажлаа авснаас хойш ийнхүү хоёр дахь том “бөмбөг”-өө тэсэлж байна. Энэ албан тушаалыг жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа анхны дарга ч Л.Оюун-Эрдэнэ байж мэднэ. Монгол Улс хуультай, түүнээс давсан бүлэглэл байж болдоггүй гэдгийг харуулж буй түүнд талархах хүн олон байгаа ч попорч ажил хийлээ, өөрийн болон хэсэг бүлгийн мэдэлд авах гэж улайрч байна гэсэн шүүмжлэл ч түүнийг тойрсонгүй. Ажлаа авсан даруйд 1990-1992 онуудад явагдсан өмч хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулж байсан бол өнгөрөгч долоо хоногт жинхэнэ утгаараа дуулиан дэгдээлээ.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас 2016 оны зургадугаар сард худалдан авч, Монголын өмчийг эх оронд нь авчирлаа хэмээн зарлаж байсан “Монголын зэс корпораци” нь 49 хувийг худалдан авсан санхүүжилтээ төрөөс мөнгө зээлж буюу 400 сая ам.долларын эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс авсан гэж мэдэгдсэн юм. Улмаар энэ мэдэгдлийн дараа хуулийн хайч ажиллаж, Зүүн Өмнөд Азид түгээмэл тохиолддог мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэх үндэслэлээр “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг албан байр, ажлын өрөө, орон гэрээс нь баривчлан саатуулж, мөрдөн байцаалаа.

Хэвлэл мэдээлэлд урьдчилан мэдэгдчихсэн энэхүү сүр дуулиантай баривчилгаа нэг өдөр л өрнөж, маргааш нь дээрх гурван хүнийг суллаж явуулсан юм. О.Орхон ч “Зүгээр л дуудаад байцааж болох байтал онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа аятай сүрийг үзүүлсэн. Монголд эргээд коммунист байдал тогтож байна” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоох шийдвэр гарч, тухайн өдрөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийг багтаасан цуваа дагуулсаар Орхон аймгийг зорьсон. Өглөө нь гарсан шийдвэрийг тэрбээр 18.00 цагийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, “Монголын зэс корпораци”-аас томилогдон ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрээ танилцуулж, зургаан сарын хугацаатай онц дэглэм тогтоосноо хэллээ.

Тэрбээр, “Ерөнхий захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудтай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Зарим албан тушаалтнуудыг чөлөөлөх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдлыг ЦЕГ болон АТГ шалгаж байгаа. Тиймээс тус үйлдвэртэй холбоотой зарим аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилж шалгана. Мөн есөн өрөөг битүүмжилнэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ямар нэг байдлаар бичиг цаас авч гарахыг хориглоно. Үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол үүсэхгүй. Гарын үсэг зэрэг өдөр тутмын ажил хуулийн хүрээнд явах болно” гэсэн юм. 

Чөлөөлөгдсөн албан тушаалтнууд хэн байв 

Онц дэглэм тогтоосноор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төлөөлөн ажиллаж байсан нийт найман хүнийг ажлаас нь чөлөөллөө. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Хөгжлийн бодлого эрхэлсэн газрын дарга Д.Нэмэхбаяр, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Цэрэнбадам, Санхүүгийн хэлтсийн дарга С.Сүхбат, Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Энхбаясгалан, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга О.Хонгор, Хууль эрх зүйн газрын орлогч дарга Б.Чинбат нарын найман хүний өрөөг битүүмжилжээ. Ш.Шинэбаатарын тухайд гурван жилийн өмнөөс энэхүү албан тушаалд ажилласан бөгөөд “ОХУ-ын компанид байснаас дордуулаагүй ажиллаж ирсэн” гэдгээ онцолж байлаа. Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргасан учраас дагаж мөрдөнө гэдгээ ч хэлж байсан юм. Харин Д.Цэрэнбадам “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьд холбогдох бүх бичиг баримтыг ямар нэг саад бэрхшээлгүйгээр цаг тухай бүрт нь гаргаж өгч байсан хэмээгээд, энэ тухай бүх баримтыг Л.Оюун-Эрдэнэ даргад хүргүүлсэн мөн хэвлэлийнхэнд гаргаж өгсөн ч болно гэдгээ хэлж байсан юм. 

Онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн үү 

“Засгийн газар эрх мэдлээ давуулан хэрэгжүүлж, шүүхийн хараат байх зарчимд нөлөөлөх оролдлого хийлээ” хэмээн “Монголын зэс корпораци”-ийн зүгээс мэдэгдэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандсан нь мөн л өнгөрөгч долоо хоногийн анхаарал татсан сэдэв байв. Нөгөөтээгүүр, ажлаасаа шууд чөлөөлөгдсөн эдгээр албан тушаалтнууд ч шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ. Тэдний нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Цэрэнбадам. Тэрбээр, “Би хууль зөрчиж ажлаас халагдахгүй. Хуульч гэдэг мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд хөндөгдсөн эрхээ ярьдаг байх ёстой. 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хуулиар асуудал явсан. Гэтэл Үндсэн хууль 1992 онд батлагдсан шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн хуулиар ажлаас чөлөөлөгдлөө. Энэ асуудлаар шүүхэд хандана. Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Цэцэд хандана” гэлээ. Тэгвэл ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хууль бий. Энэ хуулиар улс орны санхүү, эдийн засагт чухал ач холбогдолтой газарт зургаан сар хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон. Энэ хуулийг үндэслэж, “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байгаа юм. Онцгой дэглэм гэдэг нь тухай үйлдвэрийн газар Засгийн газрын шууд хяналтад орж байгаа юм. Түүнийгээ дагаад тодорхой эрх бүхий албан тушаалтнуудад хуульд заасны дагуу үүрэг өгөгдсөн байгаа. Хуульд зааснаар онцгой дэглэмийн хугацаанд сар тутам үйл ажиллагааны тайлангаа Засгийн газар, УИХ болон олон нийтэд танилцуулаад явах ёстой юм. Өмнө нь хоёр ч удаа энэ хуулиар үйл ажиллагаа явуулж байсан” хэмээлээ.