ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Прокурорууд хэргийн материалыг өмнөө тавьчихаад цадсан бар шиг суудаг болсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-17

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Л.Болд: Шударга бусын нэг хонгилын нөгөө хонгилоор солих вий гэсэн хардлага их байна. үүнийг хянах нэг арга нь ил тод байх юм. Иргэний нийгмийн байгууллагаас нээлттэй хэлэлцүүлэх хийхэд нэр дэвшигчид цааргалалгүй ирж, асуултад хариулт өгсөн. Үүнд их талархалтай байгаа.  

Д.Лүндээжанцан: Прокурорын байгууллагад ажиллаж байх үеийн орчин их өөрчлөгджээ. Яллах, цагаатгах асуудлыг эн тэнцүүхэн авч үзэх ёстой гэж үздэг байсан юм. Өнөөдрийн тогтолцоонд хүртэл их замыг туулжээ. Прокурор гэдэг хүн ял завшуулах гээд эсвэл хэлмэгдүүлэх гээд байвал хяналт тавьж, залруулах ёстой байдал, үүнийг зааж зааварладаг болчихож. Үүнийг л шинэ прокурорууд сайн анхаарч ажиллаарай. Эрүүгийн эрх зүйн хуульчид нарийн мэс заслын эмч нар гэсэн үг. Орлогч прокурор гэдэг тэр эмч нарыг удирдан жолоодож, эрсдэл гаргаж хүний эрүүл мэндэд аюул учруулахаас сэргийлдэг байх үүрэгтэй хүн юм. 

Х.Баделхан: Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Шүүх прокурорын байгууллагыг төрөөс их дэмжсэн. Гэхдээ нийгэм бүхэлдээ хуулийн байгууллага шударга биш гэсэн мэдээлэлтэй байна. Үндсэн хуулийн шинэчлэл дотор шүүх прокурорын байгууллагын тогтолцоо зөв үү буруу юу гэдгийг нарийн болгож, өгөх хэрэгтэй байх. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа шүүх ийм хэмжээнд байна, прокурор ийм байна гэдгийг оруулж өгөх үү. Яаж шударга байлгах юм бэ

Ц.Нямдорж: Амжилт хүсье. Бүлгийн хуралдаанаар би та хоёрын талаар шүүмжлэлтэй үг хэлсэн. Анхаарч, ажлаа сайн хийгээрэй. Гурван гол зарёим мөрдөгдөхөө байсан. Гэм буруугүй хүнийг шүүхэд татаж болохгүй гэдэг асуудал байхгүй болсон. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Мэтгэлцэр зарчмыг байхгүй болгосон. Өмгөөлөгчийг хэн ч биш болгосон. Аливаа асуудалд эргэлзээ гарвал яллагдагчийн талд ашигтайгаар шийднэ гэсэн зүйл байхгүй болсон. Энэ зарчмыг өмнөх шүүхийн удирдлагууд булшилсан. Гэм зэмгүй маш олон хүнийг шоронд хорьсон. Нэн яаралтай энэ завхарлыг засах хэрэгтэй. Энд оролцсон бүх хүнийг байх ёстой газар нь байлгах ёстой. Би энэ асуудлыг орхихгүй. Энэ алдааг засахад та хоёрыг нөлөөлнө гэдэгт найдаж байна.

Т.Аюурсайхан: Сүүлийн үед хуулийн байгууллагад хийж байгаа томоохон өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Нээлттэй хэлэлцүүлгээр нэр дэвшигч хоёр хүн хоёулаа ирсэн. Иргэдийн асуултад хариулж цаашид хэрхэн ажиллах талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ сайн жишгийг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Ерөнхий прокурорт томоохон хэргүүдийг нэн даруй шийдвэрлэх хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Та хоёр хоёулаа их залуу хүмүүс байна. Ард түмний итгэлийг цаашид хэрхэн дааж ажиллах талаар байр сууриа илэрхийлээч

М.Чинбат: Нийгэмд болж байгаа үйл явдал, иргэдийн хүсэлтийг бид мэдэрч ажиллаж байгаа. Хуульд заасан прокурорын үүргийг хангаж ажиллана.

С.Алиманцэцэг: Нийгмийн хандлагыг мэдэрч ажиллахаас гадна, ээдрээ түвэгтэй байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Энэ зарчмыг баримталж ажиллана.

Л.Мөнхбаатар: Нэр дэвшигдийг дэмжиж байна. Прокурорын байгууллага ихэнх улсад гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хамрагддаг. Гэтэл манайд л шүүх эрх мэдлийн байгууллагад хамааруулаад байдаг. Энэ асуудлыг цаашид анхаармаар байгаа юм. Өмнө хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн гэж хийдэг байсан. Энэ зөвлөгөөн маш үр өгөөжтэй зөвлөгөөн байсан юм. Цаашид энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнд анхаараарай.

Ө.Энхтүвшин: Би та хоёрыг мэдэхгүй юм байна. Ямар ч байсан их онцлогтой үед ирж байгаагаа анхаараарай. Том шинэчлэл хийх гэж ирж байгаа хүмүүс гэдгээ бодоорой. Маш том үүрэг хүлээж байгаа шүү. Ажлаар чинь нь дүгнэе. Зарим хүмүүс та бүхнийг жулдана гэж байх юм билээ. Жулдахгүй гэдгээ ажлаараа харуулаарай. С.Зориг агсны хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудал бол зөвхөн нэгээхэн хэсэг нь. Мөсөн уулын цухуйц байгаа хэсэг нь гэсэн үг. Маш олон хүн золиосонд явж байгаа. Хүн нь байвал зүйл анги нь олдоно гэдэг шиг л зүйл манайд байгаа юм. 

М.Чинбат: хуулийн байгууллагуудын дунд гарсан шударга бус асуудал байгаа гэж байна. Цаашид ийм асуудал хэзээ ч гарах ёсгүй. Хүнийг эрүүдэн шүүх асуудал дахин гарах ёсгүй. Томилогдвол үүний төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.

Ж.Батзандан: Хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэл 10 хувьтай байна. Хууль хяналтын байгууллагууд авлигад идэгдсэн учраас итгэхгүй байна. МАНАН-гийн өмнө буугаад өгчихсөн, ямар ч чадамжгүй болсон учраас итгэхгүй байгаа юм. Арга ядахдаа бид шударга ёсыг тогтоое гэж тэмцэл өрнүүлсэн. Та бүхэн хувьсгалт тэмцлийн үр дүндп томилогдож байгаа гэдгийг анхаарч ажиллаарай. Анхаарч ажиллах 23 хэргийн жагсаалтыг Б.Жаргалсайхан прокурорт явуулсан. Эрүүдэн шүүж, хилсээр ял өгсөн хүмүүст хариуцлага тооцох бичгийг хүргүүлсэн. Та бүхнээс бид шударга ёсны том эргэлтийг хүлээж байгаа шүү. Ажлаа хийсэн шиг хийгээрэй. 

Л.Энх-Амгалан: Хоёр прокурорыг дэмжиж байгаа. Улс төрчдөд биш хуульд захирагдсан прокурорууд байгаарай. Шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүнийг та бүхэн тайлах үүрэгтэй. Жил бүхэн прокурорын тайланг хэлэлцдэг. 2018 оных энд байна. Та бүхэн танилцаарай. Эрүүгийн хуулинд ял завшиж байгаа асуудлыг нэн даруй, цаг алдалгүй өөрчлөх ёстой. Авлигын талаар хүндрэлүүдийг мөн цаг алдалгүй УИХ-аар шийдвэрлүүлэх ёстой. С.Зориг агсны хэргийн талаар ОУПХ-ныхон Монголын парламенттай хамтарч ажиллах гэж хичээж байна.

О.Батнасан: Системийн хүмүүс орж ирж байгаад баяртай байна. Шүхийн засаглалын нэр хүндийг авч явахад прокурорууд чухал үүрэгтэй. Цахм мэдээллээр хүнийг ялладаг болсон нь нууц биш. Прокурорууд голчлон гүйцэтгэх ажил хийдэг хүмүүс. Үндсэн хуулинд прокурорын байгууллагын эрх мэдлийн тодорхой тусгах хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааны журмыг Прокурорын байгууллага ТЕГ-тай хамтран гаргадаг. Тагнаж, чагнадаг асуудлыг анхаараарай. Сайн ажиллахыг хүсье. 

Д.Хаянхярваа: Прокурорын байгууллага болон хуулийн байгууллагын нэр хүнд унасан талаар их ярьж байна. Прокурорын систем бүхэлдээ ийм болчихсон гэж үзэхгүй байгаа. Унасан нэр хүндийг сэргээх талаар анхаарч ажиллаарай. Ингэхийн тулд улс төрөөс ангид байх ёстой. Улс төрөөс ангид байж чадаагүйгээс болоод л энэ салбарын нэр хүнд унасан. Мөн олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгөх ёстой. С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлыг анхаараарай. Эрүүдэн шүүлтийг байхгүй болгох ёстой. Энэ хэргийг маш нарийн шалгах хэрэгтэй шүү. Маш нухацтай ажиллаарай. Мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүс учраас дэмжиж байна. Улс төрчдөөс ангид ажиллаарай. 
Б.Энх-Амгалан: Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдийг сайн хараарай. Эрүүгийн хэргийг үүсгэх эрхийг прокурорууд өгдөг. Цагдан хориод шалгадаг асуудлыг анхаараарай. Үүнээс үүдэн дарамталдаг, хүний ёсноос гадуур ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг та бүхэн сайн анхаараарай.