ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Талийгаач гэмтлийн улмаас нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өчигдөр намын нөхөд нь талийгаачийн араас хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Мөн АН-ын зүгээс талийгаачийн нас барсан шалтгаан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэхдээ “Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэхэд эрүүл гэсэн хариу гарсан байдаг. АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явахдаа учир битүүлгээр амиа алдсанд Ардчилсан нам үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байгаа. Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна.

Сүүлийн үед талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээллийг соошлоор тараах, гүтгэх зэрэг монгол хүнд баймааргүй зүйлсийг тарааж байгаад харамсч байна” гэсэн юм. Тэгвэл АН-ын дэд дарга Х.Тэмүүжин “Үйл явдал шатны ойр болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан” гэх мэдээллийг өгөв. Талийгаач Г.Батхүү агсныг хамгийн сүүлд АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэх албан бус мэдээлэл байсан хэдий ч намын нөхөд нь үгүйсгэж, талийгаачийг осолдох үед АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа төв байранд хуралтай байсан гэв. Талийгаач нас барахаасаа 20 минутын өмнө Төрийн ордны гуравдүгээр давхарт баруун тийш алхаж яваа дүрс бичлэг нь хяналтын камерт бичигдсэн бөгөөд сүүлийн 20 минутад хаана байсан нь анхаарлын төвд байгаа. Тэгвэл сүүлийн 20 минутад тэрээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзсан байжээ. 

 

Н.Номтойбаяр: Талийгаач миний өрөөнөөс “Ахыг нь хүн хүлээж байгаа” гээд гарсан

Тэгвэл талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уг асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёулаа автоспорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Буцаж гараад би 19:18 цагт бүлгийн хуралд оролцсон. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлсэн. Өчигдөр цагдаагийн байгууллага намайг завтай байна уу хүрээд ирээч гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлд уулзахад жин нэлээн хассан байсан. Бид 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан юм. Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан” хэмээлээ. Н.Номтойбаяр гишүүнийг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг тайлбарлахдаа “Миний өрөөнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Өдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн. Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр өдөр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ” гэв.