ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Өнөрбаяр: Одоо авч байгаа одонгийн мөнгийг хүүхдийн тооноос хамаарч нэмэгдүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-16

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр эхчүүдэд олгодог одонгын мөнгө болох 30 тэрбум төгрөг улсын төсөвт хүндрэл учруулж байна гэх утгатай үг хэлсэн хэмээн хэвлэл мэдээллээр ярьсан юм. Тэгвэл уг асуудалд Г.Өнөрбаяр дарга өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр “2006 онд одонтой ээжүүдэд 4.9 тэрбум төгрөг олгож байсан. Гэтэл 2018 оны гүйцэтгэлээр 30 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Би өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар 2006 оныг 2018 онтой харьцуулахад төсөвт ийм хэмжээний мөнгө нэмэгдсэн гэдгийг хэлсэн юм. Салбарын асуудал хариуцаж байгаа яамны хувьд байгаа тоо баримтуудыг хэлэх үүргийнхээ дагуу л хэлсэн. Манай яамны зүгээс одонтой ээжүүдийг дэмжих хэд хэдэн бодлогын хувилбарууд ярьж байгаа. Одоогоор хүн амын өсөлт 2.1 хувтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байна. Сүүлийн 16 жилийн хугацаанд хүн амын өсөлт нийтдээ 10 хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 21.9 хувьтай байна. Төрөх насны эмэгтэйчүүд ойрын 10 жилд хамгийн өндөр байх магадлалтай байгаа учраас төрөлтийг дэмжих шаардлагатай байгаа юм. Тийм учраас одонтой ээжүүдэд олгодог мөнгийг шатлалтай нэмье. Шатлалтай гэдэг нь одоо авч байгаа 100, 200 мянган төгрөгийг шатлалтай буюу хүүхдийнх нь тоогоор үечлэн нэмнэ гэсэн үг. Одоо одонгийн мөнгө авч байгаа 218 мянган эх хэвээрээ байна. Олгож байгаа мөнгө нь огт буурахгүй. Үечлэн нэмэх асуудлыг Засгийн газарт танилцуулаагүй. Зөвхөн ажлын хэсгийн түвшинд ярьж байгаа. Тухайлбал, зургаан хүүхэдтэй ээжид 200 мянган төгрөг өгдөг бол долоон хүүхэдтэй эхэд 230, найман хүүхэдтэй бол 270 мянга гэх мэт хүүхдийнх нь тоог харгалзан одонгийн мөнгийг нэмэх асуудал юм. 1990 оноос өмнө яг энэ зарчмаар явж байсан. Бид тэр тогтолцоог хамгийн зөв гэж үзээд энэ асуудлыг ярьж байгаа юм. Гэхдээ зөвхөн одонтой ээжүүдийн мөнгийг нэмээд хүн амын өсөлтийн асуудал шийдэгдэхгүй. 2008 онд 70 мянган эх төрсөн бол 2018 онд 78 мянга болсон. Өөрөөр хэлбэл, төрж байгаа эхчүүдийн тоо дорвитой нэмэгдэхгүй байна. Тиймээс бусад улс орнуудад хэрэгжүүлдэг сайн жишгүүд болох олон хүүхэд төрүүлж байгаа эхчүүдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг болох хэрэгтэй юм. Мөн одонтой ээжүүдийг орон сууцтай болгох гэх мэт зохион байгуулалтыг хийх ёстой. Энэ асуудлыг хэрэгжүүлэхээр бид судалж байгаа. Судалгаа дуусмагц бид олон нийтэд нээлттэйгээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Иргэдийн болон байгууллагуудын саналыг авна гэсэн үг” хэмээн мэдээлэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Хүүхдийг нь насанд хүртэл одонгийн мөнгө өгнө гэсэн санал ярьсан гэсэн?

-Тийм санал яригдаагүй. Манай яаманд маш олон иргэнээс санал хүсэлт ирдэг. Түүний нэг хэсэг нь энэ асуудал. Өөрөөр хэлбэл зарим иргэд нийгмийн халамж хэт хавтгайрч байна хэмээн одонтой ээжүүдийн мөнгийг хүүхдийг нь насанд хүртэл олгоод зогсоох нь зүйтэй гэх саналуудыг ирүүлдэг. Бид энэ саналыг хүлээж авахгүй. Одонтой ээжүүдийг хасах бус харин одоо авч байгаа мөнгийг нь хүүхдийн тооноос нь хамаараад нэмье гэсэн асуудлыг ярьж байгаа юм.

-Өчигдрийн байнгын хорооны хуралдаанд та 16 нас хүрсэн бол одонгоос хасах талаар ярьсан юм бишүү?

-Олон Улсын гэрээ конвенциэр 18  болон 16 гэсэн хоёр тоо яригдаж байгаа. Манай улс энэ конвецид орсон учраас 18 нас хүрсэн бол хүүхэд биш гэж үзнэ. Тиймээс хүүхэд нь 18 нас хүрсэн үед одонгийн мөнгийг зогсоож болох юм гэж ярьсан болохоос биш зогсооно гэж яриагүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Энэ нь хүн амын өсөлтөд нөлөөлөхгүй байна гээд байгаа шүү дээ?

-Хүн амын өсөлтөд бага нөлөө үзүүлж байгаа нь үнэн. Одонтой ээжүүдэд мөнгө өгснөөр хүн ам өсчихнө гэж ойлгох нь хэт өрөөсгөл юм. Тийм учраас хүн амын өсөлтийг дэмжихийн тулд татварыг хөнгөлөх гэх мэт эдийн засгийн дэмжлэгүүд үзүүлэх ёстой.

-Дөрөв дэх хүүхэд нь нэг нас хүрсэн тохиолдолд одонгийн мөнгө олгох эрх үүснэ гэж ярьж байсан. Энэ асуудал нийгэмд нэлээд бухимдал төрүүлээд байгаа?

-Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар яг энэ асуудлыг ярьсан. Хууль нь 1957 онд батлагдсан байдаг. Энэ үед багадаа таван хүүхэдтэй, хамгийн бага нь нэг нас хүрсэн тохиолдолд одонгийн мөнгөнд хамруулах заалттай. Мөн энэ хуулиар бусдаас үрчилж авсан хүүхдийг тооцохоос гадна бусдад үрчлүүлсэн хүүхдийг тооцохгүй гэсэн үндсэн агуулгыг өнөөдөр ч мөрдөж байна. Дөврөн хүүхэд төрүүлсэн хэдий ч нэг хүүхэд нь нэг нас хүрэлгүй нас барсан тохиолдолд одонгийн мөнгөнд хамрагдахгүй. Тиймээс ээжүүд энэ заалтыг өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлдэг. Энэ асуудлыг 2011 онд УИХ-аар хэлэлцээд дэмжээгүй юм. Манай яам бол энэ асуудлыг дэмжинэ гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан. Судалгаа хийж үзэхэд яг ийм тохиолдолтой 9000 орчим эх байдаг юм билээ. Байнгын хорооны хуралдаанаар одонгийн мөнгийг хүүхдийн тоо харгалзан үечлэлтэйгээр нэмэх болон дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэнээс үүдэн одон авч чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар болсон.

-Хэзээ өргөн барих юм бэ?

-Одоо судалгааны түвшинд явж байгаа. Хуулийн төсөлд эхчүүдээс ирж байгаа саналуудыг тусгана гэж төлөвлөж байгаа. Гэхдээ эхчүүдэд одон олгох тухай асуудлыг манай яам хариуцдаггүй. Хуулийн зохицуулалтыг санаачлаад явж болно.