ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Маргааш Ч.Улааныг ирэхээр асуудлыг эцэслэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-23

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хэрэгт хуурамч мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгосон зэрэг гурван том асуудлаар хэрэг үүсгэн шалгаж буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж буй билээ. 

Прокурорын байгууллагаас ирүүлсэн энэхүү санал үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх учиртай Халдашгүй байдлын дэд хороо энэ долоо хоногт хэд, хэдэн удаа хурлаа хойшлуулав. Тус дэд хорооны дарга Ц.Нямдорж ирц бүрдэхгүй байна, асуудлыг хаалттай хэлэлцэнэ, нэг гишүүн ирээгүй учраас ярих боломжгүй гэх мэтээр шалтаг, шалтгаан тоочин хойшлуулсаар байгаа. 

Тус дэд хорооны гишүүн Ч.Улаан албан томилолтоор явж байгаа учраас бичгээр саналаа хүргүүлсэн хэмээн мэдэгдсэн ч “Хуульд бичгээр санал өгнө гэсэн заалт байхгүй” гэх шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан юм. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд ажлын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч мөн л асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх ёстой хэмээн тарцгаажээ. Энэ талаар Дэд хорооны дарга Ц.Нямдорж ярихдаа “Маргааш Ч.Улаан ирчихнэ. Тэгэхээр асуудлыг бөөндөө ярих ёстой гэж үзлээ. Маргааш ер нь асуудлыг эцэслэчих болов уу. Дэд хорооны бүх гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байснаар шийдвэр гарах ёстой юм. Бичгээр санал өгнө гэж байхгүй” хэмээн хариулт өглөө.