ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Монголын зургаан хуулийн байгууллага эрүүдэн шүүлтэд оролцсон

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр бүхий сэтгүүлчдийн дансыг шалгуулсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар болон бусад асуудлаар тэрбээр байр сууриа илэрхийллээ.  Мөн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял авсан иргэдийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой шинэ мэдээллүүдийг ч өглөө.  Ц.Нямдорж сайд “Надад сэтгүүлчдийг оролдох сонирхол байхгүй. Би та нарыг бүгдийг чинь танина шүү дээ. Энэ мэдээлэл худлаа. 

10 сая ам.доллартай холбоотой янз бүрийн шуугиан гаргаад л байна. Тагнуултай, цагдаатай, АТГ-ынхантай ярьсан, бичиг авсан. Үүнтэй холбоотой ямар ч мэдээлэл байхгүй.  Нэг сонин дээр ийм мэдээлэл гаргачихаад, түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо. Тэр мэдээлэл гаргасан хүнээс нь үнэн, зөвийг тунгааж, мэдээлэл өг гэхээр таг. “Та нар улс төрийн зорилгоор намайг шалгах гээд байна” гэж хэлж бултаад, худал мэдээлэл тарааж, ийм байдалд хүргээд байна. 

Ер нь ийм асуудал үнэхээр байсан бол баримттай нь гаргаж тавиад, хуулийн байгууллагад өгчихвөл асуудал цаашаа явна. Гэвч тийм баримт алга. Нэг биш асуудлыг ингэж худлаа ярьж, мэдээлэл тарааж байна. Үнэхээр зовлонтой байгаа. 

Эрүүдэн шүүсэнтэй холбоотой 8 хүний хэргийг шалгаж дуусаад, өчигдөр прокурорт шилжүүлсэн. Энэ хүмүүсийг бүгдийг нь цагдан хорьсон. Одоо бүгд суллагдсан байгаа. Энэ дунд тагнуулынхан, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн бий. Эрүүдэн шүүлтэд оролцоогүй хуулийн байгууллагынхан байхгүй. Шүүх, тагнуулынхан, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ-ынхан гээд. Монголын 6 хуулийн байгууллагын төлөөлөл эрүүдэн шүүлтэд ил, далд ямар нэгэн хэлбэрээр оролцсон.  Эрүүдэн шүүгдсэн иргэдийг цагдан хорих шийдвэрийг прокуророор дамжуулж шүүгч гаргаж байгаа.  

Хамгийн сүүлд нь Дээд шүүхэд очиход эрх бүхий шүүгч замаас нь бүрэлдэхүүнийг нь солиод, ял оноогоод дууссан. Прокурорын байгууллага тэр чигээрээ оролцсон. Нас барсан хүнд хүртэл ял тохсон” хэмээлээ.