ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ипотекийн зээлийн эх үүсвэр 50 хувиар нэмэгдэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэх үед УИХ-ын гишүүн М.Билэгт сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа махны үнийн өсөлттэй холбоотойгоор үхэр болон адууны махны экспортод  квот тогтоох хэрэгтэй гэсэн саналыг хэлж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн ч гишүүд дэмжсэнгүй. Хуралдааны эхэнд Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр холбогдох байнгын хо­роонд шилжүүлэв. Энэ өдөр хэлэлцсэн асууд­луудаас хамгийн их анхаарал тат­сан нь ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдэх боломжтой талаарх асуудал байв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцэх үед ипотекийн зээлийн асуудлыг хөндөж, санхүүжилтийг нь 50 хувь нэмэгдүүлэх боломжтой талаар салбарын сайд дуулгалаа. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ талаар хэлэхдээ “2018 онд ипотекийн зээлд нийт 310 тэрбум төгрөгийг 4700 иргэнд  олгосон. Эдийн засгийн байнгын хорооноос гарсан тогтоолтой холбогдуулж зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк, Сангийн яам, БХБЯ хамтарч ажилласны  үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 170 тэрбум төгрөгийг 2500 гаруй иргэнд олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс арилжааны банкуудын 45 тэрбум төгрөгийн эх үүсвэр, мөн улсын төсөвт суусан 45 тэрбум төгрөг, Монголбанкнаас олгосон 80 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний таван сард ипотекийн зээлд  олгоно. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал зээлдэгчийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2019 оны хувьд Ипотекийн зээлд улсын төсөвт суулгасан 110 тэрбум төгрөг, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр болох 115 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөлтөөс олгож буй 200-230 тэрбум төгрөг буюу нийт энэ онд 450 тэрбум гаруй төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна.

Өнгөрсөн онтой харьцуулбал санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээлээ. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “БХБЯ, Монголбанк хамтран оруулж ирсэн өөрчлөлтөөр  улсын төсвөөс олгодог мөнгө дөрвөн хувийн хүүтэй байсныг нь буулгаж нэг хувь болгосон. Төрөөс өгч байгаа мөнгө нэг хувийн хүүтэй болж буурснаар арилжааны банкууд зах зээлийн нөхцөлөөрөө мөнгөө гаргаж, энэ хоёрыг нь холих замаар найман хувьтай олгож байгаа учраас нэмэлт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болж байгаа. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилт гурван эх үүсвэрээр олгогдож байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт тусгагдсан мөнгө, зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудаас гаргасан тодорхой хувийн санхүүжилт гэсэн гурван үндсэн эх үүсвэрээр санхүүжилт олгогдож байгаа” гэв. Мөн 100 тэрбум төгрөг улсын төсөвт суулгахад 15020 хүн байртай болж байгаа нь эх үүсвэр маш хангалтгүй байгааг харуулж байна гэдгийг онцолж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах ёстой гэлээ. Эдийн засгийн таатай нөхцлийг бий болгож, валютын ханш тогтвортой байх орчныг бүрдүүлээд  зах зээлийнх нь жамаар ипотекийн зээлийг явуулах орчныг нь бий болгосноор санхүүжилт нэмэгдэнэ гэдгийг ч энэ үеэр онцлов.