ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Зөвшөөрөл олгогч хууль зөрчсөн бол бусдад учирсан хохирлыг 100 хувь барагдуулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

УИХ-ын баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө. Хэт их зүйлийг хуульчлахаар амьдрал дээр зохицдоггүй. Мөн хууль давсан журам гаргах тохиолдлууд маш их байдаг. Зөвшөөрөл гэхээс илүү журмаар иргэн, хуулийн этгээдийг дарамталдаг. Олон улсын практикуудыг хэр зэрэг судалсан бэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхэд маш олон журмаар далайлгадаг. Мөн төр тусгай зөвшөөрлийг өөрөө олгодог байх ёстой. Төрийн бус байгууллага төрийн өгдөг зөвшөөрлийг олгодог зүйл бас байна. Төрийн бус байгууллага төрийн зөвшөөрөл олгоод байвал төр байх шаардлага байхгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Зөвшөөрлийн хуульд олон удаа өөрчилж, яаж багасгах вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд их ярьсан. Дэлхийн улс орнууд 3-4 жилийн хугацаанд хүнд суртлыг бууруулдаг жишиг байдаг. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад ямар тусгагдсан уу. Гүрж улсын туршлага манай хөрсөнд таарах уу, нарийн судалж үзэв үү.

Ж.Ганбаатар: Бизнесийн салбарынхан бүгд муу хүн биш шүү Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ. Тийм биш гэдгийг би танд харуулахын тулд ажиллана. Аж ахуйн нэгж, бизнесменүүд энэ улсын авч явна гэдэгтэй төр эвлэрэх ёстой. Төрийн оролцоо бизнесийн салбарт бага байна гэж ярь байгаагаа хэрэгжүүлэх ёстой. Бизнесийн салбарынхан улс төрд орж ирснээрээ асуудлыг унагачихлаа гэж их ярих юм. Сайнтай муутай хүн энэ салбарт бий гэдэгт санал нэг байна. Гэхдээ энэ салбарынхан бүгд муу муухай хүмүүс биш шударга сайн хүн байс байдаг юм шүү гэдгийг би харуулж ажиллана. Бизнесийн салбарынхан төрийн хүнд сурталыг давахын төлөө ихэнх цагаа бардаг. Энэ зөвшөөрлийн араас хөөцөлдөж явж байж хамаг цагаа бардаг. Уул уурхай болон банк санхүүгийн салбарын тусгай зөвшөөрлийг цэгцлэх ёстой. Монгол Улсын төр бизнесийн салбарт оролцох оролцоогоо хумих ёстой. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн биелүүлээгүй бол хариуцлага тооцно л гэж байна. Яг ямар хариуцлага тооцох юм бэ. Эрх мэдэлтнүүд хууль зөрчихгүй байх асуудлыг тодорхой болгох ёстой. Зөвшөөрөл олгосон ч араас нь хяналт тавьдаг байх ёстой. Үүнийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. 

С.Бямбацогт: Өмнө баталж байсан хуулиудад тусгагдахгүй байсан онцлог заалтуудыг оруулж өгсөн. Тусгай зөвшөөрлийг 10, энгийн зөвшөөрлийг тав хоногийн дотор шийдэх ёстой гэсэн заалтыг оруулсан. Шийдэхдээ ийм ийм бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой гэдгийг нарийн заасан. Хуульд зааснаас гадуур нэмэлт бичиг баримт төлбөр мөнгө нэхэхийг хориглоно. Үүнийг зөрчвөл хариуцлага тооцно. Зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлээ маш тодорхой тайлбарлах ёстой. Хууль журам зөрчөөгүй бол зөвшөөрлийг шууд сунгана. Сунгах хугшацаандаа ямар нэг шийдвэр гаргаагүй бол автоматаар шууд сунгагдана. Энэ мэт хариуцлагатай холбоотой заалтууд орсон. Зөвшөөрөл олгогч хууль зөрчсөн бол бусдад учруулсан хохирлыг барагдуулна. 

Ж.Ганбаатар: Хуулиудад хариуцлага тооцно гээд орхичихдог. Яг ямар хариуцлага хүлээх нь тодорхой байх ёстой. 

Б.Бат-Эрдэнэ: Хүнд суртлыг багасгах биш бүр арилгах чиглэлээр асуудлыг оруулах ёстой. Зарчимтай байх ёстой гэдэг асуудлыг л би яриад байгаа юм. Сүүлийн 10 гаруй жилд УИХ-д орж ирж байгаа хүмүүс бизесээ хөгжүүлэхийн тулд л орж ирж байна. Төрийн хүнд сурталаас залхаж байгаа учраас бизнесийнхэн улс төр лүү зүтгэж байна. Албан тушаалаа ашиглан авч болох бүх юмыг авч байгаа төрийн түшээд байна. 

Д.Оюундарь: Хуулийн төслийг дэмжиж байгаа. 1300 зөвшөөрлийг 448 болгож цөөлсөн нь сайшаалтай. Тусгай зөвшөөрлийг 13 чиглэлээр буюу 285, энгийн зөвшөөрлийг 13 чиглэлээр 163 болгож байгаа нь давуу тал. гэхдээ 2001 оны аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар ердөө 112 зөвшөөрлийг олгохоо хуульчилсан байдаг. Энэ нь явсаар байгаад 1300 болчихсон байсан. Энэ нь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлтэй болгосон. Хяналтын үүрэг гүйцнтгнэ байгаа мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөл олгож хэрхэвч болохгүй. Мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөл өгч байгаа нь маш олон сөрөг талыг бий болгож байгаа юм. Зөвшөөрлүүд аж ахуйн нэгжид маш их дарамт болдог. Тиймээс зөвшөөрлийг багасгаж, аж ахуйн нэгжүүдийг дарамтаас гаргах ёстой. Зарим тохиолдолд ажиллах цагийн хуваарийг нь хүртэл зааж байна. 

Ж.Бат-Эрдэнэ: Хуулийг дэмжиж байгаа. Эдийн засаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд л явдаг. Үүнийг мэддэг мөртлөө үүнийг цаасан дээр буулгахдаа хорьчихдог. Төрийн албан хаагчид ажилдаа хэт чамбайрах гээд зөвшөөрлийн хуулийг улам чанга болгочихдог. Тиймээс үүнийг энэ хуулиар тодорхой хэмжээнд багасгах, тусгай зөвшөөрлийн хугацааг нэмэгдүүлэх, хараа хяналтыг багасгахад гол агуулга нь явж байгаа юм. Зах зээлээр ажилладаг хувийн хэвшлийн гар хөлийг боомилж болохгүй. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.