ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Улаан: Махны хангамж 30-50 орчим хувиар тасарсан нь ханш савлахад нөлөөлсөн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-14


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нарын албаны махны үнийн өсөлтийн талаар хүмүүс мэдээлэл өглөө. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг аж. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 цэгээр дамжуулан борлуулж байгаа бөгөөд “Хүчит шонхор” зах болон хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглэгчдэд очиж байгаа гэсэн мэдээллийг салбарын сайд өглөө. Дөрөвдүгээр сарын 15-наас нөөцийн махыг 127 хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байгаа бөгөөд өдөртөө 30 орчим тонн махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа гэв. Ч.Улаан сайд “Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар нийслэлийн удирдлагатай ярилцсан. Салбар яамны зүгээс махны хангамжийг тогтвортой байлгах бодлогын асуудлыг хариуцаж байна. “Хүчит шонхор” захаар дамжиж зах зээлд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн хэмжээ, ялангуяа сүүлийн 3-4 хоног хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр саатал гарсан. Орон даяар цас орж, цасан шуурга шуурснаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт нийлүүлэх махны нийлүүлэлтэд нөлөөлсөн. Шатахууны үнийн өсөлт, нөгөө талаас зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан. Нийслэлд нийлүүлж байгаа махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйн улмаас мэргэжлийн хяналтын шалгалтаар тодорхой хэмжээний мах саатсан.  Махны хангамж 30-50 орчим хувиар тасарсан нь махны үнэ ханш савлахад нөлөөлсөн.  Салбар яамны зүгээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа аж. Тухайлбал, Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хоёр улс тохиролцсон протоколын дагуу итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс махаа бэлтгэж, дулааны аргаар боловсруулж экспортод гаргах тохиролцоотой аж. Гэтэл энэ журам зөрчигдсөнөөс болж, зах зээл дээрээс шууд махыг боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлсэн байжээ. Үүнийг хууль хяналтын байгууллага болон бусад мэргэжлийн холбоодтой хамтран зохицуулна гэв. Цаашдаа дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын хангамжтай зохицуулах квоттой болгох зохицуулалт хийх, Боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн хүчин чадлаас давсан хэмжээгээр мах боловсруулж экспортолж байгаа нь тогтоогдсон учраас хүчин чадалд нь тааруулж, журмын дагуу махаа бэлддэг байх талаар шаардлага тавина гэсэн юм. Хуралдааны үеэр тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

-2019 онд хэчнээн тонн мах бэлтгэсэн бэ? 

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 2019 онд 4000 тонн мах бэлтгэсэн байсан. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд тодорхой хуваарийн дагуу худалдан борлуулж байна. 2019 ондоо хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөхөөр ажиллаж байна. Нөөцийн махны үнэ тогтвортой байна. 

-Махны зоорины хүрэлцээ хангамж хэр байгаа вэ. Цаг агаарын нөхцөл байдлаас болж саатлаа гэж байна. Гэтэл улсын хэмжээнд байсан зоориудыг хувьд шилжүүлчихсэн гэдэг? 

-Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох: Улаанбаатар хотын хэмжээнд 15 мянган тонн мах нөөцлөх зоорьтой байгаа. Эдгээр нь хувийн аж ахуйн нэгжүүдэд байгаа. Цаашдаа махны нөөцийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн зоорьтой аж ахуйн нэгжүүдээр хэрэгжүүлэхээр явж байна. 
-Гадны иргэд их хэмжээгээр мах нөөцлөөд үнэд орсны дараа худалдан борлуулж байна гэдэг мэдээлэл үнэн үү? 

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Зах зээлийн байдалд хяналт тавьж байгаа. Зах дээрээс мах бэлтгэж боловсруулах үйлдвэр лүү оруулах асуудал байна. Цаашдаа энэ талаар хяналт тавина. Гадаад иргэд мах нөөцөлж аваад зах зээлд нийлүүлж байгаа гэдэг нотлогдсон мэдээлэл алга байна. 

-Махны бирж байгуулаад явж болохгүй юу. Үнэ болон нийлүүлэлтээ зохицуулаад явах санал өмнө нь гарч байсан юм билээ? 

ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох: 2012 онд биржээр дамжуулж борлуулсан загвар байгаа. Цаашдаа мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлж, үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг хэрэглэгчдэд нийлүүлэх талаар ажиллана. Биржээр малаа борлуулах буюу энэ тогтолцоог нэвтрүүл гэж гэж бодож байна. 
-Салбар яам махны үнийг барьж чадахгүй өнөөг хүрлээ. Цаашдаа энэ байдлаар яваад байх уу. Төр оролцох нь зөв юм уу? 

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Төр бүх үнэ ханшид оролцож, захиргааны аргаар зохицуулах бололцоо байхгүй. Гэхдээ онцгой ач холбогдолтой мах, гурил зэрэг стратегийн хүнсний үнийг зохицуулахад төр бодлогоор шаардлага байгаа. Зах зээлийн хангамжийг тогтвортой байлгах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар оролцоно гэсэн үг. Захиргааны аргаар хориг саад тавих аргагүй. 

-Нийлүүлэлтийн сүлжээг тодорхой болгох талаар салбар яам ямар бодлого барьж байна вэ. Малчид хямд зарж байгаа ч ченжүүд үнэ өсгөж байна шүү дээ? 

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Дундын зуучлагч багатайгаар холбох бодлогыг манай яам барьж байгаа. Тийм учраас анхан шатанд бэлтгэгдэж байгаа махны үнэ хямд, дунд нь ченжүүд хэт хөөрөгдөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэгдсэн тогтолцоо бий болгох нь зүйтэй гэж бодлого тодорхойлсон. 

-“Мах сүүний аян”-ы хүрээнд хэчнээн тонн мах эскпортлов. 2019 онд хэдийг экспортлоод байна вэ? 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 2018 онд 70 мянган орчим тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан. Энэ дотор адууны мах нэлээдгүй хувийг эзэлсэн. Мөн дайвар бүтээгдэхүүнээс гадна дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортын 50 гаруй хувийг бүрдүүлж байна.  Энэ онд 8000 тонн мах экспортод гарсан.