ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт: Т.Аюурсайхан гишүүний авчирсан гээд байгаа материалыг нэгдүгээр сард би АТГ-т өөрөө өгсөн байсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-19

УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүд Швейцарийн холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцариас Сангийн сайд асан С.Баярцогтын таван дансны дэлгэрэнгүй хуулгыг авчирсан талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт мөн өчигдөр мэдээлэл хийж, Швейцарийн холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг ирүүлсэн талаар мэдэгдлээ.  

Тэрбээр “2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр миний оффшор данстай холбоотой хэргийг АТГ нээсэн. Тухайн үед н.Туяацэцэг гэдэг эмэгтэй миний данс руу  9.2 сая ам.доллар орсон байна. Үүнийг шалгах ёстой гэсэн асуудлыг тавьсан юм билээ. Үүнийгээ Швейцарийн хэвлэлд гаргасан байдаг. Үүнтэй  холбогдуулаад 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад миний данстай холбоотой мэдээлэл болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх асуудлыг тавьсан байдаг юм.

Швейцарийн холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас мэдээлэл өгөх үүрэггүй. Гэхдээ манай талаас  албан тушаал, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан.  Дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн юм билээ.

Тодорхой хэлбэл,  Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юү гэдэг хэрэг нээсэн юм байна. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авсан. Улмаар  миний дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарийн холбоо­ны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан байдаг юм.  

Швейцарийн талаас манай өмгөөлөгчид  “Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Шâэйвцарийн холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ” гэсэн. Хэрвээ эсэргүүцвэл  Монголд материал ирэхгүй ч байсан болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан.  

Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарийн холбооны улсын прокурорын газраас материалыг ирүүлсэн юм. Ирснийх нь дараа би АТГ-т  материалаа өгсөн.   Миний АТГ-т өгсөн материал Т.Аюурсайхан гишүүний авчирсан гээд байгаа материал хоёр адилхан. Тийм болохоор энэ хэрэг удахгүй хаагдана. Би банктай холбоотой материалаа АТГ-т өгсөн.  Дараа нь Швейцарийн талаас АТГ-т материал ирүүлсэн. Одоо ч бас дахиад ирж байх шиг байна. Тэгэхээр ямар нэг хууль бус зүйл хийгээгүй нь баталгаажаад, хаагдах байх аа.