ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа: 79 дүгээр сургуулийн удирдлагад хариуцлага тооцно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-20

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон билээ.  Хуралдааны дараа  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаар хөлбөмбөг тоглож байсан хүү амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Яармагийн замд осол гарснаас үүдэж сурагчид элсэлтийн шалгалтнаас хоцорсон асуудлын талаар ч ярьсан юм.

Тэрбээр "Энэ хичээлийн жил улсын хэмжээнд хамгийн олон төгсөгчтэй жил байлаа. Өмнө нь дунджаар 18-21 мянган хүүхэд төгсдөг байсан бол энэ жил 43800 гаруй хүүхэд төгссөн. Тэд 49 шалгалтын төв дээр хуваарилагдаж шалгалтаа өгч байна.  Яамнаас хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Бүртгэлдээ маш сайн хамрагдсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд хохирсон, том гомдол одоохондоо алга.

Гэхдээ Боловсролын үнэлгээний төвд 10 хүүхэд гомдол гаргасан. Тэдний долоо нь шалгалтаасаа хоцорсон. Та бүхэн мэдэж байгаа өчигдөр Яармагийн гүүр дээр томоохон осол болсон. Түүнээс болж зам түгжирч, хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон байна лээ. Харамсалтай нь, хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах хууль, журам одоохондоо байхгүй” хэмээсэн юм.  

Тэгвэл  сургуулийнхаа хашаанд хөлбөмбөг тоглож байсан хүү харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар "Амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлж байна. Хэрэг гарсан даруйд яамны зүгээс ажлын хэсэг томилж, нөхцөл байдалтай танилцсан. Хаалганы нэг босоо төмөр хүүхдийг цохиж, аминд нь хүрсэн байна лээ.  Сургуулийн орчны бүрэн бүтэн байдлыг сургуулийн удирдлага шалгах ёстой. Бүрэн бүтэн бус байсан бол хүүхдийг тоглуулах ёсгүй. 79-р сургуулийн удирдлагад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Хүүгийн ар гэрээс уучлалт гуйх ёстой. Цаашид сургуулийн орчны бүрэн бүтэн байдалд нэгдсэн үнэлгээ хийх цаг болсон. Тиймээс энэ хяналтыг хийж, бүрэн бус сургуулиудын жагсаалтыг гаргана” хэмээлээ.