ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн банкинд санаархаж явсан Г.Алтан “Капитал”-ын дампууралд буруутай юу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-08

Арилжааны 14 банкны нэг, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байсан Капитал банкийг өчигдөр албадан татаж буулгаж буйгаа Монголбанк мэдэгдсэн билээ. Улмаар, 42 тэрбум төгрөг Хадгаламжийн даатгалын корпорацид хадгалагдсан учраас энэ мөнгөөр 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдийн хохирлыг барагдуулж, мөнгийг нь гаргаж өгнө гэж мэдэгдсэн.

Тухайлбал, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд иргэн, хуулийн этгээдийн төгрөг болон валютын 20 хүртэлх сая төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах хадгаламжийг даатгана гэж тусгажээ. Ингэснээр “Хадгаламжийн даатгалын корпораци” нь ХААН банкаар дамжуулан, тус банкинд хадгаламжтай байсан 20 сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн мөнгийг асуудалгүй олгох юм. Энэ шийдвэр эгэл иргэдийн хувьд дөнгөж өчигдөрхөн хүрсэн.

Гэтэл зарим нэгний хувьд бүр сарын өмнө мэдчихсэн байжээ. Тэр нь улстөрчдийн дунд хамгийн нөлөө бүхий, “Эрдэнэт” үйлдвэрийг гадагшаа барьцаалсан этгээдүүдтэй ойрхон явдаг Алтжин, Бөмбөгөр худалдааны төвийн эзэн Г.Алтан гэх. Бизнесмэн хатагтай сар гаруйн өмнө худалдааны төвүүдэд нь лангуу түрээсэлдэг хүмүүсийнхээ нэр дээр “Капитал” банкинд данс нээлгэж, улмаар 20 сая төгрөг байршуулж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан.

 Тэгвэл энэ бүхний учиг өнөөдөр тайлагдав. Г.Алтаны 73 тэрбум төгрөг тус банкинд байршиж байсныг ийнхүү ямар нэг асуудалгүйгээр буцааж авахын тулд түрээслэгч нартаа сая төгрөг амлаад 19 сая төгрөгөө гаргуулаад авах заль мэх сэдсэн гэх. Дөнгөж өчигдөрхөн олон нийтэд цацагдаж байгаа банк дампуурна гэсэн мэдээлэл яаж яваад тэр хүний чихэнд сарын өмнө хүрсэн нь сонирхолтой. Мөн хуулийн ийм гаргалгаа байдаг гэдгийг мэдэж байсан нь энэ эмэгтэй нэр бүхий улстөрчийн ойрын хамааралтай хүн гэх олны яриа худлаа биш гэдгийг нотлох шиг болов.

Түүний энэ үйлдэл банкны аюулгүй байдалд нөлөөлж, ийнхүү нэг банк дампуурлаа. Г.Алтан “Зоос” банкийг дампуурахад хувьцаа эзэмшиж байсан ч дуугүй өнгөрсөн. Ш.Батхүүгээс “Олон овоот”-ын орд газрыг авч, өнөөдрийг хүртэл Төрийн банктай шүүхдэлцэж, тэр ч байтугай Төрийн банк хувьчлагдсан тохиолдолд 40 тэрбумаар авна гэж яригдаж байлаа. Энэ мэтээр банк санхүүгийн байгууллагын хувь заяагаар наадаж, дээр нь таанц эргэж буй эрхэм хатагтай, төрөөс 80 тэрбум төгрөгөө гаргуулах аргыг тун ч мэргэн олж харжээ.