ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүслээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын Эдийн засгийн чуулганд оролцож  байгаа билээ. Тэрбээр, өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр ДЭМБ-ын  ерөнхий захирал Терос Адханомтой уулзсан аж. . Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ.

Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирлаас коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэж, агаарын бохирдол, түүнээс улбаатай иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнүй ярилцлаа.