ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Жаргалсайхан: Бодит ардчиллыг бий болгох улс төрийн хүчинтэй нэгдэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-15

Ардчилсан холбооны нэр бүхий таван гишүүн намаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. АН-ын ахмад гишүүн Д.Жаргалсайхан энэ талаар хэлэхдээ “Бид 1990 оны ардчилсан тогтолцоог бий болгох хөдөлгөөнд оролцож явсан ардчилсан холбооны ахмад гишүүд юм. Ардчиллын анхдагчдын тоонд орж явсан хүний хувьд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан хувьсгалд оролцож явахдаа бид улс эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгоно гэж мөрөөдөн түүний төлөө 30 жил тэмцэж, хөдөлмөрлөж ирлээ. Энэ хүсэл мөрөөдлийг АН-ыг удирдаж ирсэн хүмүүс уландаа гишгэлж байна. Ардчиллын үр шим гурван сая иргэнд бус 30 гэр бүлд очиж байна. Улс оронд авлигажсан, хамжлагат тогтолцоо бий болсон байна.

АН-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд ард түмний өмчийг хулгайлах, хувьчилж авах асуудалд манлайлан оролцсон. Уг нь бол ард түмэндээ хэрэгтэй хөгжлийг бий болгох байсан. Гажуудсан ардчиллын балгаар 300 мянган залуус амьдрахын эрхэнд харь орныг зорьж байна. Нийгэм эдийн засгийн хямралыг бий болгосон эдгээр хүмүүстэй цаашид нэг нэрийн дор хамтарч ажиллах боломжгүй болсон учраас намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдье. Бодит ардчиллыг бий болгож, үндэсний эрх ашгийг дээдэлдэг улс төрийн хүчинтэй нэгдэх саналтай байна. Албан тушаал гэдэг худалдааны хэрэгслэ болсон. Монголчуудын улс төрийн эрх чөлөөг мөнгөөр боож байна. Үндэсний зөвлөлдөх хороонд ороход улирал тутам гурван сая төгрөг нэхэж байна. Сонгуульд өрсөлдөх гэхээр 250 сая төгрөг нэхэж байгаа нэмтай цаашид эвлэрч чадахгүй. Тиймээс хөгжлийн амлалт өгдөг бус хөгжлийн төлөвлөгөө гаргадаг улс төрийн намтай хамтарч ажиллана. Албан тушаалын ардчилал бус ард түмний ардчиллыг бий болгох намтай нэгдэнэ” гэв.