ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЗБХ: Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хүрээнд прокурорын байгууллагын шүүхээс нотолсон материалыг ирүүлж байхад нь прокурорт буцаадаг байсныг болиулж байсан. Мөн энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарч, хохирогч, прокурор давж заалдах шатанд гомдол гаргасан бол ялыг хөнгөрүүлж болохгүй, шүүгдэгч давж заалдахаар бол ялыг хөнгөрүүлэхээр тусгасан. Гэвч Улсын дээд шүүх, прокурор хоёр өөр өөр байр суурьтай байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг зарим гишүүд гаргасан бол зарим гишүүд хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас хойшлуулж болохгүй гэдгийг хэлсэн банйа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналаар горимын санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хойшлууллаа.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүлэв.