ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Батбаатар: “Петро Чайна”-гийнхан танай улсын хууль бидэнд хамаагүй гэсэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-09

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар  баасан гарагт  “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK, Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2019 оны нэгдүгээр сард гурван төрийн бус байгууллага надад хүсэлт гаргасан. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах 19, 21 дүгээр талбайд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийг монголчуудыг оруулж ажиллуулаачээ гэдэг асуудал тавьсан.  

Энэ талаар ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв, Газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг холбогдох байгууллагад хүсэлт тавихад, тэд сайнаар хүлээж авсан. Дөрөвдүгээр сараас эхлээд нэг ч кран Хятадаас оруулж ирэхгүй гэдэг шийдвэр гарсан. Гэтэл дөрөвүгээр сарын 20 гэхэд Баянхошуу боомтоор зургаан кран Хятадаас оруулж ирлээ гэдэг мэдээлэл ирсэн. Үүний дагуу газар дээр нь очиж зургадугаар сарын 2-5-ны хооронд ажиллахад тэнд ноцтой зөрчлүүд илэрсэн.  

Монголд ажиллаж байгаа Хятадын буюу бусад орны тээврийн хэрэгслүүд Монгол Óлс, БНХАУ хоёр хоорондын байгуулсан “Авто тээврийн хэлэлцээр”-ийг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийг энэ протокол дээр "Онцгой зөвшөөрөл авахын тулд хятадын талын тээврийн хэрэгсэл нь хятадын эрх бүхий байгууллагаар дамжуулж, Монголын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч орж ирнэ" гэсэн байдаг.  Гэтэл эдгээр зургаан краныг нэг удаа хил нэвтэрдэг зөвшөөрлөөр оруулж ирсэн байсан.” гэлээ. 

Төрийн байгууллагаас хууль бус үйлдлээ зогсоож оруулж ирсэн тээврийн хэрэгслээ тавдугаар сарын 30-ны дотор гарга гэсэн бичиг өгчээ. Үүний  дагуу Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга, улсын байцаагчтай нь хамт очиход “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийнхан "танай улсын шийдвэр бидэнд үйлчлэхгүй. Толгой компанийнхаа шийдвэрээр ажилладаг” хэмээжээ. Монголчууд ажиллавал хог цэвэрлэх ажил хийх ёстой. Энэ том өргөх цамхагыг монголчууд буулгаж чадахгүй. Хятад хэл мэдэхгүй гэсэн байдлаар  хандсан байна.  Гэтэл “тийм биш манай кранистууд чадвартай туршлагатай, тэр цамхагыг нь буулгаж чаддаг. Краны хэл бол дохио шүү дээ. Тиймээс хэл мэдэхгүй гэх асуудал нь утгагүй” гэлээ.  

Мөн тэрбээр үргэлжлүүлэн, “Бичигтийн боомтоор яг энэ маягаар кран оруулж ирсэн ч,  зургаа нь 10 гаруй болчихсон. Төрийн байгууллага шаардлага өгөхөд гарахгүй гэдэг. Бид ингээд шаардлага тавиад явахаар  дөрвөн кранаа хил дээр аваачиж орхиод, жолооч нараа нуучихдаг. Краныг хэн ч хөдөлгөж чадахгүй. Харин хоёр нь 19 дүгээр талбай руу явуулчихсан байсан. Энэ нь ямар учиртай гэхээр  Баянхошуу боомтоор орж ирсэн машинууд 21 дүгээр талбай дээр ажиллаж, Бичигтийн боомтоор орж ирсэнүүд нь 19 дүгээр талбайд ажилладаг юм билээ. Орж ирсэн автомашинуудаа хооронд нь сольж, төрийн байгууллагын толгойг эргүүлдэг юм байна.

Мөн тэнд тракторууд ирээд гагнуур хийж байна. Үүнийг монголчууд хийж чадна.  Хятадын тээврийн хэрэгслийн дугаар дээр Монголын тээврийн хэрэгслийн дугаарыг тавьсан байдаг. Үүнийг  тоног төхөөрөмж гэж оруулж ирдэг. Энэ тоног төхөөрөмжөө машин дээрээсээ буулгаж, талбай дотроо ажиллуулчихаад буцаагаад аваад явчихдаг. Энэ дээр нэгдсэн шалгалт хийгээд Монголчууд хийж болох ажлыг хийж болно. Тиймээс “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн энэ үйл ажиллагаанд төр анхаарал хандуулах хэрэгтэй байна" хэмээлээ.