ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дипломат Б.Баттүшиг багадаа 15 жилийн ял авах магадлалтай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

Монголын Улсын нэр нүүр болон явах учиртай дипломат ажилтнууд маш их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг саяхан гарсан. Тодруулбал өнгөрсөн сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгахад машинд нийт 70 кг, гурван сая еврогийн үнэ бүхий хар тамхи тээвэрлэж байсан юм.

Тагнуулын сургууль төгсөөд төд удалгүй дипломатчийн үүрэг гүйцэтгэн хилийн дээс алхсан Б.Баттүшиг ХБНГУ-ын хуулиар шийтгүүлэх нь тодорхой болсон. Тус улсын хуульд тухайн иргэн 5 гр түүнээс бага хэмжээтэй хар тамхи авч явсан бол ямар нэгэн ял шийтгэлгүй байдаг аж. Харин түүнээс их бол хуулийн дагуу ял шийтгэл оноодог юм байна. Маш их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшиг нарт хамгийн багадаа 15 жилийн хорих ял оноох нь. Мөрдөн байцаалтын явцад нэг бус давтан үйлдэлтэй, тэр бүртээ хэдэн кг хар тамхи зөөсөн болох нь тогтоогдох учир ялын хэмжээ нэмэгдэх аж. Сүүлийн үед хар тамхи хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдах, донтох үзэгдэл Германд газар авч байгааг хэвлэлүүд нь онцолжээ. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд их автаж байгаа учир хар тамхи түүнтэй холбоотой хэрэгт хүнд ял оноодог хуулийн зохицуулалттай болсныг дэлхийн олон хэвлэл, сайтууд мэдээлж байна.