ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Залуу үе

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-30

Монгол Улс дэлхийн 11 оронд Элчин сайдаа томилж, ажиллуулах ёстой. Гэтэл  МАН дотор Элчин сайдуудын томилгооны төлөөх өрсөлдөөн өрнөж, хүчтэй, хүчгүйгээ үзэж байна. Гэхдээ танил тал, ар өврийн хаалгыг илүүд үзэж, харин улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн урагшгүй шийдвэрийг бүдүүн бүлгээс гаргаж байх жишээтэй. Дэлхий нийтэд Монгол Улс яаж харагдах, хэрхэн үнэлэгдэх ямар ч хамаагүй гэдгийг тэдний шийдвэрээс харж болно. Тухайлбал, БНСУ-ын Хандонгийн их сургуулийг олон улсын эрх зүйч, Сөүлийн үндэсний их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, Күүкминий их сургуулийн докторант багшаар ажилладаг Ц.Өнөрзаяа гэх эмэгтэй БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн билээ. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Элчин сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцээд “Мэргэжлийн бус, дипломат албанд ажиллаж байгаагаагүй” гэсэн шалтгаанаар Ц.Өнөрзаяад татгалзсан хариуг өгч байна. Өөрөөр хэлбэл, түүний эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага  олонхийн бүлэгт таалагдсангүй.

Уг нь түүнийг дэмжих, томилох нь Монгол Улсад хэрэгтэй, ашигтай  байлаа. БНСУ-д Монголоос хамгийн олон хүн  сурч, ажиллаж, амьдардаг билээ. Хүний газар амжилтаараа сайрхах, гайхуулах нэгэн байхад асуудал тарьж явах нь ч байдаг байна. Харин энэ бүхэнд халуун сэтгэл гаргаж, хуулийн зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үзүүлж, ажилтай болгох зэргээр үргэлжид тусламжийн гараа сунгадаг нь Ц.Өнөрзаяа аж. Тэр туслалцаагаа ч үзүүлнэ, эргэх холбоогоо ч тогтооно. Гэтэл МАН-аас түүнийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл шиг морь уяж, дуулгавартай даалгавар биелүүлэгч байгаагүйд нь эсэргүүцэв. Түүний мэдлэг боловсрол хэтийдэж, хэлний мэдлэг нь төгсөрсөнд дургүйцэв. Цаашилбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шиг аавтай болоогүйд нь  гадуурхав. Монголд хар тамхи зөөвөрлөдөг, авлига албан тушаалд холбогддог, улсынхаа нүүрийг түлдэг, иргэнийхээ эрх ашгийг хамгаалдаггүй араа боддоггүй өөрийгөө өмгөөлдөг “өрөвдмөөр” Элчин сайдууд хэрэгтэй бололтой. Энэ шаардлагыг хангавал дөрвөн мөчөө өргөөд, дэмжихэд ч бэлэн байна, бүдүүн бүлгийнхэн.