ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндэсний үйлдвэрүүдэд 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-20

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж эдийн засгийн хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, коронавирусийн тархалттай холбоотойгоор ноолуурын зах зээлд эрсдэл үүсэхээс сэргийлж, дотоодын үйлдвэрүүдэд 3-5 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.  

Шатахууны үнэ 200 төгрөгөөр буурахыг мэдэгдлээ

Дэлхийн зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн үнэ тасралтгүй унаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ирэх сар гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна гэдгийг ҮҮХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр мэдэгдлээ.

Тэрбээр “Өнгөрөгч лхагва гарагаас эхлэн шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурч байна. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд нийт 200 төгрөгөөр буурна. Оны өмнөх тооцооллоор нефтийн үнэ дэлхийн зах зээлд 64-65 ам.доллар байсан бол одоо 28-22 ам.доллар руу орж байна.

Өнөөдрийн байдлаар түүхий тосны үнэ 22 ам.доллар байгаа бол бүтээгдэхүүний үнэ  26 ам.долларт хүрлээ. Энэ нь дэлхий зах зээл дэх хамгийн доод үнэ юм. Газрын тосны үнийг цаашид буулгах талаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮ-ийн яам АМГТГ-тай хамтран ажиллаж байна” гэсэн юм. Үүнтэй зэрэгцэн зарим иргэдийн зүгээс  “Шатахуун импортлогч компаниуд ижил хугацаанд төлбөр төлдөггүй. Төлдөг байлаа гэхэд гуравдугаар сарын 15-наас өмнө нефтийн үнэ буурчихсан байхад ирэх сарын 1-ний өдөр гэхэд 200 төгрөгөөр буурах ёстой” хэмээн шүүмжиллээ.

Тэгвэл чухам яагаад дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ хэдийн буурчихаад байхад манайд сарын дараа шатахууны үнэ буурч байгаа нь импортоор орж ирэх хугацаатай холбоотой гэлээ.  

Тодруулбал, нефтийн үнэ өсөлттэй бууралттай аль ч үед манай улсад орж ирэхдээ сарын хоцрогдолтой байдаг аж. Өөрөөр хэлбэл, үнэ буурсан шатахуун манай улсад нэг сарын дараа орж ирдэг хэмээн сайд Д.Сумъяабазар тайлбарлав. 
АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ талаар мэдээлэхдээ, “Өнгөрөгч оны мөн үед ам.долларын төгрөгтэй харьцах харьцаа нь 2630 төгрөг байсан бол өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар 2768 төгрөг байна. Тэгэхээр нэг ам.доллар тутамд 120 төгрөгийн зүрүү гарч байгаа юм. Гуравдугаар сарын хил үнээр “Роснефть” компаниас  А-92 бензиний үнэ тонн тутамдаа 58 ам.доллароор буурч орж ирсэн. Ингэснээр шууд литр тутамд 120-130 төгрөгийн бууралт ажиглагдаж байгаа. Ам.долларын ханшийн зөрүү болох 70 төгрөгийн хасалтыг тооцон энэ сарын 18-наас эхлэн А-92 бензинийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулж байгаа юм. Дөрөвдүгээр сарын хилийн үнэ энэ сарын хилийн үнээс тонн тутамдаа 100 орчим ам.доллароор  буурч орж ирэх тооцоолол байгаа. Ингэснээр А-92 автобензин литр тутамд 200 төгрөгөөр буурах юм. Үүнийг дагаад А-80, А-95, А-98, дизель түлшний үнэ буурна” гэв. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнэ буурсан үед шатахууны нөөцөө хангалттай авахын тулд агуулах савуудаа бүрэн ашиглах ёстой гэдгийг онцолсон юм. Тодруулбал, Замын-Үүд боомтод баригдаж байгаа 30 мянган тонны багтаамж бүхий шатахуун агуулахыг яаралтай ашиглалтад оруулж, Рашаантын үйлдвэрийн 100 мянган тонны агуулах болон бусад компаниудад байгаа шатахуун агуулах савуудыг бүрэн ашиглах аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн үеэр 10 хоногийн илүү буюу 40 хоногийн шатахууны нөөцтэй байгаа аж. Энэ нь коронавирусийн тархалттай холбоотойгоор борлуулалт буурсан гэж үзжээ.  

Ноолуурын 50 хувь нь дотооддоо үлдэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан бас нэгэн чухал шийдвэр нь үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудал байв. 

Вирусийн тархалттай холбоотойгоор нөхөн сэргээгддэг алт буюу ноолуурын зах зээлд эрсдэл үүсэх магадлалтай байгаа аж. Энэ жил манай улс 70.9 сая мал тоолуулснаас сүргийн бүтцээс авч үзэхэд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэн нийлүүлэх тооцоолол гарчээ. Энэ талаар авч хэрэгжүүлэх шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэхдээ, “Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой ноолуурын салбарт цаашид эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байгаа. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд цогц арга хэмжээ авах тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Цогц арга хэмжээ гэдэг нь төр, үйлдвэрлэгч, нийлүүлэгч болох малчдын хамтын ажиллагаа гэсэн үг. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа нийлүүлж эхэлнэ. Өнгөрсөн жилийн байдлаар нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо нийлүүлж, бүтээгдэхүүн болгон борлуулсан. Бэлтгэсэн нийт ноолуурын 65 хувь нь экспортод гарсан үзүүлэлттэй байгаа юм.

Цогц арга хэмжээний үр дүнд энэ байдлыг өөрчлөх болсон. Ноолуур бэлтгэлд зориулж үндэсний үйлдвэрлэлд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр энэ жил бэлтгэх нийт ноолуурын 50 хувийг дотооддоо нийлүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгох юм. Хөгжлийн банкнаас олгож байгаа зээлийн хүү өмнөх жилүүдэд 10-12 хувь байсан бол энэ жил дээд тал нь 10 орчим хувь болгох боломжтой гэдгийг Монголбанк танилцуулсан. Харин үндэсний үйлдвэрүүдэд 3-5 хувийн хүүтэй зээл олгох тооцооллыг хийгээд байна.  Дунд нь гарч байгаа хүүгийн зөрүүг төр хариуцна. Тодруулбал 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүг төр хариуцна гэсэн үг” гэлээ. 

Харин үндэсний үйлдвэрүүд хөнгөлөлттэй зээлийг тодорхой хуваарийн дагуу бодлогын гэрээний үндсэн дээр төрийн хяналт, зохицуулалттайгаар авах аж. Мөн төрөөс авч хэрэгжүүлж байгаа дэмжлэгийн хүрээнд ноолуурын кг тутмын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэдгийг Ч.Улаан сайд онцолсон юм.