ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баттөмөр: Байгаль орчны яаманд мэргэжлийн бус хүмүүс байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-17

УИХ-ын пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

Б.Баттөмөр: Хамгийн их сүйрсэн салбар бол байгаль орчны салбар. Нийт газар нутгийн 70 орчим хувь нь цөлжиж, олон зуун мянган гол горхи ширгэж, 300 гаруй нэр төрлийн амьтад устсан гэх судалгаа байна. Монголын нийт модны 70 орчим хувь нь хөгширч муудаад унахад бэлэн болсон гэж үнэн үү. Төрөөс байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон санал гаргадаг ч үр дүнд хүрдэггүй. Ойн нөхөрлөл байгуулах санал санаачилга гаргаж, тогтоол гаргасан. Энэ юу болсон бэ

Ажлын хэсэг: Ойн тухай хуулийн дагуу бид ой зохион байгуулалтыг 10 жил тутамд зохион байгуулдаг. Гурван жилийн өмнө хийгдэж байсан төслийн хүрээнд Монголын газар нутгийн 8.6 хувийг ой бүрхсэн байна гэж тогтоосон. Тавдугаар сард Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдлын талаар тайланг гаргаж УИХ-ын гишүүдэд танилцуулна. Ойн нөхөрлөлийн асуудал хэрэгжээд явж байгаа. Үүний дагуу 500 гаруй нөхөрлөлийн 90 гаруй хувь нь ойн нөхөрлөл байдаг. 

Б.Баттөмөр: Асуултууддаа хариулт авсангүй  шүү дээ. Нөхөрлөлийг судалж үзнэ гэж байхгүй шүү дээ. Мэргэжлийн бус хүмүүс учраас хариулж чадахгүй байгаа юм. Яамдын нөхцөл байдал ийм л байгаа юм. 

Н.Цэрэнбат: Байгаль орчны мэргэжлийн боловсон хүчнийг өмнөх жилүүдэд  цомхотгосон. Байгаль орчны тоо баримтуудыг нэгтгэх үүднээс өчигдөр эрдэмтэдтэй уулзалт хийсэн. 

Л.Мөнхбаатар: Тэсийн гол гэдэг олон нутгийг дамнан урсдаг гол. Энэ голыг Улсын тусгай хамгаалалтад зайлшгүй шаардлагатай байна. Хөвсгөл аймгийн Эрчмийн нуруун тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулж ирэх үү. Судалгаагаар тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг тогтоосон

Ажлын хэсэг: Тусгай хамгаалалтад авах талаар аймгийн иргэдээс санал авахаар хүргүүлээд байгаа. 

Д.Оюундарь: Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсынхаа нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад оруулна гэж амласан. Тусгай хамгаалалтад авчихаад яаж хамгаалах вэ гэдэг нь асуудал. Хамгаалалттай холбоотой санхүүжилтийг орон нутаг хариуцахаар болж байна. Гэтэл орон нутаг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна. Нэгэнт 2019 оны төсөв батлагдчихсан байхад энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ. Мэнэнгийн тал бол дэлхийд үлдсэн ганцхан онгин дагшин байдлаараа үлдэж байгаа тал. Мэнэнгийн талыг тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулж ирэх үү. 

Н.Цэрэнбат: Бидний байгаа боломж өмнөх шиг буцалтгүй тусламж, хандив авдаг биш хөнгөлөлттэй зээл авдаг орон руу шилжиж байгаа учраас хэцүү байгаа юм. Хийх ёстой ажлаа Сэлэнгэ аймагт зарцуулах ёстой мөнгөний тал хувийг буюу 500 гаруй сая төгрөгийг л байгаль орчинд зарцуулсан байна билээ. Мэнэнгийн талын тухайд анхааралдаа авъя. Бичиг баримтын бүрдэл дутуу олон газар нутаг байгаа. 

Д.Оюундарь: Байгаль орчны менежментийг хийхдээ нутгийн иргэдийг байгаль хамгаалах ажилд идэвхитэй оролцуулах хэрэгтэй. 

Б.Батзориг: Зарим нэг газрыг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагатай байгаа. Баянзүрхэд олон жилийн өмнөөс байшин барилгаа бариад амьдарсан 500 гаруй айл байгаа. Энэ айлуудын нөхцөл байдал хүнд байна. Бид эдгээр айлуудын асуудлыг шийднэ гэж сонгогдсон. Энэ асуудлыг шийдэх үү. Бэлчээрийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ. Отрын бүс нутгийн давхцал их байна. Бэлчээрийн хомсдолтой байхад газар нутгаа тусгай хамгаалалтад аваад байх нь хэр оновчтой юм бэ?

Н.Цэрэнбат: Зарим нэг байгууллагаас ирж байгаа бичиг агуулгын хувьд зөрчилтэй асуудлууд их байгаа. 280 гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдчихвэл дахин кадастрын зураг гаргаж давхардал хийдлийг арилгана. Ингэснээр Баянзүрх дүүргийн 500 өрхийн асуудал шийдэгдэнэ. Удахгүй бэлчээрийн тухай хууль орж ирэхээр энэ асуудлыг хэлэлцэх байх. 

Г.Занданшатар: А.Сүхбат, Д.Оюунчимэг, Н.Цэрэнбат нарын гишүүд Туул голын асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирээрэй. 

Д.Сумъяабазар: Газрын тосны үйлдвэр барина гэдгийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ажлын явц 95 хувьтай явж байна. Хайгуулын талбай дээр давхцал бий болж байгаа учраас давхцалаас гаргах хүсэлт БОАЖ-ын яаманд хүргүүлсэн. Хайгуулын маш олон үе шат байгаа. Хайгуул олборлолт хоёроо шалгаж салгаачээ. Үйлдвэр барихаа дэмжиж байна гэсэн мөртлөө дэмжихгүй байгаа ч юм шиг юм яриад байх юм. Газрын тосны үйлдвэрээ дэмжвэл дэмжсэн шиг дэмжээч гэдгийг хэлмээр байна. Хайгуул, олборлолт гэдэг бол шал өөр ойлголт. 
Гишүүд үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад 67.2 хувь нь дэмжив.