ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Ерөнхий сайд өөрөө Засгийн газрынхаа сайдуудыг томилж, чөлөөлдөг болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа  зорилго нь чухам юу вэ. Одоо хийх гэж байгаа өөрчлөлтүүд тэр зорилгод хүрч чадах уу. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Ардчиллын замыг сонгоод бид 30 жил болжээ. Сүүлийн үед ард нийт, улстөрчид ч туулж ирсэн замналынхаа талаар, алдаа, оноог их ярих боллоо. Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноо нь юу байв. Яагаад сүүлийн жилүүдэд дороо эргээд урагшаа ахихгүй байна. Энэ нь хүнээс болов уу, тогтолцооноос уу. Гэх мэтээр бид олон талаас нь ярьж байна. Нийтээрээ бид нийгмээ дүгнэх цаг үе болчихсон. Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярих хэрэгтэй гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  үндэслэл, зорилго юу байв гэж асуулаа. Үндсэн хуульд өөрчлөлт хийвэл яасан юм бэ гэдэг асуудлыг эртнээс ярьж эхэлсэн. 2016 оноос гадаадын болон дотоодын олон байгууллага судалгаа хийсэн байдаг. Том том дүгнэлтүүдийг ч гаргасан. Тэд Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн түвшинд өөрчлөх нь зүйтэй. Одоохондоо цоо шинэ Үндсэн хууль батлах шаардлага алга. Одоогийн хуульдаа засвар хийгээд явахад олон алдааг засаж болно гэдэг дүгнэлтийг судлаачид гаргасан байдаг юм.

Үүнийг парламентын түвшинд авч хэлэлцээд, МАН 2016 онд сонгуульд оролцохдоо ард иргэдээс асууж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж амласан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн том амлалтыг ард иргэд сонгууль өгөхдөө бодолцож, саналаа өгсөн байх. Тийм ч учраас бидэнд Үндсэн хуулийг өөрчилж чадахуйц буюу 65 суудал өгсөн гэж боддог. Нийгэмд өрнөж байгаа хэлэлцүүлгүүдийг багцлаад үзвэл дөрвөн том асуудлыг тойрч яриад байна. Нэгдүгээрт, баян, хоосны ялгаа их боллоо. Баялгийн хуваарилалтыг тэгш болгоё. Бүх хүнд тэгш боломж олгодог болъё гэж ярьж байна. Хоёрдугаарт, шударга ёсны хүсэмжлэл өндөр байгаа. Иргэд цалин, тэтгэвэр нэмэхээс илүү нийгэмд шударга ёсыг бэхжүүлээч гэж шаарддага болсон. Шүүх, хууль хүчний байгууллага хараат бус, бие даасан байх ёстой. Гэтэл хэтэрхий бүлэглэж байгаа юм биш үү. Тийм учраас шударга ёсны хүсэмжлэлийг хангах ёстой юм. Гуравдугаарт, улстөржилт хэрээс хэтэрлээ.  Дов, жалгаараа хуваагдаж хэрэлддэг. Дөрвөн жил сонгууль хийсээр байгаад л дараагийн парламентын сонгуультай золгодог. Баг, сумын сонгууль. Аймаг, нийслэлийн иргэдийн хурлын сонгууль гэж байна. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гээд таван сонгууль дунд төөрчихсөн. УИХ хоёр жил ажиллаад л дөрөв дэх жилээсээ дараагийн сонгуульдаа бэлтгээд таарч байна. 

-Монголын гуравхан сая хүнийг намын гишүүнд хуваагаад, хоорондоо өрсөлдөөд байхаар намчирхал байхгүй гээд яах юм бэ. Намд учир нь байгаа юм биш үү?

-Улс төрийн нам гэдэг чинь яг нам гэдэг сонгодог утга руугаа очиж чадаж байгаа юу. Тодорхой эрх ашгаар нэгдсэн бүлэглэл болоод байгаа юм уу гэдэг асуудал чухал болчихоод байна.  Түүнээс намыг огт үгүйсгэж болохгүй. Нам нийтийн эрх ашгийн төлөө, иргэдийн хүсэл зорилгыг илэрхийлэхийн төлөө ил тод ажиллах ёстой. Гэвч энэ зорилгодоо хүрч чадаж байна уу гэдэг асуудлыг л ярих цаг болсон. Нэг ёсондоо улстөржилтийн цөм нь нам болоод, намгүй нийгэм байгуулбал яасан гэдэг санал ч гарч ирэх болсон. Тиймээс энэ асуудлыг шийдэх цаг нь болсон. Бидэнтэй адилхан социалист системтэй байсан. Нэг гараанаас гарсан улс орнууд хөгжлөөрөө манайхаас илүү гараад явчихлаа. Манай хоёр хөрш дэлхийд хөгжлөөрөө гайхуулж байна. Бид яагаад хөгжиж чадахгүй байгаа. Том, том төслүүдийг хөдөлгөх талаар Засгийн газар, парламент дамжаад яриад байдаг. Хөдөлдөггүй. Энэ юунаас болов, шалтгаан нь юу юм. Хөгжлийн бодлогоо тойрч сууж яриад, гаргаад, тогтвортой хэрэгжүүлээд явж болохгүй байгаа юм. Бодлого хэрэгжүүлэх ёстой төр засаг нь яагаад тогтвортой ажиллаж болохгүй байна вэ. Нэг парламент гарч ирээд, 2-3 засаг сольдог. Яагаад ингээд байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Нэг ёсондоо иргэд тогтвортой засаглал, хөгжлийг хүсэж байна. Дөрвөн хүслийг биелүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар иргэдийн хүсээд байгаа тогтвортой хөгжил, засаглал бий болж, Монгол Улс хөгжих үү?

-Баялгийн хуваарилалтыг тэгш болгохын тулд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч байна” гэсэн заалт дээр нэмээд төрөөс байгалийн баялаг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана гэсэн зарчмыг оруулж өгсөн. Нэг ёсондоо байгалийн баялгийг төр мэдэж, ашиглах ёстой. Ашиглахдаа ямар зарчим барих ёстой вэ гэдгийг нь бид зааж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, тогтвортой хөгжлийг хангах нь байна. Энэ бол Үндсэн хуульд оруулж өгч байгаа том өөрчлөлт. Үүнийг дагаад салбар буюу уул уурхай, бусад эдийн засгийн хуулиуд өөрчлөгдөнө. Тодорхой хэлбэл, энэ зарчмуудыг барьж хуулиа шинэчилнэ гэсэн үг. Нэг ёсондоо тэгш байдлыг хангахын тулд ямар хуульд ямар өөрчлөлт оруулах юм. Ил тод байдал, шударга ёсыг хангахын тулд аль хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ ярина. Энэ бол иргэдийн хүсээд байгаа баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, баян, хоосны ялгааг арилгах чиглэлд оруулж өгч буй том өөрчлөлт. 

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг заалттай огт хамааралгүй биз дээ. Иргэд буруу ойлгох вий?

-Тэр заалтад өөрчлөлт орохгүй. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт шүү дээ. Миний ярьсан нь 6.2 дахь заалт юм. Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалт байна гэдэг заалтыг огт хөндөөгүй. 6.2-ыг л хөндөж байгаа юм. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад нэг зүйлийг анхаарах ёстой. Төрийн болон ард түмний өмч гэдгийг хоёр хувааж үзэх хэрэгтэй. Байгалийн заяагдмал нийтийн өмч, үүсмэл төрийн өмч гэж хоёр хуваах ёстой. Парламентын ордон, бидний сууж байгаа сандал төрийн өмч. Хүний бүтээдэг баялаг байхгүй юу. Харин агаар мандал, ус, байгалийн баялгийг бид бүтээгээгүй. Тэр баялгийн ашиглалтад нь нийтийн өмчлөлийнх байя л гэж байгаа юм. Үүнийг нарийвчилж зааж өгснөөр баялгийн хуваарилалтад том өөрчлөлт гарна гэж тооцсон.  Шударга ёсыг хангах чиглэлээр хоёр зүйлийг анхаарах ёстой гэж үзсэн. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоохын тулд төрийн эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй байх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглал, хууль тогтоодог парламент, шүүх засаглалын тэнцвэрийг хангах хэрэгтэй юм байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчид шүүх засаглалыг бүрэн өгчихдөг. Гэтэл бүхэл бүтэн нэг том засаглалыг ганц хүний гарт өгч болохгүй нь харагдлаа. Нийгэмд шударга ёсыг тогтоож, бэхжүүлэх ёстой шүүх засаглал нь өөрөө нэг хүний мэдэлд оччихоор тэр хүнээсээ л хамаардаг. Үе үеийн Ерөнхийлөгчөөс л хамаардаг. Тэр хүн прокурорыг, АТГ-ын даргыг, ШЕЗ-ийг санал болгодог. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгч нараа томилдог. Гүйцэтгэх засаглалын нэг элемент болох Ерөнхийлөгчийн институт чинь шүүх эрх мэдлийн толгой болчихоод байгаа юм. Тиймээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зарим гишүүнийг парламентаас сонгодог. Зарим нь шүүгч нараасаа сонгогддог байхаар өөрчлөлт оруулна. Мөн шүүхийн хариуцлагын зөвлөл гэж байгуулна. Насаараа сонгогдсон шүүгч нар алдаа мадаг гаргавал хариуцлагын зөвлөл нь хариуцлага тооцдог болно. Одоо ШЕЗ-ийн дэргэд Ёс зүйн хороо гэж байдаг. Тэд ажлаа бүрэн хийж чадахгүй байгаа бол Үндсэн хуульд зааж өгье гэж байгаа юм. Ингэж байж бид шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгож, хариуцлагыг дээшлүүлнэ гэж үзэж байгаа. 

-Шүүх засаглалын хараат бус байдлыг дээшлүүлнэ гэхээр Цэцийн асуудлыг бас ярих ёстой. Цэцтэй холбоотой ямар өөрчлөлт орж байна?

-Үндсэн хуульд орж байгаа нэг том өөрчлөлт бол Цэцтэй холбоотой зохицуулалт. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг нэг удаа л томилдог болгохоор өөрчилж байгаа. Дахин томилогддог байхаар  томилж байгаа хүндээ үйлчлээд эхэлдэг.  Зургаан жилээр томилчихоод дахиад зургаан жилээр суулгахаар 12 жил болно. Тэгэхээр эхний зургаан жил нь дахиж томилогдохын төлөө томилсон хүндээ үйлчилдэг. Олон улсын жишигт есөөс дээшээ 10 хэдэн жилээр томилдог юм байна. Бид есөн жилээр нэг удаа л томилдог байхаар өөрчилнө. Тэгвэл томилсон хүндээ үйлчлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл дахиж томилогдоно гэж байхгүй юм чинь. Ажлаа хийгээд, шударга, зөв ажиллахаа л бодно. Гэх мэтээр шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр 10 гаруй заалт өөрчилж, оруулж байгаа. Тэр болгоныг задалж ярина гэвэл цаг хүрэлцэхгүй. 

-Иргэдийн хамгийн их хүсэмжилж байгаа зүйлийн нэг нь улстөржилтийг багасгах гэсэн. Энэ чиглэлд ямар заалтууд оруулж өгч байгаа вэ?

-Улс төрийн нам, нийтийн сонгуулийн хуулийг багасгаж байгаа. Багийн нийтийн хурлаар Засаг даргаа сонгодог доо, иргэд. Тэгвэл хуульд өөрчлөлт оруулснаар баг болон хорооны Засаг даргыг сумын, дүүргийн дарга нь томилдог болно. Сумын Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчдийг иргэд сонгоно. Харин сумын иргэдийн хурлаас аймаг, дүүргийн Иргэдийн хурлаас нийслэлийн хурлын төлөөлөгч сонгогдоно. Жишээлбэл, Өвөрхангай аймгийг аваад үзье. 19 сумынх нь иргэдийн төлөөлөгч  сонгогдоно. 19 сумын ИХТ-чид  өөрсдөд нь ирсэн квотын дагуу аймгийн Иргэдийн хурлын 45 гишүүнийг сонгоно гэсэн үг. Ингэхээр хоёр сонгуулийг алга болгоно. Ингэхээр сумын Засаг дарга, иргэдийн хурлын сонгууль гэж нэг болно. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болоод л гүйцээ. Хоёрдугаарт, сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог болохоор анхан шатны нэгж дээр намгүй сонгууль болно. Нам сонгохгүй, хувь хүнийг сонгоно шүү дээ.

Бие даагч ч тэнд өрсөлдөж болно. Би энэ сум, дүүргийн төлөө ингэж ажиллана гээд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэхээр ард иргэд МАН, АН-ыг биш Батыг, Цэцгээг сонгоно гэсэн үг. Тэгж байж сум, дүүрэгт байгаа улстөржилтийг алга болно. Тэгэхгүй болохоор одоо анхан шатанд нэг ангийн хоёр улстөржилтөөд байна. Түүнээс гадна, улс төрийн намыг анх удаа тусгайлан анх удаа тодорхойлж оруулж өгч байгаа. Нам бол иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж зааж өгсөн. Одоо яаж байна гэхээр, 800 хүний санал аваад, нам байгуулчихсан. 20 жил болоход нэг ч удаа Их хурлаа хийдэггүй. Зарим нь бүр гэр бүлийн нам байгуулсан. Бүр ганцхан гишүүнтэй нам ч байна. Сонгууль болохоор гараад ирдэг, наймаалцдаг, өөрийнхөө нэр дээр хүн нэр дэвшүүлдэг. Намын дотоод зохион байгуулалтыг нь хуулиар зааж өгөхгүй бол ардчилсан зарчим нь алдагдчихаад байгаа. Хөрөнгө орлого, санхүүгийнх нь ил тод байдал байхгүй, хаанаас мөнгө авсан нь тодорхойгүй. Тиймээс ил тод болгохын төлөө Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Дагаад Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ. Жинэхэнэ утгаараа иргэдийн улс төрийн үзэл бодлыг, хүсэл зорилгыг илэрхийлдэг нам гэдэг бүтцийг бий болгоё гэж байгаа юм. Бид өнөөдрийг хүртэл нам гээд л яваад байсан. Гэтэл нам биш бүлэглэл болчихоод байна. 

-Сум, дүүргийн Засаг даргыг ард иргэд сонгодог болох юм байна. Гэхдээ эргээд хэн нэгэн нь хянах хяналтын тогтолцоо байна биз дээ. Би тэдэн мянган хүний итгэлийг авч сонгогдсон гээд дураараа аашлаад байх вий?

-Хяналтын тогтолцоо байлгүй яахав. Сум, дүүргийн ИТХ, Засаг даргыг ард түмэн сонгоно. Ард түмнээс сонгогдсон ИТХ, Засаг дарга хоёрын харилцах харилцааг зааж өгнө. Хэрвээ хэн нэг Засаг дарга ард түмнээс сонгогдсон гээд олон юм яриад байвал дүүргийн Иргэдийн хурал нь олонхийн саналаар унагах боломж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг талдаа нутгийн удирдлагын байгууллага нь байж байдаг. Нөгөө талд нь ард түмнээс сонгогдсон төрийн төлөөлөгч, Засаг дарга байна. Энэ хоёрын харилцааг тодорхой зааж өгч байгаа. Улстөржилтийг багасгах чиглэлд хийж байгаа маш том өөрчлөлт энэ. Дөрөв дэх өөрчлөлт бол тогтвортой байдлыг хангах. Тогтвортой байдлыг хангахын тулд гүйцэтгэх засаглалынхаа хариуцлагыг тодорхой болгоё гэж байгаа юм. Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд 15 Ерөнхий сайд, 300-аад сайд “төрүүлжээ”. Засгийн газрын дундаж наслалт 1.4 жил. Жил дөрвөн сарын хугацаанд л нэг засаг солиод байж. Тэгвэл одоо Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газрынхаа гишүүдийг томилж, чөлөөлдөг болгох гэж байгаа юм. Ингэснээр Ерөнхий сайдад мэдэл ирж байна.  Олон Засгийн газрын үед Ерөнхий сайд нь үлдээд, сайдтай нь хариуцлага тооцож ирсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдад хариуцлага тооцдог болно. Нэг талдаа Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа хариуцлагын эзэн биетэй болгож байгаа юм. 

-Хуучин шиг “шүд сугална” гэж байхгүй болох нь уу?

-Тийм зүйл байхгүй. Ерөнхий сайд л толгойгоороо хариуцана. Ямар нэг алдаа гарвал Ерөнхий сайдтай хариуцлага ярина. Тийм учраас Ерөнхий сайд болох хүн “Би огцрохгүйн тулд мэргэжлийн, ажлаа мэддэг, ёс зүйтэй сайд тавих ёстой” гэж бодно. Тэгэхгүй бол Дорж гэдэг сайдаас болоод Ерөнхий сайд огцрох аюултай болно. Түүнээс гадна, парламентаас Засгийн газрын тогтвортой байдлыг салгаж өгөхгүй бол болохгүй байгаа юм. Би 2, 3 сонгогдоод ажиллаж байхдаа ажигласан юм. Сайд нарт дарамт их байдаг. Энэ сайдыг огцруулчихвал оронд нь би сайд болно гэдэг уралдаан болдог. Үүнийг зохицуулахын тулд Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа л бол шинэ Ерөнхий сайдын нэрийг хамт өргөн барих ёстой гэсэн заалт оруулж өгч байгаа.

Хор найруулж, Ерөнхий сайдаа огцруулчихаад, дараа нь шинэ сайд хайдаг жишээ олон удаа давтагдсан. Тэр хооронд нь Засгийн газрууд сүг болдог. Үүрэг гүйцэтгэгч ажилладаг, тэр хугацаанд нь том хэрэг явдал ч гарч байсан. Найман сар Ерөнхий сайдаа томилж чадахгүй тохиолдол ч байлаа. Тэгвэл өөрчлөлт оруулснаар энэ Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна. Тэрийг болговол чадна гээд шууд нэрийг оруулж ирнэ гэсэн үг. Тэр хүн нь ард түмэнд яаж ажиллахаа тайлагнана. Парламент ч гэсэн харна, шинээр санал болгож байгаа нь дээр үү, хуучин нь илүү ажиллах уу гэдгийг сонгоно. Тэгээд огцруулах, дэмжих эсэхээ шийднэ гэсэн үг. Тэгэхгүй болохоор хэн Ерөнхий сайд болох нь мэдэгдэхгүй огцруулчихаад, маргааш нь туслах байсан нөхрийг нь Ерөнхий сайд болгосон тохиолдол ч бий. Ерөнхий сайд тодорхой бодлогын асуудлаар парламентад итгэл үзүүлэх асуудлыг ч хуульд оруулж өгөхөөр болж байгаа. “Энэ бодлогыг надад баталж өг. Монгол Улсад хэрэгтэй. Монголын хөгжлийн төлөө энэ замыг би барина. Энэ ажлыг хийлгэхгүй гэж байгаа бол намайг огцруул” гэж ажлаараа дэнчин тавьж байгаад бодлогоо батлуулах боломжийг бий болгоно. Хэрвээ тэр бодлогыг УИХ дэмжихгүй бол Ерөнхий сайд автоматаар огцорч байгаа юм. 

-Ерөнхий сайдыг огцруулахын тулд нийт гишүүдийн дөрөвний нэг буюу 19 саналаар өргөн барьдаг. Өнөөдрийг хүртэл 15 Ерөнхий сайд ажиллаж байгаагийн нэг шалтгаан нь энэ юм биш үү.  Энэ чиглэлд өөрчлөлт оруулж болохгүй байсан юм уу?

-Ерөнхий сайдыг хэт вакумжуулж болохгүй. Тодорхой хэмжээнд хариуцлага тооцдог систем нь байх ёстой. Парламентын 19 гишүүн нэгдэж, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг тийм ч амар биш. Тэр дундаа дараагийн Ерөнхий сайдынхаа нэртэй хамт өргөн барина гэвэл бүр ч хүндэрнэ. Дээрээс нь сайд нараа өөрөө томилдог Ерөнхий сайд байхад дахиад хүндэрнэ. Тогтвортой байдлын хүрээнд оруулж өгч буй дараагийн нэг том өөрчлөлт нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, шатлан дэвших зарчимд үндэслэж, хэвээр байлгах асуудал. Үүнийг би хэлэлцүүлгийн явцад илүү нарийвчлах болов уу гэж бодож байгаа. Нэг ёсондоо, төрийн алба тогтвортой байна гэдгийг Үндсэн хуульд оруулж өгч байгаа юм. Нөгөө талаар төрийн албанд чадахуйн зарчимд үндэслэсэн шатлан дэвших зарчмыг баримтална.

Тэгэхгүй болохоор, нэг нөхөр нам ялсан гээд л шууд дарга болдог. 10, 20 жил зүтгэж байгаа төрийн албан хаагчдын дээр нь гараад суучихдаг. Олигтойхон албан тоот хөтөлж, бодлого ч бичиж чаддаггүй, салбарынхаа бодлогыг ч мэдэхгүй байж нам ялсан нэрийдлээр дарга болдог. Ийм утгагүй системийг хааж өгч байгаа юм.  Бас нэг том өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний насыг нэмж, 55 болгосон. Тэгээд зургаан жилээр нэг удаа л сонгогддог байх юм. Тэгэхээр 55 настай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдоод, зургаан жил ажиллаад, 61 настай болоод тэтгэвэртээ гарна. Одоо болохоор 45 настай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлддөг. Тийм болохоор эргэж намдаа наалдаад байдаг. Яагаад гэхээр хоёр удаа сонгогдох боломжтой. Хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ намдаа орохоос өөр аргагүй. Гэтэл  Ерөнхийлөгч нам бус байна гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр Үндсэн хууль нь зөрчилтэй байгаа биз дээ. 1992 онд энэ асуудлыг арай дутуу харсан байх. Харин бид Ерөнхийлөгч илүүтэй ард түмний элч, эв нэгдлийг хангагч байх талаас нь харж өөрчлөлт оруулж байгаа юм. 

-Энэ заалт хэвээрээ батлагдвал хэзээнээс эхэлж үйлчилж эхлэх юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч 2021 онд дахиад сонгогдоно гэвэл зургаан жил ажиллах болох юм биш үү?

-Үндсэн хууль батлагдсанаар зарим заалтууд шууд хэрэгжиж эхэлнэ. Зарим нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөнө. Зарим нь 2020 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөх юм.  Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг төсөлд тусгаснаар 2025 оны долдугаар 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Одоо хуулийн дагуу Ерөнхийлөгч дахиж өрсөлдөх боломжтой учраас энэ циклийг өнгөрөөх гэж байгаа юм. Ер нь Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх шаардлагатай. Одоогийн хуулиар 45 настай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд 49-тэй бууна. Дахиж өрсөлдөөд сонгогдож чадахгүй бол хийх ажилгүй болчихдог. Тэгээд эргээд улс төр рүү орж ирж, намаа бусниулдаг. Хоёр сонгогдлоо ч гэсэн 53-тай бууна. Гадаадад болохоор Ерөнхийлөгчөөс буухад нас нь өндөр болчихдог учраас номоо бичиж, нийгмийн зүтгэлтэн болох ажлаа хийдэг. Ард түмний бэлгэдэл байсан хүн тэр чиглэлдээ л ажиллах нь зөв шүү дээ. 

-Тав хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт оруулах гэж байгаа юм билээ. Заавал “давхар дээлтэй” байх шаардлагатай юм уу?

-Одоогоор хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэж заасан байгаа. Олон улсын жишиг аваад үзвэл, Засгийн газрын бүх гишүүд нь парламентын гишүүн байдаг. Тэр ч битгий хэл парламентаасаа яам, салбараа хариуцсан дэд сайд гаргадаг орнууд байна. Японд гэхэд парламентын гишүүд нь дэд сайдаар ажиллаж л байгаа. Тийм учраас парламент гүйцэтгэх засаглалын тэнцвэрийг хадгалах. Парламентаар гүйцэтгэх засаглалын бодлогыг авч явах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх хүрээнд зайлшгүй Сангийн ч юм уу гол, гол яамны сайдууд нь УИХ-ын гишүүн байх шаардлагатай. Тэд парламент дотроо байж бодлогоо ойлгуулдаг, асуудлаа дэмжүүлдэг. Аль ч оронд энэ хоёр засаглал бүтэн салдаггүй. Манайд зохистой харьцаа нь Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн сайд гэж үзэж байгаа.

Өмнө нь Ерөнхий чиг үүргийн сайд нь парламентын гишүүн байж болно гэж хуульчилсан. Гэтэл ерөнхий чиг үүргийнхээ яамны тоог нэмчихсэн. Сайд нарын гуравны нэг нь парламентын гишүүн байж болно гээд хуульчилсан чинь 12 сайдынхаа тоог 19 болгоод, тоог нь нэмчихсэн. Тиймээс нарийн тоо зааж өгье гэсэн хэрэг. Парламент хэлэлцээд эцсийн шийдийг гаргах байх. Манайх 76 гишүүнтэй учраас ийм хүндрэл гараад байна. Бусад орнууд шиг 100, 200 гишүүнтэй бол тэр дотор Засгийн газрын 10 гишүүн байх асуудалгүй. Гэтэл манай 76-гийн 10 хувь нь Засгийн газрын гишүүн болчихоор парламентын засаглалынхаа чадавхийг алдагдуулаад байгаа юм. Бодит утгаараа парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хамт хийх нь зөв. Тэр чинь ард түмнээс мандат авсан хүн шүү дээ. Ард түмний саналыг гишүүд авсан. Би энэ ажлыг хийнэ, ийм бодлого хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, иргэдийн саналаар сонгогдсон хүн нь гишүүд. Гаднаас сонгогдож байгаа сайд ард түмнээс мандат аваагүй, амлаагүй. Тиймээс парламентын гишүүд нь Засгийн газрын гишүүн байх нь зөв юм. 

-УИХ-ын гишүүн цөөн учраас ердөө дөрөвний нэгийг нь лоббидоход л Засгийн газрыг нь унагаж болж байна шүү дээ. Тиймээс тоог нь нэмэх боломж байхгүй юм уу?

-2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж баталсан. Энэ хуулиар хууль санаачилдаг гурван субъектийг өөрийнхөө эрх мэдэлтэй холбоотой хууль санаачлахгүй гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Үндсэн хуульд өөрийн эрх мэдэлтэй холбоотой заалтыг өөрчилж, нэмж оруулж болохгүй. Парламентын гишүүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулах үед парламенттай холбоотой заалтыг хөндөж болохгүй гээд заачихсан. Тухайлбал, парламентын хугацааг сунгах, гишүүдийн тоог хөндөж болохгүй гэсэн үг. Хэрвээ парламентын хугацааг сунгах, гишүүдийн тоог нэмэх санаачилгыг Ерөнхийлөгч гаргавал хэлэлцэж болно.