ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Танилц: ЖДҮХС-гийн журамд дараах өөрчлөлтүүдийг оруулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-13

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн томчуудын асуудал өнгөрөгч онд дуулиан дэгдээснээс болж, тус сангаас зээл олгох ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. Улмаар, энэ оны хоёрдугаар сард салбар яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ЖДҮХС-гаас урт хугацаатай зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулжээ. Хоёр сарын хугацаанд журмыг боловсруулж, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Ч.Улаан сайд тушаал гарган шинэчилсэн журмыг албан ёсоор бүртгэжээ. Ажлын хэсэгт МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийн холбоо, "Жижиг дунд үйлдвэрийн худалдааны манлайлал" ТББ-ын төлөөлөл болон хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөлөл багтсан аж. Мөн олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, цахим сайтаар санал авч журмаа боловсруулсан гэдгээ салбар яамны мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнээс гадна УИХ-ын Байнгын хорооны дэргэдэх дэд хорооны саналыг ч мөн тусгасан байна. Энэ жилийн төсөл хүлээн авах хугацаа нь тавдугаар сарын 27-ноос эхлэх бөгөөд зургадугаар сарын 10 хүртэл хүлээж авна гэв. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Урьд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг бүрэн арилгаж чадлаа. Шинэ журам хэрэгжих бололцоо бүрдсэн” гэсэн юм. Энэ жилийн тухайд тус санд нийт 47 тэрбум төгрөг туссан бөгөөд үүний 20.5 тэрбумыг орон нутагт шилжүүлэхээр болжээ. 

Журамд оруулсан шинэчлэлийг хүргэвэл: 

-Төслийг хоёр шугамаар сонгон шалгаруулж, арилжааны банк болон ЖДҮХС-гаас зээлийг олгоно. 
-Олон түмний хяналтын дор, ил тод хийж, хэвлэл мэдээллээр нээлттэй ил тод зарлана.
-Төсөл авсан иргэний нэр хаяг, утасны дугаар, төсөл хэрэгжих хаяг байршил, нэр зэргийг цахим хуудсаар ил тод мэдээлнэ. 
-Төслийг сонгон шалгаруулахдаа олон улсын байгууллагын хэрэглэдэг арга, аргачлалын дагуу нарийвчлан шалгана. 
-Хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах, зарлах, хяналт тавих зэрэг эрхийг орон нутагт шилжүүлсэн. 
-ЖДҮХС, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангуудад зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй. 
-Үнэлгээ хийсний дараа газар дээр хянах ажлыг хийнэ. 
-Зээл олгох субьектыг тодорхой зааж өгсөн бөгөөд төсөл сонгон шалгаруулах хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл байна. 
-ХХААХҮ-ийн сайд зээл олгох шийдвэр гаргахгүй. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу олгоно. 
-Зээлд хамрагдах төсөл боловсруулж, санал тавих субьектүүдэд тодорхой нөхцөл, журам тавьж өгсөн. 
-Эрх мэдэлтэй төрийн албан хаагчид зээлд хамрагдаж байсан гажуудлыг дахин гаргахгүй. Журамд УИХ-ын гишүүн, сайд дарга, агентлагийн дарга, төрийн гурван өндөрлөг, аймаг сумдын Засаг дарга болон ИТХ-ын дарга, түүний гэр бүлийн хувьцаа эзэмшдэг компаниудад зээл олгохгүй гэж нэр заажээ. 
-Төсөл сонгон шалгаруулах товыг орон даяар зарлаж байгаад тодорхой хугацаанд төслөө хүлээн авч, ил тод шалгаруулна. 
-Арилжааны банкинд тавих шаардлагыг тодорхой болгосон. Тодруулбал, асар өндөр шаардлага тавьдаг, үнэлгээ бага хийдэг, барьцаа хөрөнгө шаарддаг асуудлыг арилгаж, илүү тодорхой болгоно. 
-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн, зээл авсан аж ахуйн нэгжийг эрсдэлийн даатгалд хамруулна. Банкаар бол тухайн банк өөрөө эрсдэлээ үүрнэ. 
-Төсөл ирүүлж буй субьектийг иргэн, хуулийн этгээдээр салгасан. 
-ЖДҮ-ийн тэргүүлэх салбар, чиглэлийг Засгийн газраар батлуулсан бөгөөд тухайн салбарын төслүүдийг дэмжинэ. 
-Онооны системээр дүгнэнэ. 
-ЖДҮХС нь 20 саяас тэрбум төгрөг хүртэлх төслийг хүлээн авна. Орон нутаг 20 саяас 200 сая хүртэл мөнгөн дүнтэй төсөл хүлээж авна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20 сая хүртэлх төслийг хүлээж авдаг. Өмнөх жилүүдэд нэг төслөөр ЖДҮХС болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан тохиолдол гарсан учраас нэг төсөлд зөвхөн нэг сангаас зээл олгоно хэмээн тусгажээ. ЖДҮХС-гийн зүгээс төсөл хүлээн авах, сонгон шалгаруулахтай холбоотой үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай зохион байгуулах үүднээс бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. 

Өнгөрсөн онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлж олгосон бөгөөд энэ жилийн тухайд мөнгөн дүн нэг дахин багасчээ. Төслийг гурван үе шаттай зохион байгуулах аж. Мөн ЖДҮХС-гаас гадна Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд байрлах төвүүдээр дамжуулж авна гэлээ. Төсөл хүлээн авахдаа иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг цогц байдлаар авахын тулд Үндэсний дата төв, Татварын ерөнхий газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, иргэний хурууны хээг ашиглан тодорхой мэдээллийг газар дээр нь хэвлэж авах боломжийг бүрдүүлсэн аж. Төсөл сонгон шалгаруулах бүсчилсэн сургалтыг орон даяар энэ сарын 15-наас эхлэн 10 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Сангийн албан хаагчид болон хорооны ажилтнуудаас зээл бүтээж өгье, хувь өг гэсэн ямар нэг тохиолдол гарвал орчин үеийн шийдэл бүхий тусгай дугаараар мэдээлэл авч, гомдол хүлээн авч ажиллах гэнэ. Үүнээс гадна, зээлийн гэрээ байгуулах, зээлийг санхүүжүүлэх, даатгалд хамруулах ажлыг олон нийтэд нээлттэй хийнэ гэсэн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ярихдаа “Он гарснаас хойш ЖДҮХС-гаас зээл олгоогүй бөгөөд өр авлагаа барагдуулах ажлыг хөөцөлдлөө. Энэ сан 291.4 орчим тэрбум төгрөгийн авлагатай байсан. 90 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй явж байна. Өр, авлагаа барагдуулахад анхаарч, 50 орчим тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Өнөөдрийг хүртэл журам, дүрэм шинэчлэгдэж, цэгцрээгүй байсан учраас энэ хугацаанд төлөгдсөн зээл өмнө үүссэн өр авлагаа барагдуулахад ашигласан.

Эх үүсвэр цаашдаа нэмэгдчихвэл бид орж ирсэн төслүүдээ шалгаруулсан дарааллаар нь санхүүжүүлээд явна. Гэх мэтээр олон шинэлэг зүйл заалт багтсан журам боллоо. Олон асуудал гарах нь мэдээж. Тэр бүрийг шуурхай шийдээд явна. ЖДҮХС-гийн бүтэц бүрэлдэхүүнд өр барагдуулах албыг шинээр оруулж өглөө” гэлээ.

ЖДҮХС-гийн чанаргүй зээлийн хэмжээ 79 тэрбум байгаа аж. 322 аж ахуйн нэгжийн зээлийн гэрээнд зөрчил үүссэн бөгөөд зургаан иргэний 980 сая төгрөгийн зээлд шүүхийн албадан гүйцэтгэх хуудас бичүүлжээ. Шүүгчийн захирамж гарсан ч гүйцэтгэх ажлаа хийгээгүй 15 аж ахуйн нэгжийн 4.5 тэрбум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж буй 35 иргэн, аж ахуйн нэгжийн 11.1 тэрбум төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа сэргээлгэх зургаан иргэн аж ахуйн нэгжийн 142 сая төгрөг, эрэн сурвалжилж байгаа буюу шүүхэд дахин өгөх 23 аж ахуйн нэгжийн 6.7 тэрбум төгрөг, шүүхийн шатанд байгаа хоёр иргэний есөн тэрбум төгрөгийн зөрчлийг тус тус илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд энэхүү сан маш хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж ийм их зөрчил гаргасан.

Бид бүхэн өр барагдуулах аян зарлаж, 233 зээлдэгчийн 52.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн дуудах мэдэгдэл явуулсан гэдгийг ЖДҮХС-гийн дарга Б.Батцэцэг хэлж байсан юм. Харин төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ-ын гишүүдийн хэд нь зээлээ өргөн төлснийг тодруулахад “Нийт 34 иргэн, аж ахуйн нэгжийн 19.7 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байгаа. Үүнээс 12.9 тэрбум төгрөг нь эргэн төлөгдсөн” гэсэн хариулт өглөө. 

Б.Тогтох