ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэвчээрийн хязгаар тасрах болоогүй байна

O.Admin
2019-11-14

Гунигтай байна. Яагаад вэ, гэж үү. Өглөө нар мандахаас өмнө гэрээсээ гарч өдөржин ажлын төлөө махран зүтгэж, орой нь түгжрэлд хамаг цагаа барсаар унтах цагтайгаа зэрэгцэн гэртээ орж буй олон мянган иргэдийнхээ хичээл зүтгэл бүрт төр нь дандаа “гэнэтийн бэлэг”-ээр хариу барьдаг учраас гунигтай байгаа юм. Улс орныхоо хөгжлийн төлөө нойр хоолгүй зүтгэж, чин сэтгэлээрээ ажилласны чинь хариу гэж төр татвар хэмээн халаасыг нь хоосолж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргээр авдаг цалингаас нь авах татаасаа улам бүр л нэмсээр байх ажээ. Бид яасан ч тэвчээртэй хүмүүс юм бэ дээ. Цалингийн зээл авахын тулд төрдөө даатгал гэж шулуулна. Цалингийн зээл авчихаад хүү нэрээр банкинд шулуулна. Насаараа махран зүтгэж тэтгэвэрт гарчихаад төрд тушаасан мөнгөө ч гүйцэд авч чадахгүй тэнгэрт одно. Тэтгэвэрт гарч чадахгүй үхсэн бол хохь нь гэдэг тогтолцоотой энэ улсад хүүхэд гаргасан ч хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй яваа нь худлаа биш. Нэг хүүхдэд 20000 төгрөг өгөх гэж УИХ-аар хэдэн удаа хэлэлцэж, улстөрчид нь хэчнээн удаа хуулийн төсөл өргөн барьж, попорч буйг та бид харж байна. Насаараа төрд ажилласан хэдхэн ахмадуудынхаа тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэх гэж яаж шоу хийж, сонгуулийн санал авах популист амлалт болгож буйг сонссон ч сонсоогүй мэт аашилж, гар дээшээ харуулвал төрийн минь буян хишиг хэмээн үг дуугүй авчихаад явж байгаа. Автомашин унавал албан татвар авна, автозам ашиглавал ахиад татвар авна, тэр ч байтугай олсон хэдэн төгрөгөөрөө ууж идвэл татвар авна гэх мэтээр авдаг цалингийнхаа талаас илүү хувийг төрд буцаан өгч байгаа атлаа төрөөс буцаагаад ямар үйлчилгээ авсан юм бэ.

Эрүүл мэндийн даатгал төлчихөөд эх орондоо эмчлүүлж, үйлчлүүлж, эх үр хоёр эсэн мэнд амаржиж чадаж байгаа билүү. Ажлын араас махран зүтгэчихээд өвдсөн ч “төрдөө гомдох эрхгүй ээ” хэмээн ард түмнээсээ гуйлга гуйж сууна шүү дээ. Бид яагаад ингэж доромжлуулах ёстой юм бол. Тэвчээрийн хязгаар тасрах болоогүй гэж үү, монголчууд минь. Төр авах ёстой юм, бид өгөх ёстой юм, нэг улстөрчийн дампууруулсан санг өндийлгөхийн тулд нийгмийн даатгал нэрээр дахиад мөнгө төлөх ёстой хэмээн өгсөөр, бас шулуулсаар байх хэрэг үү. Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл дахиад хоёр хувиар нэмэгдэх гэж байна. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй нийт иргэдийн 65 хувь нь 1.000.000 хүртэлх төгрөгийн цалинтай. Улмаар хувиасаа 125.000 төгрөг, байгууллагаас 135.000 төгрөгийг нийгмийн даатгалд төлнө. Үүн дээр 87.500 төгрөгийг ХАОАТ төлөөд гар дээрээ 787.500-ыг авна. /нийт цалингийн 21.3 хувь хасагдана/. Өөрөөр хэлбэл, сая төгрөгийн цалинтай хүн улсад 347.500 төгрөг төлж ажил хийх эрхтэй, нийт цалингийнхаа 21.3 болон ажил олгогчийн шимтгэл 13.5 нийтдээ 34.7 хувийг шимтгэлд зарцуулна гэсэн үг. Харин тэтгэвэр гээд ердөө 600 орчим мянгыг авна. Авах нас хүрвэл шүү дээ. Хүрч чадахгүй бол хохь болоод хоцорно. Гэтэл энэ мөнгийг хэрвээ иргэн өөрийнхөө хадгаламжид жилийн 13 хувийн хүүтэй хуримтлуулсан тохиолдолд 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох аж. Энэ мөнгөөр юу хийж болох вэ.

Манайхаас өөр улс оронд өвгөд буурлууд нь тэтгэвэрт гарахдаа улсад болон хувьд ажиллаж хуримтлуулсан мөнгөө буцаан авчихаад аялж, амарч, зугаалдаг. Австрали улс гэхэд л хувь хүн өөрөө хаана мөнгөө хийхээ шийдэх эрхтэй байдаг гэх. Харин бид хүссэн ч эс хүссэн ч Нийгмийн даатгалд төлнө. Нийгмийн даатгал тэр мөнгийг цаашаа хүүтэй угаадаг уу гэдэгт хэн ч хяналт тавихгүй. Нэг улстөрчийн сонгуульд зориулагдсан уу, нэг намын санхүүжилт болсон уу гэдгийг ч хянах боломжгүй. Ийм замбараагүй тогтолцооны хар гайгаар өдгөө “Капитал” банктай хамт сарнин алга болсон тэтгэврийн даатгалын санг өндийлгөхийн тулд улс нийтээрээ цалингаасаа дахиад шимтгэл нэмж төлөх болж байна. Хэдийгээр, ОУВС-гаас ингэж шахсан гурван жил дараалж нэм гэж шаардсан хэмээн арьсаа хамгаалж байгаа ч шалтгаан юу байсныг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороог ахалж байсан Б.Чойжилсүрэн товч тодорхой хэлчихэв. Нэг улстөрч эмэгтэйн банктай хамт алга болсон Тэтгэврийн даатгалын санг дампуурлаас аврахын тулд ажил хийж, ар гэрийнхээ амьдралыг болгох гэж зүтгэж яваа залуус дахиад цалингаасаа төрд өгөх болов.

Шимтгэл 2018 оны нэгдүгээр сард хоёр хувиар өссөн. 2019 оны нэгдүгээр сараас мөн л нэг хувиар нэмэгдсэн. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдсон билээ. Одоо хоёр хувиар нэмэгдлээ. Нийгмийн даатгалын сан нь ачааллаа дийлэхээ больсны үр дүн ингэж гарах нь тэр. Тухайлбал, 2008 онд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 10 жилийн хугацаанд энэ тоо 410 мянга болтлоо өсчээ. 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй хол­боотойгоор ачааллаа дийлэхээ больсон гэж төр тайл­бар өгөв. Бид ойлголоо гэж хүлээгээд, авчихлаа. Нийг­мийн даатгалын санд жилд дунджаар хоёр их наяд төг­рөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зар­цуулдаг ажээ. Тэгэхээр сангуудаа дампуурлаас ав­рах чин зориг гаргаж, төрийн шийдвэрийг ажил хэрэг бол­­гохын тулд бүсээ илүү чанга бүсэлж, энхрий хайрт төр­дөө аз жаргалтайгаар шулуулахаас өөр аргагүй болов, бид.

Б.Эрхэс