ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.ЗОЛЖАРГАЛ: УЛСТӨРЧИД ЛИЦЕНЗИЙН НАЙМАА БҮҮ ХИЙ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-10

Монголын нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай уул уурхайн салбарын нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны тогтворгүй бодлогын талаар ярилцлаа. 

-Ирэх оны нүүрсний сал­барыг хэрхэн төсөөлж бай­на вэ. Нүүрсний эскпорт өмнөхөөсөө нэмэгдэх үү?

-2020 онд нүүрсний экспорт нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч болзош­гүй. БНХАУ жилдээ 60-70 сая тонн коксжих нүүрс импор­тоор авдаг. Энэ онд 60 орчим сая тонн нүүрс авах юм шиг бай­на. Ирэх онд үүнээсээ буурах байх. Тэгэхээр нүүрс­ний эрэлт нэмэгдэхгүй гэсэн үг. Үнийн хувьд өсөлт хараг­дахгүй байгаа. Тиймээс ирэх оны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг бодохдоо нэлээд зүйлийг анхаарах ёстой. 2020 ондзээл, бондын өрийг төлнө шүү дээ. Ингээд бодохоор ирэх онд  эдийн засагт багагүй хүндрэл үүснэ. 

-Монгол Улс нүүрсний экс­портыг 42 сая тонн нүүр­сээр төсөөлдөг. Урд хөр­шийн хэрэглээ жилийн 60-70 сая тонн гэж байгаа. Энэ нь хэр бодит төсөөлөл вэ?

-БНХАУ 60 сая тонн нүүрс авч байхад манай улс дангаараа 42 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж байхгүй.  Тэр улс ганцхан Монголоос нүүрс авна гэж байхгүй шүү дээ. Харин 30 эсвэл 40 рүү дөхүүлэхийн тулд Засгийн газар өөрөө эрчимтэй ажиллах хэрэгтэй. Хятадын талтай яриа хэлэлцээр хийх ёстой. Компаниудын зүгээс олборлолтоо явуулаад нүүрсээ борлуулж байна. Бүх шатандаа худалдан авагчидтайгаа яриа хэлэлцээрээ хийгээд явж байна. Монголын нүүрсний компаниудын хүчин чадал 40 сая тонноос ч илүүг нийлүүлэх боломжтой. Урд хөршөөс татан авалт нь бага байгаа учраас хил дээр ачаалал үүсдэг. Үүнээс үүдэн нүүрсний борлуулалт бага. Үүнийг шийдэхийн тулд хилийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Асуудлыг төрийн түвшинд шийдвэрлэх ёстой. 

-Нүүрсний салбарт гуравдагч улс руу нийлүүлэх, экспортлох асуудал юу болж байгаа вэ. Зах зээлээ тэлэх боломж хэр байна?

-Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улс руу хойд, урд хөршийн аль нэгээр нь дамжуулж тээвэрлэнэ, нийлүүлнэ гэсэн зүйл яригдаад олон жил болж байна. Одоогоор бодитой хэрэгжсэн зүйл үгүй. Үүнийг яаралтай  хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ ажлыг хувийн компаниуд хийж чадахгүй. Үүнд төрийн оролцоо маш чухал. Тухайлбал, БНХАУ-ын худалдан авалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн БНХАУ болон ОХУ-аар дамжуулан гуравдагч улс руу нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зэрэгт төрийн оролцоо хэрэгтэй. Түүнээс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төр оролцож, саад болох шаардлага байхгүй. 

-Уул уурхайн салбар төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон айл өрхийн амьжиргаанд нөлөөлж байна. Энэ салбарт хүндрэл гарвал улсын болоод айл өрхийн орлогод нөлөөлөх байх?

-Уул уурхайн салбар байхгүй бол Монгол Улс шууд 1990 оны үед очно. Өөрөөр хэлбэл, картын бараатай байсан үе рүүгээ буцна гэсэн үг. Тиймээс энэ салбар ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг зөв, тогтвортой хөгжүүлж байж манай бусад салбар хөгжинө. Яаж зөв хөгжүүлэх вэ гэхээр санхүүгийн хувьд өндөр хөрөнгө оруулалттай, инженер техникийн мэдлэг их шаарддаг, эрсдэл өндөртэй мэргэжлийн салбар. Тиймээс мэргэжлийн байдлаар хөгжүүлэх ёстой. Мэргэжлийн бус байдлаар хөгжсөнөөс болоод байгалийн нөхөн сэргээлт хийдэггүй, зам тавьдаггүй байдал манайд газар авсан. Лицензийн наймаа хийдэг, богино хугацаанд ашиг олдог, хариуцлага үүрдэггүй. Энэ нь улс төрийн шийд­вэр, уул уурхайн биз­нес холилд­соноос үүдэн нэр хүнд нь унаж бай­на. Төрийн зүгээс компаниудын үйл ажиллагаанд оролцох бус хяналтаа сайжруулж, аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлтийг нь хийлгэх ёстой. Харин улстөрчид уул уурхайн салбарт орж ирж битгий лицензийн наймаа хийгээд бай. Ингэж байж уул уурхайн салбар хөгжинө. Цаашлаад улсынхаа эдийн засгийг авч явна. 

-Хууль эрх зүйн орчин тогтворгүйгээс үүдэн гадны компаниуд хөрөнгө оруулахаас татгалзаж байгаа гэсэн судалгаа байна билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мэргэжлийн салбар гэж дахин дахин хэлье. Тиймээс төлөвлөлтөө 20-30 жилийн хугацаанд гаргах ёстой. Энэ нөхцлийг бүрдүүлэхийн тулд тогтсон хууль эрх зүйн орчин байх шаардлагатай юм. Хууль эрх зүйн орчин нь заавал татвараас хөнгөлөөд, онцгой эрх эдлүүлээд байх шаардлагагүй. Гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд анх татварын хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байсан. Энэ нь мөнхөд  хөнгөлөлт эдлүүл гэсэн үг биш. Гол нь хууль эрх зүйн орчин тогтвортой, тодорхой байх ёстой. Бидний энэ нөхцөл байдал нь эрх зүйн орчин тогтворгүй буюу огт байхгүй гэсэн ойлголтыг гадны хөрөнгө оруулагчдад өгч байгаа. Ийм нөхцөлд гадны томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй шүү дээ. Харин богино настай хуулийн дунд тоглолт хийдэг, хувийн нэртэй улстөрчдийн компани, улстөрч нэртэй бизнес эрхлэгчдийн тоглоом болж дууслаа. 

-Цаашид энэ хэвээр яваад байх юм уу?

-Бизнесийн хөрөнгө оруулалт багасаад ирэхээр гол салбарын үйл ажиллагаа төрийн өмч рүү шилжих байдал ажиглагдаж болзошгүй. Төрийн өмч давамгайлсан болчихвол тухайн жилийн сонгуульд ялсан намын өмч болно. Өөрөөр хэлбэл, тэр намын цөөхөн удирдлагуудын өмч болно гэсэн үг. Төрийн өмч болсноор ард түмний өмч болж байгаа гэсэн үг огт биш. Өөрөөр хэлбэл, намын дарга нарын өмч болно. Үүнийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. 

-Засгийн газраас гаргаж буй лиценз хураах, үйл ажиллагааг зогсоох шийдвэрүүдийг юу гэж харж байна вэ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс баялгийн дахин хуваарилалтад бэлтгэж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, намын дарга нарын өмч болно гэсэн үг үү?

-Энэ талаар цаасан дээр буусан зүйл байхгүй ч тэгж харагдаж байгааг хүлээн зөвшөөрнө. Зориудаар хариуцлагагүй уул уурхай явуулсан гэх шалтгаанаар хоморголон хурааж, хувийн хэвшлийнхэн чадахгүй байна, төрийн мэдэлд авах нь зөв гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байна. Үүний цаад учир нь хариуцлагагүй уул уурхай улстөрчдийн оролцооноос үүсч байгаагийн тод жишээ. Уул уурхайн салбарт урт хугацааны инженерийн төлөвлөгөө гаргаж, мэргэжлийн хүмүүс үйл ажиллагаа явуулахгүй бол чадахгүй. Дан ганц эрх мэдлээ ашиглан, нэг орд газрын лиценз аваад, ухаж сэндийчин, баялгийг нь аваад алга болохыг эрмэлздэг хэсэг бүлэг бий. Тэд парламент, засаг, төрийн албаныхны оролцоотой хүмүүс байдаг. Тэд үр ашгийг тооцож, нөхөн сэргээлт, зам, дэд бүтцэд зориулсан хуримтлал үүсгэхгүй. Мөн гэнэтийн шийдвэр гаргаад зөвшөөрлийг хураагаад авчихдаг, хуульгүй улс юм байна гэдэг ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээх сөрөг үр дагавартай. Түүнчлэн өнгөрөгч онд уул уурхайн компаниудыг заавал хатуу хучилттай зам барих шийдвэрийг гэнэт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, боломжгүй нөхцлийг гэнэт тулгасан хэрэг. Уул уурхайн компаниуд тооцоо судалгаа хийж, төлөвлөсний дараа ажлаа эхэлдэг. Төрийн байгууллагууд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ёстой ч журам нь хөрсөнд бууж, хэрэгжих боломжгүй. Засгийн газар өөрөө уул уурхайн салбарыг бужигнуулаад зогсохгүй, тохиролцоно гэх шинэ ойлголтыг гаргаж ирээд байна. Энэ бол авлигын эх үүсвэр гэж хэлж болно. Тухайлбал, байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгал, археологийн олдвортой нутагт үйл ажиллагаа явуулахгүй гэх мэтээр бүх зүйл маш тодорхой байх ёстой юм. Тэгвэл урт хугацаанд үйл ажиллагаа явуулах компани тооцоо судалгаа хийгээд, хөрөнгө оруулах эсэхээ шийднэ. Тэгэхээр бүх зүйл тодорхой, тогтвортой байх ёстой. Түүнээс нэг л өглөө сэрээд шийдвэрээ өөрчлөөд, цуцлаад байж болохгүй. Ийм байдал цааш үргэлжилсээр байвал ямар ч хөрөнгө оруулагч Монгол руу зүглэхгүй.  

-Эцсийн мөчид хөрөнгө оруулагчдын буруу болоод дуусдаг тохиолдол бий?

-Байгаль орчин бохирдуулсан, нөхөн сэргээлтэд хяналт тавиагүй нь төр, засгийн эрх мэдлийг атгаж байсан хүмүүсийн буруу. Өнгөрсөн 30 жилд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай ажиллаж байсан компани олон бий. 

-Танайхаас салбарынхаа эрх ашгийг өмгөөлж ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй. Тэгэхээр төрийн гаргасан шийдвэртэй эвлэрсэн хэрэг үү?

-Компаниудаа төлөөлж байгаа мэргэжлийн байгууллага нь манайх шүү дээ. Ямар ч үндэслэлгүйгээр лиценз цуцалсан шийдвэрийн талаар санал хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Цаашилбал, эрх зүйн орчин, дүрэм журамд болохгүй байгаа зүйлийг өөрчлүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжоо нээх чиглэлд анхааран ажиллаж байна. Цаашид энэ талаар шат дараатай арга хэмжээ авна.