ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Авлигачид ял завших боломжийг хуулиар бүрдүүлээд өгчихжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-09

-Эзэн холбогдогчтой, баримттай авлигын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болголоо-

Хоёр жилийн өмнө буюу 2017 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын байцаагчид улсын хилээр түргэн муудах хүнсний зүйл оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэрэг гарч байлаа. Тэдний гэрт нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юан бэлнээр гарч ирсэн юм.

Энэ бол нотлох баримт хангалттай, үйлдэл дээрээ баригдсан авлигын том хэрэг байлаа. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүллээ, нэ­мэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар, анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав. Монголын хууль шүүхийн байгууллага авлигын хэргүүдтэй тэмцэх, тэдэнд ял оноох хүсэлгүй гэдгээ энэ үйлдлээрээ батлав.

Тэрбум орчим төгрөгийн эзэн холбогдогч тодорхой, нотлох баримт хангалттай авлигын хэргийг шийдэж чадаагүй үйлдлээрээ ямархуу ялзрал, доройтолд орсноо дахин батлан харуулж байна. Эндээс л “хөөн хэлэлцэх хугацаа дуусах” гэсэн зүйл заалт яаж яваад Эрүүгийн хуульд өөрчлөгдөж орсныг нэхэн санаж эхэлцгээлээ.

“Даарин дээр давс гэгч”-ээр өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зоригийн хэргийг шалгах түр хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх үедээ “Хуульзүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр гэгч нь С.Зоригийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, замхруулах ажлыг хийсэн” гэсэн мэдэгдэл хийгээтхэв. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур олдлоо хэмээн бүгд л дор бүрнээ баярласан биз. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн буруутан нь дэд сайд асан Б.Энхбаяр болов.

Гэтэл дэд сайд асан Б.Энхбаяр УИХ-ын байнгын хорооны протколыг гаргаж ирэхийг шаардаж, “Би биш харин тэнд яриад зогсож байгаа Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй Хуульзүйн байнгын хорооны гишүүд өөрчилсөн юм” хэмээв. Эргэн сануулбал, 2015 онд УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэж баталсан байдаг. Гэтэл 2016 онд шинэ Засгийн газар гарах үед Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгийг ахалжээ.

Ингэхдээ хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг огтхон ч хөндөөгүй оруулж ирсэн аж. “Гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй. Олоод ирэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр хэргийг хаахгүй” гэж оруулсан байгаа юм.

Гэтэл УИХ-аар Засгийн газрын өргөн барьсан төслийг хэлэлцэх явцад буюу 2017 оны тавдугаар сарын 4-ны өдөр Хуульзүйн байнгын хороогоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хэргийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үедээ Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нараас санал гарч, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилжээ. Байнгын хорооны гишүүд болон салбар яамны мэргэжилтнүүд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхгүй гэсэн ч үгийг нь сонсоогүй, огтхон ч үг хэлүүлээгүй гэнэ. “Хөөн хэлэлцэх хугацаа болохгүй байна” гэдэг саналыг Ц.Нямдорж сайд өөрөө гаргаж, өөрчлөх ёстой гэсэн саналыг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тавьсан гэж мэдэгдлээ. Буруутныг хайгаад зогсож байгаа Ж.Батзандан, Л.Болд нар ч дэмжсэн хэмээв. Дахиад л буруутан олдсонгүй.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулж, баталсан буруутны эрэлд дахиад гарцгаалаа.

“Parliament.mn” сайтын архивыг ухаж үзэхэд энэхүү зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 4-ны өдрийн чуулганаар хэлэлцсэн гэсэн үг үсэг алга. Тухайн өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дахин судлах ёстой хэмээгээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсныг мэдэгджээ. Харин 18-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах үед энэхүү зүйл заалт орж ирсэн байна.

Дээрх хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан бөгөөд хуралдаанд Н.Учрал гишүүн танилцуулж байжээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гуравхан гишүүн үг хэлсэн. Тэд бол УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан, О.Баасанхүү, Х.Баделхан нар. Тэгвэл дэд сайдын хэлсэн үг болон МХЕГ-ын хоёр даргын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс харвал Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ бүхний ард байсан уу гэх таамаг ч явж байгаа. Учир нь Ш.Раднаасэд авлига авсан гэх Н.Баярсайхантай Их сургуулийн нэг анги аж. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ бүхнийг булзааруулж “Би тэр мөнгийг авч байгаагүй.

Наад хүмүүсээсээ асуу. Хувийн харилцаа огт байгаагүй. Хуульзүйн байнгын хорооны дарга байхдаа хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах саналыг гаргасан гэх асуудлаар тайлбар өгье. Тэр бол шүүх дээр очиход процесс зогсдог байсныг нь зогсдоггүй үргэлжлүүлэхээр болсон. Ав­лигын хэрэгт хариуцлага хамгийн чанга байх ёстой. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Хуульзүйн байнгын хорооны оруулсан өөрчлөлтөөр авлига, албан тушаалын хэрэгт ялыг маш чанга оруулж өгсөн. Н.Баярсайхантай нэг ангийн хувьд анги. Гэхдээ би үүнд нөлөөлөөгүй. Надад айж ичих зүйл алга” хэмээн биеэ өмгөөлөв.

Харин дэд сайдыгаа сүрдүүлж, хөөн хэрэлцэх хугацааны талаар санал гаргаж, цаасан дээр бичүүлэхгүйгээр санал хураалгасан гэх Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос энэ талаар сэтгүүлчид тодруулахад “Хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар хэн нэгнийг дарамталсан зүйл надад байхгүй. Энэ асуудлыг Хуульзүйн байнгын хороогоор өчигдөр /лхагва гараг/ яриад судал гэдэг үүрэг өгсөн. Шалгалтын дүн гараад ирэхээр асуу” хэмээн сэтгүүлчдийг загначихаад явж одлоо. УИХ-аар эзэн биегүй, хариуцах хүнгүй баталж орхисон энэ заалтаас болж АТГ-ын мөрдөн байцаагчдын үйлдэл дээр нь илрүүлсэн МХЕГ-ын дарга нарынх шиг олон зуун хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, ял завших хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэх нь тодорхой болж байна.

Дэд сайд санал боловсруулахаас баталдаг субьект нь биш. Тиймдээ ч нэг ч үг өгүүлбэр хэлэхгүйгээр анхны хэлэлцүүлгээр баталсан улстөрчид энэ бүхний буруутан болж байна. Хугацааг өөрчилснөөр авлига албан тушаалын маш олон хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах нөхцөл бүрджээ. АТГ болон УЕП-ын газарт маш олон авлига, албан тушаалтны хэрэг байгаа ч “шалгаж байна” гэж хамгийн багадаа л хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хэргийг удаашруулдаг шалтгааныг олон янзаар тайлбарлаж байсан ч эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд хугацаа хожиж байгаа үйлдэл болж хувирав.

Монголын төр ингэтлээ улайрч, эрх баригч МАН-ынхан ингэтлээ арчаагаа алджээ. Хулгайч, хулгайчаа хамгаалж, хамгийн чангаар дуугарч байгаа нь энэ аж. Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан 1.3 их наядын гэх хэрэг, “хүргэн” Г.Дэнзэн буюу тэрбумын тендерийн хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалж зээл 110 сая ам.долларын хэргүүд дандаа мөрдөн байцаалтад буцаж байсан шалтгаан тодорхой болов. Маргааш олон зуун ЖДҮ-чдийн луйвар ч яг л энэ замаар орж хэрэгсэхгүй болохыг үгүйсгэх аргагүй.

Тухайн үед энэ асуудлыг олон хэвлэл хөндсөн ч эрх баригчтайгаа нийлчихсэн сөрөг хүчин нүдээ аниад л өнгөрүүлж ажээ. Цаашлаад, Оюутолгой гэх мэт маш олон компанийн татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан гэмт хэргүүдийг АТГ-ынхан шалгаж байгаа. Тэгвэл энэ хэргүүд ч 2017 онд “нууж” баталсан хуулиар өршөөгдөх нь тодорхой юм. Тодруулбал, өмнөх хуульд 50 саяас дээш төгрөгийн татварыг нуун дарагдуулсан үйлдэл дээр хөөн хэлэлцэх хугацааг таван жил гэж оруулсан байсан. Татварын хяналт шалгалт хоёр жил тутамд явагддаг учраас татвараас зайлсхийсэн албан тушаалтныг баривчлах, цагдан хорих, улмаар яллах тогтоол үйлдэх хугацаа хангалттай байсан гэсэн үг.

Гэтэл УИХ-аас үүнийг нэг жил болгож бууруулчихсан. Хууль батлах, хуулийг дээдлэх учиртай улстөрчид нь ийнхүү сиймхийгээр хулгайгаа хийж, эцэст нь хууль шүүхийн байгууллагыг ажлаа хийхгүй байна хэмээн чичилж, тэднийг буруутан болгоод уснаас хуурай гардаг муухай жишиг тогтлоо. Монголын улс төрд хууль боловсруулдаг, баталдаг хүмүүс биш эсрэгээрээ хулгайчаа хамгаалдаг, улс орноо худалддаг, худал хуурмагаа хуулиар халхалдаг луйварчид суусан гэдгээ хоёрхон өдөрт өрнөж буй хоёр том асуудлаар тод томруун харуулж өглөө. Тэднээс цаашид юугаа ч хүлээх билээ. Монголын парламентад эмгэнэл илэрхийлье.