ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Барилгын материалын үйлдвэрлэл нэмэгджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон билээ.

Сүүлийн таван жилд  үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл зургаа дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл дөрөв дахин, тоосгоны үйлдвэрлэл 1.5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл хоёр дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байгаа юм. 

Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байгаа. Түүнчлэн, Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна. 

Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна.