ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын хауст гүйцэтгэх ажиллагаа явуулах уу

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-20

“УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар албан тушаалаа ашиглан улсын 1.5 тэрбум төгрөгөөр хувьдаа тансаг зэрэглэлийн хаус авсан тухай дуулиан өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Тэрбээр “УБТЗ”-ын даргын албан тушаалд томилогдсон өдрөө буюу ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээгээ ч хийж амжаагүй байхдаа тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан н.Цогтбаатар гэгчтэй орон сууц худалдан авах хууль бус гэрээ байгуулсан гэдэг. Энэхүү “бутач” гэрээнд Л.Пүрэвбаатарт УБТЗ-ын хөрөнгөөр өндөр өртөг бүхий тансаг зэрэглэлийн хаус авч өгөх заалтыг тусгасан байж. Албан тушаалаа аваад үүрэгт ажилтайгаа ч танилцаагүй байхдаа төрийн мөнгөөр тансаг зэрэглэлийн хаустай болох замаа зассан тэрбээр энэ заалтын дагуу хувийн барилгын компанитай гэрээ байгуулж, 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий дээд зэрэглэлийн тансаг хаус худалдан авсан аж. 

Тэрбээр орон сууц худалдан авах “бутач” гэрээгээ даргын албан тушаалд очсоноос хойш 20 хоногийн дотор байгуулсан гэдгийг “УБТЗ”-ын төлөөллүүд мэдээлж байсан юм. Үнэтэй хаусын маргаан шат шатны шүүх дамжин “дүүжин даажин” болсоор эцэст нь УБТЗ-ын өмч учраас буцаан өгөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гурван шатны шүүхийн шийдвэрээр Л.Пүрэв­баатарын энэ үйлдлийг хууль бус гэж тогтоосон хэдий ч 1.5 тэрбумын хаус хууль ёсны эзэн буюу “УБТЗ”-ын мэдэлд очоогүй өнөөдрийг хүрчээ. Л.Пүрэв­баатар түр орлон гүйцэт­гэгч­тэй хийсэн “бутач” гэрээ­ний­хээ хар гай­гаар 2016 оны есдүгээр сард “УБТЗ”-ын даргын үүрэгт ажлаас халагдсан боловч төрийн мөнгөөр худалдан авсан тансаг хаусандаа үлдсэн. Угтаа бол албан тушаалаа хүлээлгэн өгөхдөө албаны сууцыг ч мөн чөлөөлж өгөх учиртай байсэн хэрэг. Гэвч тансаг хаусаа тавьж явуулахыг хүсээгүй учраас “УБТЗ”-ын зүгээс арга буюу шүүхэд хандаж, албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан байдаг юм.

Үүнтэй зэрэгцэн Л.Пүрэв­баатар орон сууц­ны өмч­лөг­чөөр тог­тоол­гох агуулга бүхий сөрөг нэхэмж­лэл гар­га­жээ. Ин­гээд анхан шат­ны шүүх хурал­даа­наар хэргийг хянан хэлэлцээд “УБТЗ”-ын үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН уг орон сууцыг иргэн Л.Пүрэвбаатарт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байгаа юм. “УБТЗ” анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж өндөр өртөгтэй тансаг хаусыг “УБТЗ”-ын өмч байна гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл Л.Пүрэвбаатар дахин л гомдол гаргаж, Улсын дээд шүүхэд хандсан хэдий ч амжилт эс олж, асуудал “УБТЗ”-ын талд эцэслэн шийдэгдсэн байдаг.  Ийнхүү шүүхээс шүүхийн хооронд дүүжин даажиндсан эл асуудал өнөөдөр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа тулаад байгаа аж. Тодруулбал, түү­ний тансаг хауст өнөөдөр гүй­цэт­гэх ажиллагаа явуулна байгаа гэх мэдээ­лэл гараад байна. Шүүхийн шийд­вэрийг биелүүлээгүй учраас алба­дан гүйцэтгэх захирамж гарч, гүй­цэт­гэх ажиллагаа явуулах гэсэн бо­ловч Л.Пүрэвбаатар дахин, дахин шүүхэд хандаж ажиллагааг удааш­руулсан аж.

Гэвч албан бус эх сур­вал­жийн мэдээлснээр өнөөдөр түүний хауст гүйцэтгэх ажиллагаа явуулж магадгүй юм байна. Тансаг хаус захиалж бариулсан 1.5 тэрбум төгрөгөөр “УБТЗ”-ын 380 ажилтан байр­тай болох боломж­той байсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тодруулбал, Л.Пүрэв­баатарын үнэтэй хаусыг худалдан бор­луулж мөнгийг нь ажилчдаа ху­ваан өгч ипотекийн зээлд хам­руу­лан орон сууцны хөтөлбөрт хам­руу­лах боломжтой. Өөрөөр хэлбэл, 381 хүний эрх ашгийг нэг хүн хохироо­гоод байгаа талаар хэв­лэ­лүүд шүүмжилж байсан удаа­тай. Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан хаусны талаар мэдээл­лүүд цацагдахад Л.Пүрэв­баатар ч мөн дуугүй суу­гаа­гүй. Түүнийг шүүхэд өгч байгаа талаар мэдээлэл хийхтэй зэрэгцэн хууль зөрчөөгүй гэсэн мэдээллийг хийж байжээ. Түүнчлэн хэвлэлд ярилцлага өгөх­дөө “Оросын тал “УБТЗ”-ын дарга­даа үнэтэй, сайн байр авч өгөх нь мэдээж. Гэхдээ оросууд тэр бай­рыг үнэ­тэй гэж үзэхгүй. Хямдхан байр гэж байна лээ. Оросын төлөө­лөл Домборовский гэдэг хүн надад тэр байрыг авч өгсөн юм... УБТЗ-ын өмнөх дарга нар Р.Раш, Г.Сэрээнэндорж, В.Отгондэмбэрэл гээд бүгд байр авсан” хэмээн ярилцлага өгч байв.