ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Х.Нямбаатараа тодрох гэсэн “өвчин” чинь аминд чинь хүрэх вий

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-22

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Манай яаманд нэг төсөл бэлэн болчихоод байнгын хороо, УИХ-ын чуулганаар оруулах гэхээр цогц асуудал гээд болохгүй байна. Шүүгч нэг хуультай байсныг дөрөв болгосон. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд яамдаас санал авах гээд эргэлтэд гаргах гэж байна. Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдож болохгүй байна. Эрүүгийн хуулийн нэг утас хөврөхөд дагаад бусад нь хөвөрчихдөг хууль.

Зөрчлийн хуулийг яг ийм байдлаар баталсан. Тиймээс цогцоор нь засах санал оруулж ирнэ. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар та нар л ийм заваан юм хийгээд дараа нь үүнийгээ надаас асуудаг аа боль. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү Х.Нямбаатар аа. Өөрөө хийж чадаагүй асуудлынхаа бурууг тохох эзэн битгий хай. Өглөө бүр ууртай хүмүүс орж ирээд хэрүүл хийж байх юм. Үүнийгээ болих хэрэгтэй” гэв. Чуулганы хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.