ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Чинбат: Прокурор хүн хуульд заасан үүргээ л чандлан биелүүлэх ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-15

Иргэд болон Иргэний нийг­мийн байгуулагуудын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Ням­баатар нар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  УЕП-ын орлогчид нэр дэвшиж буй М.Чинбат, С.Алиманцэцэг нарын томилгооны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ “Томилгооны асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг болон нийтийн сонсгол байдлаар хэлэлцүүлэх нь олон нийтийн хяналт болон иргэдийн төрд итгэх итгэлийг сайжруулдаг. Улсын Ерөнхий прокурорын асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 08-ны өдөр УИХ-д зөвшилцөхөөр өргөн барьсан. УЕП-ын орлогч гэдэг УИХ-аар зөвшилцдөг албан тушаал. УИХ-аас томилогддог албан тушаалд нийтийн сонсгол хийнэ гэдэг хуультай. Энэ бол томилгооны сонсгол. Зөвшилцдөг албан тушаалд томилгооны болон нийтийн сонсгол хийх боломжгүй. Гэхдээ нэр бүхий зарим гишүүд бид зөвшилцдөг албан тушаалд томилгооны сонсгол хийдэг байх хуулийг санаачилж байгаа. Зөвшилцдөг албан тушаалд бид нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн тавьсан санаачилгаар энэхүү хэлэлцүүлгийг хийж байна. Томилгооны хэлэлцүүлгийг 19 гишүүн дэмжсэн” гэв. Хэлэлцүүлгийн үеэр томилгоотой холбоотойгоор хэн юу хэлснийг тоймлон хүргэе. 

Ж.Батзандан: Өнгөрсөн жил бид Элчин сайдын томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийх гэж бөөн зодоон, цохион болж байсныг та бүхэн мартаагүй байх. Харин өнөөдөр УЕП-т нэр дэвшигч иргэний нийгмийн байгууллагуудынхаа асуултад хариулахаар иржээ. Прокурорын байгууллага гэдэг хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, төрийн өмнөөс яллах дүгнэлт бичдэг байгууллага. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялын хэрэгжилтэд хяналт тавих ёстой. 1990 оноос энэ гурван үүрэг дээр дөрөв дэх нь болж нэмэгдсэн үүрэг бол захиргааны болон иргэний хэрэгт прокурорын байгууллага нийтийн эрх ашгийг төлөөлж оролцох үүрэг юм. Монголын ард түмний нийтийн эрх ашиг, нийтийн өмчийг хэн хамгаалах юм бэ. Энд сууж байгаа иргэд үндэсний шударга ёсны тэмцэлд оролцсон хүмүүс. Энэ тэмцлийн үр дүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын 40 гишүүн иргэдтэйгээ хамт тэмцэж байж том хэргүүдийг мөрдөхөөс зугтдаг шүүхийн эрх мэдэлтнүүдийг өөрчилж чадлаа. Шударга ёсны салхи сэвэлзсэн учраас М.Чинбат прокурор нэр дэвшиж байна. Эрдэнэтийн 49 хувь, эрүүдэн шүүсэн асуудал, Багануурын концесс гэх мэт олон жил шалгагдахгүй дарагдсан нийт 25 хэргийг Б.Жаргалсайхан прокурорт явуулсан. Хамгийн сүүлд гарсан том хэрэг гэвэл НДС-гийн 340 тэрбум төгрөгийг нэг банкинд хийж, санаатайгаар дампуурууллаа. “Ачит эх”-ийн асуудал ч дуугүй өнгөрөөж болохгүй хэрэг юм. “Эрдэнэт” үйлдвэрийн хажууд байгаа овоолго шороог өмнөх Ерөнхийлөгч найзтайгаа хамт ашиглаад жилд өчнөөн зуун долларын ашиг олж байна. Төрийн банкнаас нэг том дарга 20 тэрбум төгрөгийг ямар ч барьцаагүйгээр нэг өдрийн дотор авчихаж болж байна. Ийм дээрэм тонуулыг зогсоохын тулд прокурорыг өөрчилж байгаа юм. М.Чинбат прокурорыг би олон жилийн өмнөөс мэднэ. Шударга хүн. Таньд олон түмэн итгэж байна. Энэ том хэргүүдийг шалгаж, прокурорууд авлига авдаг эрин үеийг дуусгана гэж найдаж байна. М.Чинбат прокуророос би хэдхэн зүйл асууя. 60 тэрбумын хэрэг гэмт хэрэг мөн үү. Та шийдэж чадах уу. Олон ААН-ийн лицензийг дээрэмдсэн гэх асуудлыг та шийдэж чадах уу? 

Х.Нямбаатар: Аливаа улсын ардчиллын хөгжлийн түвшинг иргэний нийгмийн байгууллагын оролцоогоор дүгнэдэг. Бидний тэмцэл иргэний байгууллагуудыг нэгтгэж байна. Анх тэмцэж байх үеэ бодоход олон зүйл өөрчлөгджээ. Хэн нэг хүнийг хэн нэгнээр солиод шударга ёс тогтоно гэвэл өрөөсгөл. Тиймээс тогтолцоог илүү боловсронгуй болгох ёстой. Нэр дэвшигч М.Чинбат гэж хүний тухайд би тийм сайн мэдээлэлгүй байна. Гэхдээ энэ хүн яалт ч үгүй хуулийн салбарын хүн мөн юм байна. Өмнө нь улс төрч хүнийг прокуророор томилсон нь прокурорын байгууллагын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй томилгоо байсан. М.Чинбат прокурор мэргэжлээрээ тасралтгүй 20 гаруй жил ажиллаж, мөрдөн шалгах ажиллагаанд голлон асууж байсан нь итгэл төрүүлж байна. Шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд авлигын хэргийг шалгаж байна гэх нэрийн дор он удаан жил дарахгүй байхыг тусгасан. Үйлдэл болгон тусдаа хэрэг гэдгийг эрүүгийн хуулийн зарчимд тусгасан. АТГ-т шалгагдаж байгаа авлигын хэргүүд он удаан жил хадгалагдаад байдаг. Та прокурорын байгууллагад орлогчоор очих гэж байгаа хүний хувьд энэ зүйлийг анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Прокурорын байгууллагын хуульд заасан чиг үүргийг биелүүлж ажиллахыг хүсье. 

М.Чинбат: Энэ хэлэлцүүлэг бол төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа хүний байр суурийг сонсох, иргэд олон түмний санаа бодол, захиасыг сонсох маш чухал арга хэмжээ. Би прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллалаа. Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагын нэр хүнд унаж байна. Энэ байдалд прокурорын байгууллага дүгнэлт хийж, анхааралдаа авах ёстой. Прокурорын тухай хуульд бидний хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүргийг маш тодорхой заагаад өгчихсөн. Үүнийгээ л бид хуульд заасан хугацааны дагуу авч үзэж, шийдвэрлэх ёстой. Өмнө нь прокурорын байгууллага төрийн эрх ашгийг хамгаалж хэрэгт оролцдог байсан. 2017 оноос эхлэн энэ чиг үүрэг нь нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах чиг үүрэгтэй болсон. Миний бие энэ албанд томилогдож байгаа нь нийгмийн өөрчлөлт шинэчлэл, шийдэгдэхгүй байгаа хэргүүдийг эцэслэх том үүргийг хүлээж авч байгаа юм. Прокурорын байгууллагууд төрийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай. Цаашид эрх ашиг хохирсон нөхцөлд прокурорын байгууллага өндөр ач холбогдол өгч ажиллах ёстой. Олны анхааралд байгаа олон хэрэг байна. Эдгээр хэргүүдийг хуулийн дагуу шалгана. Аливаа хэрэгт шалгах хугацаа байдаг. Хугацаанд нь багтаан чанартай, шуурхай шалгах ёстой юм.