ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН олонхийн саналаар түрэмгийлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-18

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл сонссон байна.

Мөн  хуралдаанаар Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Баасан гарагийн хуралдаанд хамгийн их анхаарал татсан зүйл нь “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалаас бид хангалттай сургамж авсан. Баян, ядуугийн ялгаа ихээр гарах болсон нь өмч хувьчлалтай  холбоотой.

1995 онд Өмч хувьчлалын тухай хуулийг баталснаар захиалгатайгаар өмч хувьчлалыг явуулж ирсэн. Гэтэл сургамж авахгүй байна. Дахиад захиалгатайгаар үргэлжлүүлж хэрхэвч болохгүй юм. Жагсаалтад орсон том, том объектуудыг нэг тогтоолоор, нэг алхаар, тавхан минут гишүүд саналаа хэлж, дөрөвхөн минут асуулт асуугаад шийдчихэж  болохгүй. Хамгийн эхний ээлжид “Хөрөнгийн бирж”-ийг хувьчлах асуудлыг ярьж нэг, нэгээр нь судалгаа шинжилгээнд тулгуурлан шүүсийг нь шахъя” хэмээн санал гаргасан юм. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Орж ирж байгаа хуулийн төсөл хангалтгүй байна. Үнэлгээнд балансын үнэ тавьсан нь дутагдалтай. Тооцоолол судалгааг сайтар хийгээгүй. Бид сайтар ярилцах хэрэгтэй.

Хэрэв бид өнөөдөр тус тогтоолыг батлахгүй бол 2020 он хүртэл  улсын төсвийг бүрдүүлэх эх үүсвэрт тусгагдсан эх үүсвэрээ яах вэ  гэдэг асуудал урган гарна. Засгийн газар хариуцлагагүй, тоон мэдээлэлгүй тогтоол оруулж ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь хувьчлалын асуудал ч тэр эсвэл том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөнө гэхээр гацаадаг асуудал бий шүү. Хий хоосон хардлага гардаг. Цаашлаад гацаадаг “бүлэглэл” ч бий” хэмээн шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Гишүүд “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. УИХ-ын гишүүдийн зүгээс зөв санал гаргаж байна. Төрд үлдсэн цөөн тооны өмчөө дахин хянаж үзье. Нэг бүрээр нь хэлэлцмээр байна. Үүний дараа тогтоол шийдвэр гаргая.

Тус тогтоолыг буцаах горимын саналыг гаргаж байна” гэсэн санал гарч, багагүй шүүмжлэл дагуулсан ч олонхийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүлсэн юм. Түүнчлэн олон нийтийн анхаарлыг татаж буй нэг зүйл нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн хоёр дугаар зүйлд “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн дээрх заалтуудыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм.

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Үндсэн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт хууль зүйн хувьд шүүх байгуулах шаардлага үүссэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулах юм. Төсөл батлагдсанаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулахад дөрөв шүүгч, дөрвөн  ажилтан нийт найман орон тоотой байх аж. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуугаагүй учир  санал хураалтыг явуулж, олонх нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.