ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван толгойн “цусгүй дайн”

O.Admin
2019-06-16

Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хоёр эртний найзууд. Нэгнээ “амин анд” хэмээн хүндэтгэж явсан үе саяхан. Харамсалтай нь, тэдний нөхөрлөл эрх мэдлийн өндөр сэнтийд залрах, мөнгөний үнэр авах хүртэл үргэлжилсэн. Товчхондоо, 2016 оны орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн МАН ялалт байгуулсны дараа “бялуунаас” ахиу хүртэхийн төлөөх “цусгүй дайн” амин андуудын хооронд эхэлсэн.  Өмнөговийн МАН-ын дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх дайн анхандаа түр аргацаасан, талууд цаг хожих зорилготой түр зөвшилцөл хэлбэртэй байв. Тодруулбал, Л.Энхболдын зүгээс өөрийн хүмүүс болох Х.Сугир, Ө.Баянмөнх нарыг аймгийн ИТХ-ын дарга, ЗДТГ-ын  дарга болгосон. Харин Н.Наранбаатарын хувьд өөрөө Засаг дарга болж, улмаар өөрийн багийн Х.Батболдыг орлогч дарга, С.Мөнхбаярыг орлогч дарга бөгөөд “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгосон. 

Энэ түр зөвшилцөлд Л.Энхболдын санхүүгийн сонирхол тусгагдаагүй. Энэ нь Өмнөговь аймгийн хэдэн зуун тэрбумын төсөв, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-д Н.Наранбаатар шууд болон шууд бусаар хяналт тогтоосноор илэрсэн. Хоёр амин анд байгуулсан энэхүү түр зөвшилцөлд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, түүнийг хүрээлсэн зарим ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн гурав дахь бүлгийн эрх ашгийг харгалзаагүй. Эндээс Өмнөговийн МАН хүчний хувьд ойролцоо Л.Энхболдын, Н.Наранбаатарын, хүчний тэнцвэрийг хангаж чадах Н.Амарзаяагийн гэсэн гурван фракцтай болсон.

Л.Энхболдын фракцын зүгээс мөнгө, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд аймгийн Засаг дарга руу төсөл, хөтөлбөрт хамрагдах, тендер авах хүсэлтээ ил, далд хэлбэрээр олон удаа илэрхийлсэн. Н.Наранбаатарын фракцын зүгээс тухай бүрдээ “үгүй” гэсэн хариулт сонссон. Ийм байдал Л.Энхболдын зүгээс амин анд Н.Наранбаатарт өгсөн итгэлийг хөсөрдүүлсэн. Улмаар Н.Наранбаатарыг огцруулах санаачилгыг Л.Энхболдын зүгээс гаргахад хүргэсэн байх талтай. Засаг даргын зүгээс нөхцөл байдлыг урьдчилан харж, Н.Амарзаяагийн фракцтай далдуур тохироо хийсэн. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанд Л.Энхболдын хүн гэгдэх Х.Сугирыг огцруулах саналыг Н.Амарзаяагийн фракцын гол төлөөлөгч С.Цэрэнбаяраар дамжуулан оруулсан.

Цагийн тохироо бүрдэж, Х.Сугирыг огцруулж чадаагүй боловч В.Мөнхбат тэргүүтэй Н.Амарзаяагийн хүмүүс санхүүгийн эрх мэдэл бүхий албан тушаал руу очсон. Энэ үед Н.Наранбаатарын зүгээс УИХ-ын дарга  Миеэгомбын Энхболдын бүлгийн идэвхтэй гишүүн Н.Амарзаяатай хүч хавсрахад том улс төрийн дэмжлэг талаасаа чухал ач холбогдолтой байв. Түүнчлэн Н.Наранбаатар Засаг дарга өмнө нь дарга цэргийн харилцаатай байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр дамжуулан Миеэ.Энхболдтой ойрхон байж, түүний сонгуульд хүч хөрөнгө чамгүй гаргасан. Ийм сэжмээр засаг Н.Наранбаатар, гишүүн Н.Амарзаяа нар ойрхон байв.

Гишүүн Л.Энхболд, засаг ноён Н.Наранбаатар хоёрын зөрчил ужгирч, эвлэрэх нөхцөл ажиглагдахгүй 2018 оны арванхоёрдугаар сард хүрэв. Энэ үед дайран дээр давс гэгчээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зөрчил дээд цэгтээ хүрч М.Энхболдын ялагдлаар өндөрлөсөн нь Өмнөговийн МАН-ын хуваагдлыг улам дэвэргэлээ. УИХ-ын дарга ажлаа өгснөөс хэдхэн хоногийн дараа засаг дарга Н.Наранбаатар тушаал гаргаж Л.Энхболдын хүн болох аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхийг ажлаас халсан. Гэхдээ засаг дарга энэ тушаалаа 14 хоногийн дараа өөрөө цуцалсан. Улс төрийн хүрээнд Н.Наранбаатарын энэ үйлдлийг Ө.Баянмөнх сүрдүүлсэн үйлдэл гэж ярьдаг. Хачирхалтай нь Ө.Баянмөнх бол Өмнөговь аймаг дахь Зүүний хүчний холбооны даргаар 2015 оноос хойш ажиллаж байгаа.

Эндээс харвал Н.Наранбаатарын хувьд У.Хүрэлсүхийн талыг баримтлагч Л.Энхболдтой ил дайсагналцаж буйг илэрхийлсэн үйлдэл байв. Харин Ө.Баянмөнхийг буцаан ажилд томилсон шалтгааны хувьд Засаг дарга Н.Наранбаатарын “ноцтой, ноо-той” мэдээллийг Ө.Баянмөнх мэддэг, түүнийг баримтжуулсан байсантай холбон тайлбарлах нь элбэг байдаг. Н.Наранбаатарын фракцын зүгээс Л.Энхболдын фракцын голлох хүмүүс рүү хийсэн удаа дараагийн дайралт нь хор хохирол ихтэй байв. Ингээд гишүүн Л.Энхболдын зүгээс хэдхэн сарын өмнө хоорондоо байлдаж асан УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай найрамдаж, улмаар холбоотон болов.

Аймгийн ИТХ-д бий болсон “шинэ холбоотон”-нууд хүчнийхээ илүү байдлыг ашиглан 2019 оны гуравдугаар сард Өмнөговь аймгийн төсвийг ихэнхийг бүрдүүлэгч “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Н.Амарзаяагийн фракцын гол хүн В.Мөнхбатыг тавьж авлаа. Н.Наранбаатарын бүлгийнхний хувьд С.Мөнхбаярын хашиж байсан “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын суудлыг алдсан нь санхүүгийн эрх мэдлээ алдсан томоохон хохирол болов. Гэхдээ Н.Наранбаатар дарга өөрийн хамаарал бүхий этгээд Ц.Батсайханыг “Таван Толгой” ХК-ийн дэд захирал болгосон. Харин Л.Энхболд гишүүний хувьд өөрийн дотны найз Н.Заяагаа “Таван Толгой” ХК-ийн ерөнхий нягтлангаар тавьж чадсан. Эндээс харвал Н.Наранбаатарын фракц “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга дээр буулт хийсэн боловч дэд захиралын албан тушаалыг авсан.

Нөгөө шинэ холбоотон болох Л.Энхболд, Н.Амарзаяа гишүүд “Таван Толгой” ХК-д илүү нөлөөтэй болсон. 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн бий болсон шинэ нөхцөл байдалд Н.Наранбаатарын фракцын хувьд нам доторх байлдаандаа хохирол багатай гарах гэсэн сонголт хийхээс өөр аргагүй болгож байна. Н.Наранбаатарын хувьд хамгийн зөв сонголт нь нэгэнт нэр хүндээ алдсан, дахин УИХ-д нэр дэвшихгүй Н.Амарзаяатай тойргоо тохирно. УИХ-ын гишүүн Л.Энхболдтой одоо хийж явуулж буй нүүрсний болон бусад бизнесээ 2020 оны сонгууль хүртэл хэвээр хадгалахаар тогтоно. Сөргөлдөгч хоёр фракцтай дээрх хэдэн тохироо хийгээд Өмнөговь аймгийн засаг даргын ажлаа 2019 оны есдүгээр сард багтаж өгнө.

Дараагийн Засаг даргыг Л.Энхболдын фракц авч, Ө.Баянмөнхөө томилуулна. Харин Н.Амарзаяагийн фракц аймгийн орлогч даргаар Б.Эрдэнэ-Очирыг томилж, сүүлд уг фракцад нэгдсэн гэх Х.Батболдыг нөгөө орлогчоор хэвээр үлдээнэ. Цаашлаад “Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнийг өөрчлөхийн төлөө тэмцэж хүчтэй өрнөх болно. Ингэж Өмнөговийн МАН-д хүчний шинэ тэнцвэр бий болно. Үүсэн хүчний тэнцвэр 2020 оны УИХ-ын ба орон нутгийн сонгууль хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн үр дүнгээр шинэ харьцаа бий болж, албан тушаалд өөрчлөлт орно. Гэхдээ нэг зүйл хувиршгүй хэвээр үлдэнэ.

Тэр бол Өмнөговийн МАН-д бий болсон энэ гурван фракц. Нэг үгээр хэлбэл,  Өмнөговийн МАН гурван толгойтой “балчир могой” болон үлдэх болно. Хэдийгээр богино хугацаанд аймгийн МАН-д үүссэн боловч энэ гурван фракцын зодооныг харвал Монголын түүхнээ хар толбо болон үлдсэн бага хаадын үеийг өөрийн эрхгүй санагдуулна. Фракцын толгойлогч нарын хэн нь ч зуугийн талыг наслаагүй байна.

Энэ талаас нь харвал,  Өмнөговийн МАН нь нялхсын өвчинтэй, балчир хаадын зодооны үүр уурхай болжээ. Өмнөговийн иргэд 2016 оны сонгуулиар МАН-ын залуусыг аймгийн хөгжлийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх юм байна итгэж, тэднийг олонх болгож, эрхийг нь өгсөн. Харамсалтай нь, тэдний нутаг орноо хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэл нь ямар нэгэн байдлаар мөнгө, эрх мэдэл, төрийн ямбаны дор дарагдсан уу. Эсвэл анхнаасаа зөвхөн мөнгө, эрх мэдлийн төлөө тэмцэх зорилготой байсан хоёрыг алин болохыг та бид удахгүй харж, ойлгох болно. 

Х.Эрбор