ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ хаалттай хуралдлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-10

НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх зэрэг гурван дүүргийн хороодын хэсэгчлэн хувааж, нийтдээ 17 хороо нэмэх шийдвэр гаргасан байна.  Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг тавдугаар сарын сүүлээр  хэлэлцэн  Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байх шийдвэрийг НИТХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан юм.  

Сонгинохайрхан дүүргийг анх 1992 онд 20 хороо, 115 мянган хүн амтайгаар байгуулсан бол өдгөө 32 хороо, 300 гаруй мянган хүн амтай болон өргөжжээ. Энэ мэт байдлаас шалтгаалан нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, хороодын тоог нэмэх асуудал хоёр жилийн  өмнөөс  холбогдох байгууллагын хэмжээнд хөндөгдөх болов. Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан шинээр 17 хороог байгуулах, есөн дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болжээ. 

Тэгвэл  өчигдрийн НИТХ-ын ээлжит  XXV хуралдаан болсон боловч хэвлэл мэдээллийн байгууллагад хаалттайгаар хуралдлаа.