ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сайн дур уу, бөөн дур уу”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-22

ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын талаарх мэдээлэл өнгөрөгч онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, нийгэмд багагүй дуулиан дэгдээсэн билээ. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, зээлийг төлүүлж, уучлалт гуйлгах хүртэл асуудал хурцадсан ч өнөө хэр нь хэрэг хуучраагүй байна. Хариуцлага хариулт нэхсэн хэвээр байгаа билээ. Яг энэхүү үйл явдалтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд  “Бид уучлахгүй” хөдөлгөөн өрнүүлж, эчнээ танил болсон хүн бол яах аргагүй Б.Мөнхцэлмэг. Харин түүний үйл хэрэг “Сайн дур уу, бөөн дур уу” гэдгийг зөвхөн харах л үлдлээ. Учир нь улс төрийн шийдвэр эсвэл албан тушаалтнуудын хуудуутай үйлдлийг дагасан тэмцэл эцэстэй эрх мэдлээр төгсдөг гэдгийг бид мэднэ.

Цөөхөн монголчуудын цөсийг хөөргөж, жагсаал, тэмцэл өрнүүлж явсаар улс төрийн нам дамжиж эрх мэдэлд хүрсэн эрхмүүд саарал ордноор нэг бий. Үүнийг нэрлээд, тоочоод, тоолоод суух нь илүүц билээ. Манайхан  ч андахгүй. Тиймээс жирийн иргэд болон  бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлсан эсвэл олон сая төгрөгөөр өрөөгөө тохижуулсан хурган дарга нарын асуудлыг нийгэмд ил болгож, хариуцлага нэхэх нь зөв зүйл. Үүнтэй тэмцэхгүй, ил болгохгүйгээр шударга ёс юм уу хариуцлага нэхэх  ямар ч аргагүй. Тэдний талаарх баримт, дансны хуулгыг олон нийтэд ил болгож байж, буруу тогтсон жишигтэй бид тэмцэж чадах юм. Гэвч үг, үйлдэл нь хоёр зөрж, олон нийтэд танигдах улмаар улс төр нам эвсэл дарга нарын хараанд өртөх зорилгоор цуврал “жүжиг” тавьж, үндэсний “баатар” болох гэж байгаа бол бүтэхгүй гэдгийг үеийн нөхөртөө сануулъя. Иймэрхүү тавилттай, найруулгатай, агуулгатай тэмцэл эзнээ өөд нь татахгүй болсныг үеийн нөхөр анзаарсан биз ээ. Олсоор дамжиж дээшээ гарлаа ч нэг их өндөрт хөөрөхгүй газардаад байгааг ч мэдэх байх аа.