ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баделхан: Цэвэрлэх байгууламжийн ослын дүгнэлт удахгүй гарна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-17

Өнгөрсөн мягмар гарагт Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан хордож, улмаар лаг руу унан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус байгууллагын найман ажилтан Цэргийн төв эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм. Албан бус мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжид орчны хордолтын хэмжээг заадаг төхөөрөмж байхгүй байснаас эдгээр дөрвөн хүн хордсон гэж байгаа юм. Гэтэл УСУГ-ын дарга Ц.Төрхүү хүний амь эрсэдсэн нь харамсалтай байна гэхээс өөр тайлбар өгөөгүй. Тэгвэл ослын талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлэхдээ “Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх, газар дээр нь ямар алдаа гаргасан байна, юунаас болж осол гарсан бэ гэдэгт холбогдох мэргэжлийн байгууллагаас нь дүгнэлт гарна” гэжээ.