ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуульд АТГ-ын саналыг авна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-14

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр АТГ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа 41 мянга орчим төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлига албан тушаалын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгааг дуулгасан байна. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн зорилгоо болгож байна хэмээн З.Дашдаваа онцлоод, авлигын нөхцөл амаргүй байгаа ч бид төрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ УИХ-ын даргад хэлсэн байна.

Энэ үеэр АТГ-ын шинэ удирдлагууд болон хэлтэс, албадын дарга нар УИХ-ын дарга Г.Занданшатарт ажил байдлаа танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын явц, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн зэрэг асуудлаар санал солилцжээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн тэгш бус байдал газар авч, шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзэл эрчээ авч байгаа нь зөвхөн Монголыг төдийгүй дэлхий дахиныг хамарсан үйл явц болж байна.

Авлигаас ангижрах, урьдчилан сэргийлэх, албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг, түүний дотор олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шударгаар шийдвэрлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, авлига авсныг илрүүлж шийтгэхээс илүү авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь гол зорилго гэдгийг онцолсон байна.

 Мөн тэрбээр шинээр боловсруулж буй Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг тус газрынханд өгч, Төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх ёстой, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлбэл зохилтойг хамгийн сайн мэдэх хүмүүсийн хувьд хуулийн төсөлд санал оруулахыг үүрэг болгожээ. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа хуулийн зүйл, заалтын талаарх саналаа Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэхийг даалгасан байна.