ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч байхыг зөвшөөрөөч гэж Ерөнхийлөгч дээр орж байсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-14

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Х.Болорчулуун: Заавал намын жагсаалт гэдэг үг оруулах гээд байгаа нь хардлага төрүүлээд байгаа юм. 

Г.Тэмүүлэн: Төрийн тогтолцоотой холбоотой заавал орох хоёр өөрчлөлт орж ирээгүй байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцоог оруулах ёстой байсан. Энэ санал яагаад гацчихав. Улс төржихгүйгээр, намчирхахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой байсан. Монголын түүхэнд таван Ерөнхийлөгчтэй байлаа. Тавуулаа муу байгаагүй. Тэгэхээр хүндээ биш тогтолцоондоо асуудал байна гэсэн үг. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байх тогтолцоог оруулж ирэх ёстой юм. Зөвшилцлийн ажлын хэсэг яагаад үүнийг тоосонгүй вэ. Холимог тогтолцоо бол улс төрийн нам цэвэрших, эрүүлжихийн эсрэг тогтолцоо. Монголын нийгмийн тогтолцоонд зохицохгүй. Энд эхний тав аравт бичигдсэн хүн л сонгогдоно. Энэ бол маш буруу тогтолцоо. Долоон сонгуулийн өмнө долоон уаа тогтолцоогоо өөрчилсөн. Энэ хоёр заалтаас бусдыг нь дэмжиж байгаа. 

Л.Оюун-Эрдэнэ: Би Г.Тэмүүлэн гишүүнтэй адилхан байр суурьтай байсан. Зөвшилцлийн ажлын хэсэгт би үүнийг авч үлдэх гэж их хичээсэн. Төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч байхыг хүлээн зөвшөөрч байна Х.Баттулга гээд бичээд өгөөч гэж би Ерөнхийлөгч дээр орж байсан. Ингэвэл та Х.Чойбалсан шиг түүхэн хүн болох байхаа гэсэн. Харамсалтай нь бид хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалтайгаар цаашид 30 жил явах боллоо. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг шиг Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог болох ёстой. Дахиж сонгогдохгүй учраас хууль хяналтын байгууллагад нөлөөлөх нь бага.