ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж: АНУ-д айлд хоргодож явсан удаа надад үгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-15

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр гэх сэтгүүлч өчигдөр олон нийтийн сүлжээгээр олны анхаарал татсан нэгэн мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр, С.Зориг агсны амийг хөнөөсөн байж магадгүй хоёр хүнийг хэрэг гардаг орой машинаараа хүргэж өгсөн хэмээн ярьсан юм.

Тухайн үед 24 настай, эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд 1996 онд ажилд орж, гадны компанид ажилладаг байжээ. Харин 1998 онд тухайн гадны компанийн захирлын эхнэр Шведээс ирлээ уулзая хэмээн ярьсан учраас бааранд орж ярьж суужээ. Улмаар түрүүлж гараад машинаараа Төв шуудан руу эргэхэд замын нөгөө талаас хоёр хүн машиных нь урд тал руу орж ирээд суужээ. Ингэхдээ нэлээд сандарсан байсан бөгөөд эмэгтэй нь урт савхин хүрэмтэй байсан аж. тэр хоёр этгээд хорооллын эцсийн ногоон байранд хүргүүлсэн бөгөөд маргааш нь юу болсон талаар олж сонссон ч энэ талаар хэлж зүрхлээгүй байна. 

Дараа нь хэд хэдэн удаа буцах хаяггүй захидал бичиж, С.Зоригийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэнд хандаж байснаа ярив. Хамгийн ноцтой нь тэрбээр, ЕТГ-т хэвлэл мэдээллийн албаны даргаар ирснийхээ дараа энэ тухай хамт ажилладаг залуудаа ярьсан аж. удалгүй 2013 оны нэгдүгээр сард түүнийг цагдаагийн байгууллагаас дуудаж байцаалт авсан бөгөөд хүргэж өгсөн байраа зааж өгөхийг хүсчээ. Цаг гаруйн хугацаанд ЦЕГ-т байцаалт өгөөд эргээд ажилдаа ирэхэд нь түүнээс байцаалт авсан цагдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзана хэмээн зогсож байжээ. Ингээд цагдаагийн албан хаагч ороод гарсны дараа Ерөнхийлөгч хаалттай хуралдаан зарлаж, сүлжээ унагагч байршуулж, Төрийн ордонд байсан бүх сэтгүүлчдийг албадан гаргаж байжээ. Улмаар олон сэжигтэй асуудлыг тэрбээр нэвтрүүлгийнхээ үеэр ярив. Харин өөрийнх нь хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан хүн ийм мэдэгдэл хийсний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийнхөө нүүр номоор дамжуулан мэдэгдэл хийв. 

Тэрбээр, “Ё.Батбаяр гэж хүний яриаг үзэв. С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хоргодож явсан удаа надад үгүй. Хуулийг дээдлэх нь миний зарчим. Ийм хардлага гүжирдлэгийг яах ёстой вэ. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэе гээд гүтгүүлээд байх уу” хэмээн бичжээ. Ё.Батбаяр нь түүнийг 2007 онд осолд орж жолооч нь нас барсны дараа АНУ-д очиж н.Батсайхан, н.Оюунчимэг гэх айлд толгой хоргодож байсан талаар ярьжээ. Тэгвэл хэргийн гол сэжигтэн нар нэгийгээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан талаар С.Зориг агсны гэргий Б.Булган ярьсан байдгийг мөн эргэн сануулъя.