ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тойргийн тандалт: Хан-Уулд шинэ үеийнхэн ширүүн өрсөлдөнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-18

Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 60 хоног буюу хоёр сарын өмнө улс төрийн намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж, УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ зарлах учиртай юм. Тэр ч утгаараа улс төрийн намууд энэ өдрүүдэд хэнтэй эвсэх, хэрхэн оролцохоо шийдэж байгаагаас бус хэнийг аль тойрогт явуулах, хэнээр удирдуулж орох вэ гэдгээ хараахан шийдсэнгүй. Жил бүхэн л хэт хаширлаж тойргийн оноолтоо хожуухан хийдэг Ардын нам энэ удаад ч ажин, түжин амар амгалан байх аж. Намынх нь хураах татварын хэмжээ шүүмжлэл дундуур туучсан гэдгээрээ Ардчилсан нам харин хамгийн түрүүнд шатрын хөлөг дээр бэрс, хүүгээ өрж эхлэв бололтой. Намдаа дэнчин мөнгөний тодорхой хувиа төлсөн хүмүүс нэр дэвших эрхээ өвөртөлчихсөн. Тиймдээ ч хэн хаана өрсөлдөх вэ гэсэн ерөнхий дүр зураг бичигдэж, эхний даваагаа давчихсан хүмүүс ч сэтгэл амгалан тойрог тойглох ажилдаа гарчихаад байгаа гэх. Гэтэл Ардын нам  тойргоо нэгбүрчлэн зурсан ч харандаагаа тас нуучихав. Ухаандаа, хөлөг дээр хэнийг бэрсээр, хэнийг хүүгээр тавихаа эрт зарлах нь тэдэнд ашиггүй. Нэгийг дэвшүүлж, нөгөөг гомдоох нь тодорхой учраас намынхаа Бага хурлыг сонгууль дөхсөн цаг үед хийх тусмаа л ашигтай тусна. Тойроггүй үлдсэн нэг нь гомдож туниад өөр намд очиж наалдах, нам байгуулж давхих, эсвэл бие даахаар жигүүрлэхээс сэргийлэх үүднээс нэр дэвшигчдийг зарлах, баталгаажуулах хурлаа бараг л хуульд заасан хугацаанд дөхүүлэх болов уу гэсэн хүлээлт бий. Харин АН-ынхан ирэх сарын сүүлээр хурлаа зарлах чимээ дуулдаж эхэлсэн бөгөөд нэр бүхий улстөрчдийн сахилгын асуудал, мөн намын даргаа ч хатуухан бангадах яриа гарч эхлэв. Мөн бусад улс төрийн намууд ч эвсэх нь эвсэж, мөнгөтэй нэгний нөмөр нөөлөгт багтах нь багтаж, томчуудын эсрэг тулаанд хэнийг хаана сойх, хэний саналыг хэрхэн хуваах вэ гэдгээ зочид буудлын “VIP” өрөөнүүдэд битүүхэн зураглацгааж байна.

Энэ жил улс төрийн нам бүхэн долоо хэмжиж, нэг огтлохоос өөр аргагүй. Энэ удаа 1-3 суманд танилтай, ах дүүтэй хэн нэгэн сонгогдох боломжгүй болов. Намуудад нэг суудал ч үнэ цэнэтэй учраас нэг намаас өрсөлдөх гурван нэр дэвшигч гурвуулаа л үнэ хүнд, үзэл бодлын хувьд нэгдмэл байх шаардлага үүсч байна. Сонголтын босго өндөр болсон учраас мөнгө тарааж, эс бөгөөс цөөн хэдэн хүний толгойг эргүүлдэг цаг ард хоцорчээ. Тиймээс үзэл бодлын хувь энэ тэнцүүхэн өрсөлдөгч явуулах, эс бөгөөс нохой нь хүртэл андахаа больсон нутгийн ахад танихгүй хэн нэгийг дайх сонголтыг улс төрийн намууд хийх нь тодорхой байгаа юм. “ММ” сонин энэ өдрийн дугаараас эхлэн тойргуудын тандалтыг хийж, хэн аль дүүрэг, аймгийг сонирхож, хэд нь тойргоо сольж, хэн нь шатрын хөлөг дээр бэрс, хүү болж буйг тоймлон хүргэхээр шийдлээ. Энэ бол нэр дэвшигчийн рейтинг тогтоох уралдаан, эсвэл сунгаа биш гэдгийг зориуд онцолъё. Угтаа сонгогчдын боловсролд дэм болох үүднээс магадлалтай хэмээн яригдаж буй тойрог горилогчдын хэн нь хэн болох, хаана ямар боловсрол эзэмшсэн, хэдэн удаа сонгогдсон тухай мэдээллийг урьдчилсан прогноз байдлаар хүргэх юм. Эхний удаа бид нийслэлийн хамгийн “чанартай” дүүрэг хэмээн нэрлэгддэг Хан-Уулыг онцлов. 
Ардын намаас хоёр эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөх үү 

Ийм яриа гараад нэлээд олон сар болж байгаа. Өнгөрөгч сонгуулиар ч МАН-ын зүгээс энэ тойрогт Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны тэргүүнээр ажиллаж байсан С.Оюунбилэг гэх санхүүч мэргэжилтэй эмэгтэйг явуулж байлаа. Тэгэхээр энэ удаад ч хоёр эмэгтэй нэр дэвшигч тойрог тойглож байгаа нь худлаа биш бололтой. 2016 оны сонгуулиар намдаа суудал авчирсан гэдэг утгаараа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ удаа тойргоо солихгүй нь тодорхой юм. Өнгөрсөн хугацаанд Нэхмэлийн шар барилгыг ашиглалтад оруулах, дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэх чиглэлээр хангалттай сайн ажилласан, мөн Эрүүл мэндийн сайдын ажил үүргээ “тултал” хийж чадсан учраас сонгуулиар тойргоо зүгээр ч нэг тавиад өгөхгүй нь тодорхой биз ээ. Тэгээд ч Ардын намд одоогоор Хан-Уулд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бэлтгэгдсэн улстөрч байхгүй учраас залуусын тулаанаас нэг суудал зулгаана гэсэн итгэлээр түүнийг дахиад явуулах нь тодорхой. Харин хоёрдахь эмэгтэй нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа гэсэн яриа гарлаа. Санхүү, эдийн засгийн хувьд чамлахааргүй мэдлэгтэй ч улс төрд тэгтлээ танигдсан нэгэн биш. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Сангийн дэд сайдын албан тушаалыг хашихаас гадна НАМЭХ-ны тэргүүнд өрсөлдөх гэх мэтээр өөрийгөө нийгэмд таниулах талаар чамгүй ажилласан нэгэн билээ. Өрсөлдөгч намаас нь яригдаж буй залуучуудтай адилхан хэмжээнд боловсрол эзэмшсэн. БНХАУ-д боловсрол эзэмшсэн. Түүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тойргоо өгч, өөрөө Эрдэнэт хот руу “урваж” буй тухай яриа улс төрд өрнөөд удаж байна. Мэдээж, “Мишээл экспо” худалдааны төвийн эзэн Б.Энх-Амгалан энэ жил дахин өрсөлдөх нь тодорхой болов. АН-ын хүчтэй өрсөлдөгч нарын байсан Г.Батхүү агсныг өнгөрсөн сонгуулиар “өвдөг шороодуулж” ялалт байгуулсан байлаа. Энэ залуу өнгөрсөн хугацаанд сайн, муугаараа маш хурдан танигдсан юм. Мөнгөтэй, танил талтай гэдгээ ямагт харуулж, Зам тээврийн хөгжлийн сайдын албыг хашиж байна, тэр. 2016 оны сонгуульд харин “битүү морь” байлаа. Г.Батхүү агсантай өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч биш хэмээн олон нийт дүгнэж байсан ч ялалт байгуулж чадсан билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр тойргоо хангалттай усалсан гэх итгэлтэй байгаа учраас залуусыг ялж чадна гэсэн итгэлээр өрсөлдөнө. Тэрбээр, Олон улсын харилцааны сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн бөгөөд 2008 оныг хүртэл хувийн хэвшлийн салбарт ажиллаж байжээ. Харин 2008 оноос хойш НИТХ-аас эхлэн улс төрд шат ахиж, өдгөө Зам тээврийн сайдын албан тушаалыг давхар хашиж байна. 

 

Ардчилсан нам залуусын “арми” илгээнэ

Ардчилсан намд хамгийн “элэгтэй” тойргийн нэг нь Хан-Уул. Өмнө нь энэ тойргоос дандаа АН-аар овоглосон улстөрчид цойлж байжээ. Хүний эрхийн тэмцэгч Ц.Оюунгэрэл, Л.Болд нар дөрөө харшиж явсаар сонгогдож байсан түүх бий. Гэвч, 2016 оны сонгуулиар дөрвөн мандатынхаа гурвыг нь Ардын намд алдаж, ганцхан Л.Болд нь тойргоо хамгаалж үлдсэн. Ингэснээр Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр Д.Сарангэрэл /МАН/, Б.Энх-Амгалан /МАН/, Ц.Нямдорж /МАН, Л.Болд /АН/ нар сонгогдож байлаа. Тухайн үед АН-аас өдгөө ЕТГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Байгальмаа, Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Г.Батхүү агсныг нэр дэвшүүлж байв. Гэсэн ч тойргийн хуваарилалт “бэлэглэл”-ийн зарчмаар буюу Ардын намын хүчтэй өрсөлдөгчийн эсрэг Ардчилсан нам сул өрсөлдөгч тавих байдлаар хийгдсэн. Тэгвэл энэ удаа нэг тойргийн гурван мандатын төлөө хоёр нам хоёулаа л эн тэнцүүхэн, эсвэл хэт хүчтэй өрсөлдөгч илгээж суудал авахын төлөө зүтгэх нь. Ардчилсан намаас 2020 онд шинэ залуу үеийг илгээх сонголт хийх нь. “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр Хан-Уулыг онилсон залуус чамгүй олон байгаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Б.Түвшин, хуульч Б.Ариунболд, Т.Энхсайхан, Хүний эрхийн тэмцэгч Ц.Оюунгэрэл, “Кёкүшюзан” Д.Батбаяр нар өрсөлдөх санаагаа илэрхийлсэн. Угтаа, АН-ын залуус энэ тойрогт багталцах зайгүй шавжээ гэсэн үг. Гэвч эдгээрээс хэн илүү мөнгөтэй, хэн илүү мэдлэгтэй, хэн илүү танигдсан нь өрсөлдөөнд илүүрхэнэ. Урьдчилсан байдлаар дөрвөн нэр дэвшигч хамгийн магадлал өндөр хэмээн нэрлэгдэж буй. Тухайлбал, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Ерөнхийлөгч, Хан-Уул дүүргээс НИТХ-д өрсөлдөн ялалт байгуулсан Б.Түвшин, хуульч Б.Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Д.Бадрал нарын нэр тунаж үлджээ.

Төв аймгаас өрсөлдөж байсан хуульч Т.Энхсайхан энэ удаа Хан-Уулыг онилж, өнгөрсөн хугацаанд Ц.Нямдоржийн эсрэг чамгүй улс төр явуулсан ч энэ удаа эргээд Төв аймагт очих уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Мөн намынхаа шинэ байрны санхүүжилтийг гаргачихсан, Хан-Уулд сургууль, шинэ орон сууц барьчихсан “Кёкүшюзан” Д.Батбаяр ч санаатай гэдгээ илэрхийлжээ. Гэвч АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэтээр асуудал мундахгүй байгаа аж. Үүнээс гадна Б.Бадрал гэх нэр ч сунгаанд өндөр явж байна. Хуульч Б.Ариунболдын тухайд Хан-Уул дүүргийн унаган иргэн. 2008-2012 онд дүүргээсээ НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, мөн НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ. 2013-2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга, өдгөө намынхаа Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн сонгуульт албан тушаалтай нэгэн юм. Тэгэхээр чамлахаар сул өрсөлдөгч биш гэсэн үг. Дүүргийн зовлон жаргалыг уугуул иргэнийхээ хувьд, мөн хамгийн бага шатнаас эхэлж мэддэгийн хувьд улс төрийн намууд дундаа жин дарах өрсөлдөгч байх нь тодорхой байна. Мөн энэ тойрогт өрсөлдөхөөр ярьж буй дараагийн хүн бол Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Бадрал. “Энержи Интэрнэшнл” ХХК-ийн захирал, Түлш эрчим хүчний яамны Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байлаа. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нь анхлан Дорнод аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч талийгаач Г.Батхүү агсны “тойглож” байсан тойрогт өрсөлдөхөөр шийдсэн бололтой. П.Батчимэг нь НИТХ-ын төлөөлөгчөөс гадна “АПУ Трейдинг” ХХК-ийн захирлаар ажилладаг. Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин нь Худалдаа хөгжлийн банкны эдийн засагчаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Монголын томоохон компаниудын санхүү, эдийн засгийн албыг удирдаж байлаа. Төр гэхээс илүү хувийн хэвшлийн салбарт ажиллаж явсан бөгөөд “топ 10 санхүүчийн нэг”-ээр ч шалгарч байжээ. Улмаар 2008 оноос эхлэн улс төрд хөл тавьж, НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байна. 

 

Том намуудын гол өрсөлдөгч нь Л.Болд байх нь 

Улс төрийн бусад хүчнээс энэ тойрогт хэн өрсөлдөх нь одоогоор тодорхой бус байгаа. Тэгвэл, 2016 оны сонгуулиар намдаа нэг суудал “зулгааж” байсан Л.Болд энэ удаа намаа өөрийн хүсэлтээр сольж, шинээр мэндэлсэн “ШИНЭ” намын тамгатай тойрогтоо очих нь ээ. “ШИНЭ” намтай эвсэхээр мэдэгдэл хийсэн бусад 10 улс төрийн хүчнээс цөөнгүй хэд нь Хан-Уулын тойрогт Л.Болдын нөмөр дор нэр дэвших нь тодорхой. Таньдаг нутгийн ахад “дайгдах” сонирхол гэдэг нь угтаа тэр юм. Өөрөөр хэлбэл, Хан-Уулдаа хангалттай танигдсан учраас Л.Болдын нөмөр дор гурван хүн очно оо гэсэн үг. Улстөрчдийн рейтингээр чамгүй өндөрт явсан ч Ж.Батзандантай нийлээд балгаа хутгаж яваа ч түүнд тойргийнхон нь хир халдаах дургүй. Тиймдээ ч хоёр том намын гол өрсөлдөгч нь Л.Болд байх нь мэдээж юм. Ялалт байгуулж чадахгүй юм гэхэд ямартай ч санал хуваах гол өрсөлдөгч болно. Хоёр том намын өрсөлдөгчид дээгүүрээ толхилцож байх зуур симхийгээр нь гүйгээд гарч ирэх чадал ч бас түүнд бийг мартах учиргүй. “ХҮН”-аас энэ тойрогт “MDG” группын захирал Б.Одсүрэн, эдийн засагч Т.Доржханд нар өмнөх сонгуулиар нэр дэвшиж байлаа. Эдгээр залуус одоо ч улс төрд өрсөлдөх сонирхлоо орхиогүй учраас энэ удаад ч тойргоо дахин “услах” магадлал өндөр байна. Мөн МАХН-аас Шадар сайд асан Ц.Оюунбаатар өрсөлдөж байсан бөгөөд одоо ч тэр санаархлаа орхиогүй яваа биз ээ.