ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюуны бэрхшээлтэй эмэгтэйг ухаан алдсан үед үр хөндөж, үрийн сувгийг нь боосон байжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-01

Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг гаргалаа. Хүний эрхийн 18 дахь илтгэлд Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал. Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал гэсэн зургаан том асуудлыг багтаасан байна. Тэр дундаа Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ямар хэмжээнд хүрсэн. Тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгаа. Ажлын байран дахь бэлгийн дарамт, эрүүдэн шүүлт Монголд ямар хэмжээнд хүрснийг илүү онцолсон байна. Манай сонин ч энэ энэ гурван сэдвийг илүүтэй онцолж, Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлд орсон иргэдийн гомдол, жишээ, хүний эрхийг хэрхэн зөрчсөн тохиолдлуудыг ямар нэг нэмэр хачиргүйгээр хүргэж байна. Мөн энэ гурван сэдэвтэй холбоотой зарим тоо баримт, судалгааны мэдээллийг хүргэе. Мөн энд нэг зүйлийг сануулж хэлэхэд, ХЭҮК-ийн илтгэлд дурьдагдсан бүх тохиолдол үнэн бодит, баталгаажсан байдаг. 

 

“Хараагүй байж хэнээсээ өвчин авсан юм, эрийн донтой байх нь ээ”

Хүний эрхийн үндэсний комисс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор нийтдээ 81 судалгаа хийсэн аж. Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэйг хамруулсан бөгөөд 42 хувь нь тулгуур эрхтний, 31 хувь нь хараа, сонсголын, 17 хувь нь оюуны, 10 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй байжээ. Судалгаанд   оролцогчоос БЗДХ, ХДХВ хэрхэн халдварладаг талаарх мэдлэг, ойлголтыг тодруулахад, давхардсан тоогоор 57.6 хувь нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, 25.8 хувь нь зүү тариураар, 2.2 хувь үнсэлцэхэд, 4.1 хувь жорлонгоор, 5.9 хувь нь ахуйн замаар, 19.2 хувь нь цус цусан бүтээгдэхүүнээр, 29.9 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.  Мөн эдгээр өвчний үед илрэх шинж тэмдгийн талаар мэддэг эсэхийг асуухад 50.9 хувь нь огт мэдэхгүй, 24 хувь нь бага зэрэг, 10.7 хувь нь сайн, 7.7 хувь нь маш сайн мэднэ гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, тэр дундаа хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээдлэл авах боломж бага. Эмч нар мэдээлэл өгч, туслахаасаа илүү загнах, дарамтлах, эрхийг нь зөрчих нь их байдаг аж. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртдөг тохиолдол ч маш их байна.   Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж, тэднийг дээрэлхэж, дарамталж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан жишээнүүдийг дурдая. 


-Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын талаар огт сонсож байгаагүй. Хааяа зурагтаар бэлгэвч хэрэглэ гээд байдаг. Нэг залуутай хамт амьдарч байгаад бэлгийн харилцаанд орсон. Тун удалгүй намайг хаяад явсан. Сар гаруй хугацааны дараа доороос үнэртэй ногоон юм ихээр гарах болсон. Гэрийнхэндээ хэлж чадахгүй нэг найзтайгаа цуг явсан чинь “Чи өвчин авсан юм уу. Балиар юм” гээд намайг хаяад явсан. Сургуульдаа ч явахаасаа ичдэг болсон. Хэрвээ би тэр үед эмэгтэй хүн өвчин авдаг гэдгийг мэдсэн бол,  бэлгэвч хэрэглэх ёстойг мэдэж байсан бол ийм байдалд орохгүй байх байсан. 

/Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/ 

-Манай хараагүй найз БЗДХ-тай болсон. Энэ тухайгаа хэд хэлэхээ мэдэхгүй, ямар өвчин авснаа яаж мэдэх гэж их шаналсан. Арай гэж нэг найздаа ойлгуулаад, эмнэлэгт очсон чинь БЗДХ-тай хүмүүс улаан шугамтай хэсгийн цаана очдог юм байна. Тэнд нь очоод зогсохоос ичээд нөгөө хүн манай найзыг орхиод явсан. Эмчид үзүүлэхээр ороход, “Өөрийгөө яая гэж байж өвчин чирч ирээд хэнтэй, хэрхэн, яаж” гээд нэг бүрчлэн яриулах гээд их эвгүй харьцсан. Дахиж эмнэлэгт очоогүй. Хүнээс асууж байгаад нэг эм авч уусан, эдгэсэн байх гэж найдаж байгаа. Ийм үед утасдаад зөвлөгөө авчихдаг үйлчилгээ байвал их хэрэгтэй санагдсан. Мөн хэнээс, хэзээ, яаж гэсэн асуулт асуухгүйгээр эмнэлэгт хүргээд өгдөг туслах үйлчилгээ байвал олон талаар маш их хэрэгтэй байна. Мөн эмч нарт хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн бусад иргэдийн адил өвддөг, эмчилгээ авах эрхтэйг ойлгуулах сургалт хэрэгтэй юм шиг санагдсан. 

/Харааны бэрхшээлтэй эмэгтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/ 


-Хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Жишээ нь, би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй, бэлгийн замын халдварт өвчин авч байсан. Эмнэлэгт үзүүлэхээр очиход “Хараагүй байж хэнээсээ авдаг байна. Эрийн донтой байх нь ээ” гэж эмч хэлж байсан. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд дүгнэлт хийдэг. 

/Харааны бэрхшээлтэй эмэгтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/ 


-Намайг 18 нас хүрэхэд л өрхийн эмч надад жирэмслэлтээс хамгаалах тариа хийж эхэлсэн. Анх тариа хийлгэж байхад 48 кг жинтэй байсан. Одоо би 85 кг жинтэй болтлоо таргалсан. Энэ тариаг ийм олон жил тариулж болохгүй гэж сонссон.  

/Эпилепси өвчтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/ 


-Би 35 настай, хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч маань байнга залгаж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид “Энэ миний эрхийн асуудал, шийдвэрээ би өөрөө гаргана” гэж хариулахад “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” хэмээн дарамталсан.  

/Тулгуур эрхтний бэрхшээлтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага. Улаанбаатар хот/


-Би 38 настай. Охин маань 18 настай. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Нөхөр маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг анхны хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр маань ээжтэй ярилцаад шийд гаргасан, надад хэлээгүй байсныг саяхан мэдсэн. Би нөхөртөө энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна. 

/Тулгуур эрхтний бэрхшээлтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага. Сэлэнгэ аймаг/


-Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тийм болохоор таван сартай жирэмсэн хүртлээ эмч нараас нуусан. Намайг эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр эмч нар жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндөлт хийлгэхийг ятгасан. Татгалзах үед тэд тал талаас гар бариад би цочролд ороод ухаан алдсан. Сэрэх үед жирэмслэлтийг зогсоосон, үрийн сувгийг боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд маань хүлээлгэж өгөхдөө уналт таталтын эмийг нь сайн уулга гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Цочролоос болоод энэ үед миний ухаан санаа хагас байсан. 

/Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/ 


-Ээж, аав гадагш гарах болоод намайг нэг танихгүй ахаар харуулсан. Тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлснээс хойш аав намайг гурван удаа хүчирхийлсэн. Аав ээжийг зоддог болохоор би ээжид энэ тухай хэлээгүй.

/Тулгуур эрхтний бэрхшээлтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/

 

“Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хэвийн ажиллах боломжгүй болгосон”

Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байжээ. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын сүлжээнээс хийсэн цахим судалгааны дүнгээс үзэхэд,  бэлгийн дарамтад өртсөн 18-24 насны эмэгтэйчүүдийн 25, эрэгтэйчүүдийн 13 хувь нь урлаг, спортын болон цахим бэлгийн дарамтад өртсөн байна. “Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй, нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэжээ.  Тэр дундаа төрийн байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт их байдгийг ХЭҮК 18 дахь илтгэлдээ дурьдсан байна. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой ХЭҮК-ийн илтгэлд оруулсан тохиолдлуудыг дурдъя.

-.....дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм.  Чамайг гурван жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас ХУ намын хулгайч нарын хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессежийг дарга С надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан.

/Комисст ирүүлсэн А-гийн гомдлоос/ 

-Иргэн Ү Комисст хандан гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 онд ... байгууллагад диспетчерээр ажилд орсон бөгөөд ажилд орсон өдөр инженер Ш “чамайг дарга нартай танилцуулж өгье, чи ахиж дэвшиж ажиллая гэвэл надтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс эхлэн миний гар утас руу байнга залгаж эхэлсэн. Намайг шөнийн ээлжтэй үед ажил дээр ирж “хайр аа, ядарч байна уу” гээд гараас барьж, гуя, нуруу илэх зэргээр миний биеийн эмзэг хэсэгт хүрэхэд нь намайг уурлаж дургүйцэхээр “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү, хөгийн муу хүүхэн” гэж харааж загнаад юм өшиглөж, хана цохиж, над руу нулимж доромжилдог. Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжгүй болгосон тул энэ асуудлаар байгууллагын удирдлага болон ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч шийдвэрлэхгүй байна” гэжээ. Баримтуудаар инженер Ш нь диспетчер Ү-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, түүний эрхийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Ш-д хариуцлага тооцуулахаар тус байгууллагын даргад Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлж, шаардлагын дагуу түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

/18 дахь илтгэлд дурьдсан баримт/ 

-...байгууллагын дарга Н байнга эмэгтэй албан хаагчдад ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг талаар албан болон албан бусаар яригддаг боловч ямар нэг хуулийн арга хэмжээ авдаггүй, тэр байтугай албан тушаал байнга дэвшиж байдаг. Дарга Н нь эмэгтэй хүнийг ...зөвхөн дур хүслийг нь хангагч мэтээр авирлаж харьцдаг... Жишээлбэл: тухайн байгууллагын ажилтан Э Комисст хандаж гаргасан гомдолд “албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн 22 цагийн үед намайг дуудаж өрөөндөө оруулсан юм. Тухай үед Н дарга архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна. Толгой бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь даргаа би гарчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгтэл өглөө 6 цагийн үед дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад дахин үнсэх гэж дайрсан” гэжээ. “Мөн ... байгууллагын ажилтан Б, түүний эхнэр Т нар хамт ажилладаг бөгөөд дарга Н шөнийн 3 цагийн үед эхнэр Т руу нь “хаана байна, би одоо л орж ирж байна” гэж мессеж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б цагдан хоригдож, цагдаагийн байгууллагад шалгагдсан” гэжээ.

/Комисст...байгууллагын эмэгтэй албан хаагчдаас ирсэн гомдол, мэдээллээс/

 

Мөрдөгч Х биднийг зам шалгалтаар авч явах үедээ машинд гавтай хонуулж, 
хөл нүцгэн гол гатлуулсан 

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд Прокурорын байгууллагад 2016 онд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй нийт 54 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс 10-т нь буюу 18.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 11 буюу 20.4 хувьд нь прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Харин байгууллага 2017 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй нийт 82 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зургаан гомдол, мэдээлэл буюу 7.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол 61 гомдол, мэдээлэл буюу 74.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах буюу хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзжээ. Мөн 2018 онд Прокурорын байгууллагад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээлэл  ирснээс 22 буюу 31.9 хувьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, 46 буюу 66.7 хувьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 


-“...аймгийн прокурорын газар нь тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байсан хоригдогч Ч.Ш, М.Э, нарыг цагдан хорих байрны албан хаагч Д.Б, Л.Э, Д.Р нар нь зодсон, мөн тус цагдан хорих байранд цагдан хоригдож байсан хоригдогч Ц.Н-ийг цагдан хорих байрны албан хаагч Г.С нь зодсон үйлдлийг прокурорын хяналтаар илрүүлж, аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хорих байрны албан хаагч Д.Б, Л.Э, Д.Р, Г.С нарыг тус бүр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” байна.

/18 дахь илтгэлд дурьдсан баримт/ 

- Комисст хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан яллагдагч М.Э, О.О, Э.М нар нь ирүүлсэн гомдолдоо “ ...дүүрэг дэх цагдаагийн ... дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Б нь хэргээ хүлээ хэмээн дарамт шахалт үзүүлж, зодож, эрүү шүүлт тулгасанд гомдолтой байна” гэжээ. Комиссоос уг гомдлыг шалгахад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байсан тул харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. 

/Комисст ирүүлсэн М.Э нарын гомдлоос/ 

-Комисст хандаж ...аймгийн оршин суугч Х.Г нар нь ирүүлсэн гомдолдоо “...аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Д.Х, Г.З, Г.С нар “...чи ямар хэрэг хийснээ мэдэж байгаа биз дээ гээд хэл үгээр доромжилж, дарамт шахалт үзүүлж байтал мөрдөгч Х орж ирээд наадах чинь хэргээ хүлээсэн үү, нөгөө хоёр нь хэргээ хүлээчихээд байхад чи яагаад хүлээдэггүй юм гээд миний дух, мөр рүү цохиод хэл үгээр доромжилж, дарамталсан. Тэгээд мөрдөгч Х биднийг зам шалгалтаар авч явах үедээ машинд гавтай хонуулж, хөл нүцгэн гол гатлуулж, хамт явсан хүмүүсийг үүрч гол гарга гээд 5 хүнийг нэг нэгээр нь үүрч гол гатлуулсан. Түүнээс болж миний хөл мөсөнд зүсэгдсэн, гавлуулснаас болж баруун гар хавдсан, дух руу цохисны улмаас дух хавдсан байсан” гэжээ. Комисс уг гомдлыг шалгахад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн боловч Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт “... Хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу өөр мөрдөгчид шилжүүлж, прокурорт мэдэгдэв. ...албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг чанд сахих, удирдлагаас тавих хяналтыг сайжруулах үүргийг ...аймгийн цагдаагийн газарт хүргүүллээ” гэх хариу ирүүлжээ.

/18 дахь илтгэлд дурьдсан баримт/

- Комисст хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан яллагдагч М.Э нь ирүүлсэн гомдолдоо “Мөрдөн байцаагч Б нь хилс хэрэг хүлээлгэх зорилгоор миний элэг бөөр болон шанаа руу хэд хэдэн удаа цохиж, залгуурны утсаар ороолгосон бөгөөд шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон юм. Мөн өмгөөлөгчтэй байцаалт өгмөөр байна гэж хэлэхэд “Чи өмгөөлөгчөөрөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм” гэж доромжилсонд гомдолтой байна” гэжээ. 

/Комисст ирүүлсэн М.Э-гийн гомдлоос/