ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Эрдэнэ: Томилогдоод удаагүй хүн маш ноцтой гэмт хэрэгт холбогдсоныг сайтар нягтлах хэрэгтэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-09

Монголын дипломат ажилтнууд гадаад улсад 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан байгаа. Тэд хил нэвтрэх үедээ 70 кг мансууруулах бодис тээвэрлэж явсан нь  тогтоогдсон. Үйлдэл дээрээ баригдсан гэсэн үг.

Энэ асуудалтай холбог­дуулан Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн тагнуулын байгууллага энэ хэрэгтэй холбоотойгоор зохион байгуулагч, ний­лүү­лэгч­дийг шалгаж, судлах ажлыг хийж байна.

2018 оны сүүл 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат паспорт, дипломат дугаартай авто машин ашиглан хууль бусаар эд зүйл хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирж эхэлсэн. Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хэд хэдэн чиглэлээр шалгах, судлах ажлыг зохион байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн Герман Улсын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Энэ үед буюу тавдугаар сард энэ хэрэг гарсан байгаа.

Герман Улстай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй учраас тус хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Дипломат дугаартай авто машин нь хувийн машин байсан. Дипломатууд тухайн орондоо хүсэлт тавиад хувийнхаа машинд дипломат дугаар ашиглаж болдог. Ийм машин ашиглаж уг хэргийг үйлдсэн юм билээ. Яагаад энэ машинд дипломат дугаар олгосон, ямар учраас тухайн үед Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр ажилтан Герман улсад явж байсан, ийм их хэмжээний хар тамхийг хаанаас авсан, хэн нийлүүлсэн зэрэг асуудлыг сайтар судалж, нягтлах шаардлагатай” хэмээн мэдээлэв. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Хэрэгт холбогдсон Б.Бат­түшиг дипломатч танайхаас томилогдож очсон хүн гэсэн мэдээлэл байгаа?

-Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Гадаад харилцааны яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа. Төрийн дипломат албаны шаардлагыг хангаж ажиллаж байсан хүн. 

-Б.Баттүшиг “Би бол тагнуулын байгууллагаас томилогдож очсон хүн учраас ГХЯ-нд хамаагүй” гээд консулаар ажиллаж байгаа хүнтэй зүй бусаар харьцдаг, хэлсэн үгийг нь үл тоодог гэсэн мэдээлэл байгаа юм билээ?

-Тэр асуудлыг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Баттүшиг бол ГХЯ-наас томилогдсон хүн. 

-Хар тамхи тээвэрлэж байж болзошгүй гэсэн мэдээллийг ГХЯ-наас тагнуулын байгууллагад өнгөрөгч оны сүүлээр өгсөн юм байна шүү дээ?

-Ер нь бол ийм мэдээлэл тагнуулын байгууллагын шугамаар орж ирсэн. 2018 оны байдлаар хилийн чанадад 1400 орчим хэрэг үйлдэгдсэн гэсэн мэдээлэл байгаа. Үүнээс 160 орчим хүн хилийн чанадад ял эдэлж байна. 

-Хэрэгт холбогдсон дипло­мат томилогдож очоод удаагүй байсан гэсэн. Тэгэхээр энэ хэрэгт гадны ямар нэг нөлөө байгаа эсэхийг шалгаж байгаа юу?

-Томилогдож очоод удаагүй байхдаа ийм ноцтой гэмт хэрэгт холбогдоно гэдэг анхаарал татсан асуудал мөн. Хамгийн гол нь тагнуулын байгууллагын зүгээс манай улсын иргэд маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэгт ямар байдлаар ашиглагдаад байгаа вэ гэдгийг шалгах ёстой. Дахиж ийм хэрэг гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. 

-Хэрэгт холбогдсон ир­гэдийг шалгаж байгаа орны ялын бодлого ямар байдаг юм бол. Та бүхэн судалж үзсэн үү. Хэчнээн жилийн ял авах бол?

-Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Хар тамхи хилээр нэвтрүүлэх бол маш ноцтой гэмт хэрэг. Түүнийгээ дагаад ялын бодлого ч хүнд байна. 

-ГХЯ-ны дотоод хяналт шалгалтын албанаас энэ оны нэгдүгээр сард Истанбулын консулын газрыг шалгасан гэсэн. Хилээр хууль бусаар бараа зөөвөрлөж байж болзошгүй гэсэн мэдээлэл оны сүүлээр ирсэн байтал даруй шалгаж, арга хэмжээ авах боломжгүй байсан уу. Асуудал ийм хэмжээнд хүрэхээс өмнө илрүүлээд, таслан зогсоож болоогүй юм уу ?

-ГХЯ-ны Дотоод хяналт, шал­галтын алба ямар асууд­лаар юу шалгасныг таг­нуулын байгууллага мэдэхгүй. Тиймээс тухайн байгууллагаас тодруулсан нь дээр байх. Үнэндээ хилээр хар тамхи нэвтрүүлнэ гэдэг маш далд аргаар, нарийн зохион бай­гуу­лалттай үйлдэгддэг хэрэг. Хууль хяналтын бай­гууллагатай хамтран хичээж ажиллаж байгаа ч тогтоож чадаагүй асуудал юм. 

-Олон удаагийн үйлдэл үү?

-Одоогоор шалгаж байгаа хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. ГХЯ болон тагнуулын байгууллага хамтран шалгалт, судалгааны ажлыг хийж байгаа. Шинэ нөхцөл байдал үүсвэл тухай бүрт нь мэдээлэл өгнө. 

-Ялтан солилцох гэрээ байхгүй учраас энэ хэрэгт холбогдсон хоёр иргэнийг авчрах боломж байхгүй юу?

-ГХЯ болон тагнуулын байгууллага хамтран энэ чиглэлээр судална. Аль ч оронд хэрэг хийсэн ч гэсэн иргэнийхээ эрх ашгийг хам­гаалах чиглэлээр ажилладаг. 

-Гурван сая евротой тэнцэхүйц хар тамхи гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёрхон иргэн энэ их хар тамхийг зөөвөрлөсөн гэдэг эргэлзээтэй гэх хардлага байгаа?

-Ийм магадлал бол өндөр. Энэ асуудлыг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.