ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тост, Тосонбумбын нурууг хамгаалахыг Засгийн газраас шаардлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-14

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Засгийн газарт Тост, Тосонбумбын нурууг хамгаалах шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлээл хийлээ. Тэрбээр  энэ талаар мэдээлэхдээ “ Өмнөговь аймгийн иргэний хувьд уугуул нутгаа хамгаалах талаар мэдээлэл хийх гэсэн юм. Үүнийг улс төрийн өнцгөөс битгий хараарай гэж хүсмээр байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зарим хэвлэл мэдээллийн байгууллага руу утасдаж урлаг спортын хэдэн хүн шантааж хийх гэж байна гэсэн мэдээлэл өгч байсан байна. Тийм зүйл огт байхгүй. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд болж байгаа  хууль бус, хариуцлагагүй үйлдлийг ярих гэж ирсэн юм. Бид Тос, Тосонбумбын нурууг хамгаалах нутгийн иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг байгуулж байгаа. Эх орон, нутаг усаа хамгаалъя гэсэн сэтгэлтэнй хэн бүхэнд энэ хөдөлгөөн нээлттэй. Манай хөдөлгөөнөөс Засгийн газарт Тост, Тосонбумбын нурууг хамгаалах шаардлагыг хүргүүлж байна. УИХ-ын тогтоол гаргаж Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч байсан.

Харамсалтай нь 2017 оны гуравдугаар сард Эрдэнэбат Ерөнхий сайдын засгийн газрын үед тогтоол гаргаж, хилийн бүсийг тогтоохдоо өнөөдрийн маргааны эх үүсвэр болсон “Сауд гоби коэл транс” гэх компанийн нүүрс ашиглаж байгаа талбайг гаргаад өгчихсөн. Хилийн бүс өөрчлөх замаар гээд тусгай хамгаалалтаас гаргачихсан. Үүний дараа нутгийн иргэд тэмцэж хэд хэдэн хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд бий болсон. Харамсалтай нь хуулийн өмнө, мөнгөний өмнө тэд хүчин мөхөсдөж байна. Өнгөрсөн жилээс эхлээд нүүрс олборлоод, гаргаад эхэлсэн. Тост, Тосонбумбын сав газар буйлсын ой цэцэглэсэн газар. Энэ сав газарт 20 гаруй булаг шанд байсан нь эхнээсээ устаад эхэллээ. Устчихаад байхад байгаа гэж зүтгээд байгаа.

Тиймээс сэтгүүлчид газар дээр нь очиж, сурвалжлага бэлтгэхийг уриалж байна. Дөнгөж соёолж байгаа зулзган загийн ойг сүйтгэж байна. Ердөө 4-5 сарын хугацаанд л ийм хохирлыг учруулж байна. Үүнд арга хэмжээ аваххгүй бол цаашид говийн баянбүрд болсон энэ газар байхгүй болох нь. Үүнтэй нутгийн иргэд тэмцээд ирэхэд иргэдэд мөнгө тараах юмуу уурхайдаа ажилд авах байдлаар амыг нь тагладаг. Тиймээс энэ асуудалд төрөөс анхаарлаа хандуулж, яаралтай хамгаалалтдаа авах шаардлагатай байна” хэмээн мэдээллээ.