ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчлөх хүсэлт гаргавал түрээслэх төлбөрийг нь 70 хувь хямдруулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-20

 
Барилга, хот байгуулалтын яамнаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхантай ярилцлаа. 

-150 мянган айл-Орон сууц” хөтөлбөр хэрэг­жүү­лэхээр болсон гэсэн. Тө­сөлд хувийн хэвш­лийн­хэн ямар байдлаар оролцох вэ. Яамнаас мэдээж дэмжиж, бодлого гаргах байх?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БХБЯ-наас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловс­руулж, батлуулсан. Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны хуралдаанаар энэ хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хувийн компаниудаа дайчилна. Өнөөдөр Монголд барилга барьж байгаа компаниуд бүгд хувийнх. Энэ компаниуд л барилга, орон сууцыг барина. Төслийг хэрэгжүүлэхэд хоёр гол асуудлыг шийдэх ёстой юм.

Тухайлбал, Улаанбаатар хотод 100 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулахын тулд өмнө нь инженерийн дэд бүтцээ шийдэх хэрэгтэй байна. Хятадаас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авч байгаа. Энэ мөнгөөр инженерийн дэд бүтцийг шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч Хятадад айлчлах үеэр хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ондоо 700 сая юанийн төсөл хэрэгжүүлэхээр шийдлээ. Энэ хүрээнд инженерийн дэд бүтцээ нэмнэ. Орон сууцны хөрөнгө босгох нэг том ажил байна. Бид олон улсын хандивлагч байгууллагаас тусламж авна. Улсын төсвийн хөрөнгөөр зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцыг барих төслийг хэрэгжүүлнэ. Ерөөс гадна, дотноос хөрөнгө босгож, 150 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө гаргаж байгаа. 

-Барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ гэсэн мэдээлэл өгч байна. Манайх дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэж эхэлбэл орон сууцны үнэ буурна гэж албаныхан олон жил ярьсан. Гэтэл өнөөдөр орон сууцны үнэ мэдэгдэхүйц буураагүй байгаа?

-Бид барилгын салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад, бэлэн болж байна. Мөн 2045 он хүртэлх бодлогын баримт бичгийг боловсруулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Энэ бодлогын баримт бичгүүдэд суулгаж өгсөн нэг гол асуудал нь орон сууцны үнэд нөлөөлж байгаа гол түүхий эд, материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм. Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Тогтворжуулах, эрчимтэй хөгжлийн гараа, олон улсын жишигт хүрч хөгжүүлэх гэсэн үндсэн гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгасан байгаа. Яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө ч гаргачихсан. Орон сууцны үнэд нөлөөлөхүйц жин дарж байгаа материалуудын үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлнэ. Ялангуяа шил, арматур гэх мэт. Бид цементийг дотооддоо үйлдвэрлээд, хэрэглээгээ 100 хувь хангачихлаа. Одоо арматурын үйлдвэрлэлд онцгой анхаарах ёстой гэж үзэж, бодлого гаргаад ажиллаж байна. Нэг үеэ бодвол орон сууцны үнэ бага зэрэг буурсан. Цаашид өсөхгүй, үнэ харьцангуй тогтворжсон. Харин ч үнэ буурах боломжтой гэсэн тооцоолол гаргаад, ажиллаж байна. 

-Төв цэвэрлэх байгууламжийн ажил зогссон гэдэг мэдээлэл гарсан. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд асуудал үүссэн талаар ч мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Төв цэвэрлэх байгууламж барих ажил түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ. Тиймээс гол том ажил нь зураг төсөл гаргах. Энэ ажил үндсэндээ дуусаж байна. Бид гүйцэтгэгч талтай долдугаар сарын эхнээс газар шорооны ажлаа эхэлье гэж яриад, төлөвлөж байгаа. Саяхан “Экзим” банкны төлөөлөгчид манай яаманд ирж, гурав хоног ажиллаад, санхүүжилтийн нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаад дууссан. Газар шорооны ажил эхлээгүй боловч зураг, төслөө өнгөрсөн хугацаанд гаргаад, бэлэн болсон гэж ойлгож болно. 

-Яг хэдэн онд ашиглалтад орж, Монголын тал түлхүүр гардаж авах юм бэ?

-35 сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгана гэсэн гэрээтэй. Долдугаар сард эхэллээ гэхэд эхэлсэн өдрөөсөө хугацааг тоолно. Бид гэрээндээ хугацааг үе шат болгоноор нарийвчилж тогтоосон. Хэрвээ үе шат, хугацаа хоцорвол гүйцэтгэгч тал алданги хүлээхээр хатуу гэрээтэй. 

-Засгийн газраас түрээсийн орон сууцны журмыг баталсан. Энэ журмын хүрээнд одоогоор орон сууцандаа ороод, гэрээ байгуулсан иргэн байгаа юу. Дагалдах журмуудыг баталсан уу?

-Одоогоор 3000 айлын орон сууц түрээсийн санд байна. Манай журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлнэ. Түрээслэгч өөрөө хүсэлт гаргаад, орон сууцаа өмчилж авах боломжтой. Гурван хувилбараар өмчилж авах эрхийг нээж өгсөн. Нэгдүгээрт, орон сууцаа түрээслээд таван ажил амьдраад, тэр хугацаандаа урьдчилгаагаа цуглуулж болно. Мөн сар бүрийн түрээс дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж өгөөд, урьдчилгаа бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Үгүй бол байрныхаа үнийг таван жилд хувааж төлөөд, шууд өмчилж болно. Одоогийн байдлаар иргэдээс өмчилж авах хүсэлтүүд ирж байгаа юм билээ. Ойрын хугацаанд хүсэлтүүдийг шийдээд явна. 

-Түрээсийн орон сууцыг түрээслэх төлбөрийг яаж тогтоосон бэ. Энэ хөтөлбөр бага, дунд орлоготой иргэдийг орон сууцанд оруулахад чиглэсэн гэж ойлгоод байгаа. Гэтэл бага, дунд орлоготой иргэд түрээс төлөхийн хажуугаар нэмж мөнгө өгөөд, урьдчилгаа цуглуулах боломж бага. Тиймээс түрээсийн өртгийг бууруулах боломжгүй юу?

-Түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг сая баталсан гэж хэлсэн. Тэр журамд түрээслээд авъя гэсэн хүсэлт гаргасан иргэний түрээсийн төлбөрийг 70 хувь хөнгөлж байгаа. 300 мянган төгрөг түрээсийн мөнгө гэж өгдөг байлаа гэж бодъё. Тэгвэл өмчлөх хүсэлт гаргаснаар 30 хувиа л түрээсэнд өгнө. 70 хувиа урьдчилгаандаа өгчихөж болно. Энэ бололцоог бид журамдаа оруулчихсан. 

-Ипотекийн зээлийн санхүү­жилтийг арилжааны банкуудад хуваарилж өгдөг. Гэтэл арилжааны банкууд иргэдэд “Тэдэн төгрөг өгвөл найман хувийн зээлийг нь чинь гаргаж өгье” гэж авлига авч, хүмүүсийг хүндрүүлж байгаа талаар яриа байнга гардаг. Банкууд ипотекийн зээлээ үнэн шударга, зөв гаргаж байна уу гэдэг танай яамнаас хяналт тавьдаг уу. Эсвэл Монголбанк хариуцах ёстой гээд орхичихдог юм уу?

-Бид журмаа батлуулаад, дээрээс нь Засгийн газрын тогтоолоо баталж, гурвалсан гэрээ байгуулсан. Сангийн яам, Монголбанк, БХБЯ гурав. Энэ гэрээнд төсвөөс мөнгө гаргаж байгаа бол тэр нь зорилтод бүлэгтээ хүрч байна уу гэдгийг хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгана гээд заагаад өгчихсөн. Бид нэгдүгээр сарын 1-ээс хойш хагас жилийн байдлаар ямар байна вэ гэдгийг шалгана.  

-Амины орон сууцнуудыг ипотекийн зээлд хамруулна гэж байсан. Ганц, хоёр журам батлагдах дутуу байгаа юм билээ. Хэзээнээс журам нь гүйцэд батлагдаж гарах вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Орон сууцны ипотекийн зээл олгох журамд амины орон сууцанд зээл өгөх заалт байгаа. Энэ журам 2018 оны арванхоёрдугаар сарын 22-нд батлагдсан. Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо нэгэнт бий болсон. Харин амины орон сууцанд ипотекийн зээл олгохын тулд журамд байгаа хэд хэдэн заалтыг зайлшгүй тодруулах шаардлагатай болсон юм. Нэгдүгээрт, цахим мэдээллийн сан ажиллуулах ёстой болж байгаа.  Амины орон сууцны зургийг гаргах шаардлагатай. Тэр зураг нь заавал магадлалаар орсон байх ёстой. Магадлалаар орохын тулд гурав дөрвөн норм стандартыг хангана. Нөгөө л дулааны алдагдалгүй, агаарын бохирдлын эсрэг байх ёстой гэх мэт стандарт. Бид цахим мэдээллийн сангаа хийгээд дууслаа. Мөн монголын ипотекийн корпораци, банкуудын холбооныхонтой уулзсан.

Банкууд зээл олгох журмаа нэлээд тодорхой болгох шаардлагатай байсан. Тиймээс амины орон сууцны ипотекийн зээл олгох нарийвчилсан аргачлалыг боловсрууллаа. Цааш­лаад Улаанбаатар хотод, гэр хорооллын дунд амины орон сууц барина гэвэл төвлөрлөсөн болоод хэсэгчилсэн инженерийн бүтэцтэй, шийдэлтэй байх шаардлага тавьж байгаа. Банкууд өөрсдөө эрсдэл хүлээнэ. Нэг хүнд амины орон сууц барихад нь зориулаад зээл өгчихдөг. Тэр байшин нь 30 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө болж чадах уу гэдэг асуудал ч гарч ирнэ. Тиймээс зөвлөх үйлчилгээний компанийг оруулах заалтыг журамд оруулж өгч байгаа юм. Зөвлөх үйлчилгээний компани нь банктай гэрээ байгуулаад, амины орон сууц барьж байгаа хүн магадлагдсан зургийн дагуу байшингаа барьж буйг нь хянаад, тэр дагуу санхүүжилт нь ордог байх юм. Энэ журмыг ирэх долоо хоногт батална. 120 ам.метр амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. 

-2020 оноос ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлж өгөх юм билээ. Ирэх онд ипотекийн зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиг­лэсэн ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл саяхан УИХ-аар батлагдсан. Энэ чиглэлд бид ирэх онд ипотекийн зээлд доод тал нь 500 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэж тусгаад, батлуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах шаардлагыг ОУВС-гаас Монголбанкинд тавьсан. Монголбанк ОУВС-гийн хэлэлцээрийн үеэр энэ асуудлыг тусгайлан ярих чиглэлтэй байгаа. Хэрвээ хөтөлбөрөөс Монголбанк гарсан тохиолдолд төсөвт суулгаж өгөх ёстой гээд үндсэн чиглэлд оруулчихсан байгаа. 

-ТОСК-ийн хийж, хэрэгжүүлж байсан ажлыг НОСК руу шилжүүлсэн. Цаашид ТОСК ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-ТОСК 2012-2016 оны хооронд бодлогогүй үйл ажиллагаа явуулснаас болж санхүүгийн хүнд байдалд орсон. Нэг ёсондоо “Хөгжлийн банк”-ны зээлээр барьсан барилгуудын хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүйээс болж санхүүгийн байдал нь нэлээд хүнд байгаа. Тийм учраас бид арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, ТОСК-ийг төрийн өмчит компани болгосон. Төрийн өмчит болгоод, ТУЗ-тэй болгож өгсөн. ТУЗ нь хяналт тавиад, төсвийг нь батлаад, захирлыг нь томилоод, гэрээ байгуулаад ажиллах горимд шилжлээ. Цаашид ТОСК өөрийн үүргээ хэрэгжүүлээд л ажиллана. Төрийн орон сууцны бодлого ТОСК-иар дамжаад хэрэгжинэ. ТОКС өөрийн эзэмшлийн газрууддаа орон сууц барих төсөлтэй. Та бүхэн мэдэж байгаа, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 7056 айлын орон сууц барих төсөл эхний ээлжинд шалгарсан байгаа.

“Солонго-1, 2”, Баянголын амны орон сууц гэсэн гурван хороолол барих урьдчилсан шийдвэр гарсан. Солонгосын талаас баг ирж ажиллаад, есдүгээр сард ТЭЗҮ нь бэлэн болно. Оны эцэс гэхэд ажил нь эхэлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Бид “150 мянга айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрөө батлуулчихсан. Энэ хүрээнд “Хөгжлийн банк”-тай хамтраад, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцжуулах шат дараалсан арга хэмжээ авна. Та бүхэн ажиглаж байгаа байх, 30 хувийн урьдчилгаа төлөөд орон сууц авах боломжтой иргэд цөөрсөн. Боломжтой нь хэдийнэ орон сууцны зээлд хамрагдсан байгаа. Гэхдээ тогтвортой ажилтай, тогтмол орлоготой мөртлөө 30 хувиа төлж чадахгүй олон айл өрх байгаа. Ийм айл өрхийг орон сууцанд оруулах чиглэлд нарийн бодлого барьж ажиллана. 

-БХБЯ-ны нэг үүрэг нь барилгын компаниудыг бодлогоор дэмжих байдаг. Зах зээлд бэлэн болсон тэдэн орон сууц байна гээд янз бүрийн тоо яриад байсан. Одоогийн байдлаар зах зээлд хэдэн айлын орон сууц зарагдаагүй байна. Бэлэн орон сууцнуудыг зарах чиглэлд яам аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Өнгөрсөн оны тавдугаар сард улсын хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг гаргасан. “Тэнхлэг зууч” компаниар нарийн судалгаа хийлгэсэн. Энэ судалгаагаар 5822 айлын орон сууц зарагдаагүй байна гэсэн тоо гарсан. Гэхдээ энэ тоо өдөр болгон өөрчлөгдөж байгаа. Тэр дотроос ам.метр нь 1.25 саяас доош үнэтэй орон сууцыг зорилтод бүлгийнхэн болон төрийн албан хаагчдад олгоё гэдэг Засгийн газрын тогтоол боловсруулаад, оруулсан. Энэ тогтоол дэмжигдээгүй. Яагаад гэвэл, манай улс санхүүгийн хямралаас гарахын тулд ОУВС-тай гэрээтэй ажиллаж байгаа. Энэ гэрээг зөрчих гээд байсан учраас тогтоол дэмжигдээгүй. Одоо барилгын компаниуд өөрсдөө түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихэж. 

-Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар стратегийн ач холбогдолтойгоос бусад концессын гэрээг цуцалсан. БХБЯ-тай холбоотой цуцлагдсан гэрээ байгаа юу?

-Манайд ямар ч концессын гэрээ байхгүй.