ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн хорино

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зориулж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрөгч гуравдугаар сарын 05-нд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэн ажиллагаа явуулан гэрээс нь баривчилсан юм. Улмаар, 24 цагийн дараа түүнийг сулласан ч өнгөрөгч тавдугаар сарын 29-нд дахин баривчлан, цагдан хорьсон билээ. 

Ингэхдээ хэрэгт холбоотой этгээдүүд мэдүүлгээ нэгтгэх, мөрдөн байцаалтын шатанд хүндрэл учруулж болзошгүй хэмээн баривчилсан байдаг. Өмгөөлөгч нь цагдан хорих хүсэлтийг хойшлуулах гэж хэд хэдэн удаа шүүгчээсээ татгалзсан ч цагдан хорих нь зөв гэж шийдсэн байдаг. 

Тэгвэл түүний өмгөөлөгч нь дахин эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Улмаар, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзахаар болсон байна. Д.Эрдэнэбилэгийн тухайд элэгний циррозтой, цагаан эсийн дутагдалтай бөгөөд дотуур цус алдах эрсдэлтэй учраас хүсэлт гаргасан гэдгээ өмгөөлөгчийн зүгээс хэлж байсан юм.