ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Байр сууриа нэгтгээд “Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-23

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлагыг өндөржүүлж,  гэрээг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталсан билээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Оюунтолгойн асуудлаар ажлын хэсэг хуралдаад ямар шийдвэр гаргасан бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. УИХ-аас гарсан тогтоолын дагуу Засгийн газраас комисс томилсон. Комиссын анхны хурал өчигдөр боллоо. Саналаа  нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүдийг байгуулсан. Нэн тэргүүнд урд хөршөөс эрчим хүч авч байгааг яаж дотоодын эргэлтэд оруулах уу гэдэг асуудлыг санал болгохоор бэлдэж байна. Татварын маргааны асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу яаж шийдэх вэ гэж ажиллаж байна. 

-Дубайн төлөвлөгөөг цаашид яах вэ?

-Дубайн гэрээ буюу далд уурхайн гэрээтэй холбоотой асуудал шүүхийн шатанд явж байгаа. Хуралдаанаар  энэ асуудлыг дүгнэж ярилцсан. Гэрээг цаашид хэрхэн сайжруулж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. “Рио Тинто” бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна “Туркойз Хилл” болон бусад компаниуд байгаа. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт цаашаа явах ёстой. Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналтай байгаагаа ярисан. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулна. Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ын гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө. Нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийнэ. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн асуудал байгаа. Бид байр сууриа нэгтгээд “Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна.

-ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх үү?

-Одоогоор манай талаас гуравхан ТУЗ-ийн гишүүн байгаа. Цаашид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. 

-Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээнд сууж чадах уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ асуудлыг хоёр сарын хугацаанд шийдэх боломжгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж үүнийг шийдэх ёстой. Маргаан үүсэх бүрт арбитр дээр очих гэрээ байгуулчихсан нь үйл ажиллагаанд нэлээд чөдөр болж байна.